Улсын Онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.  

Гарсан шийдвэрийн талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтийг үндэслэн коронавируст халдварын оргил үеийн хугацаанд битүү орчинд амны хаалттай үйлчлүүлэх боломжгүй буюу хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг 2021 оны арваннэгдүгээр сарын 1-н хүртэл 22:00 цагаас хойш ажиллуулахгүй байхаар шийдвэрлэлээ" гэв.

Эрүүл мэндийн яамнаас уг саналыг гаргаснаа өмнө мэдэгдэж байв. Ингэснээр халдварын тархалтыг 20 хувиар бууруулах тооцоололтой байгаа юм.

ЭМ-ийн сайд С.Энхболд:

Эрүүл мэндийн салбарын ачаалал таазандаа тулсан байна. Ялангуяа үндсэн тусламж үйлчилгээ болон сувиллын ор нийлээд улсын хэмжээнд 27 мянга гаруй ортой ч өнөөдөр 21700 орон дээр тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Орон нутгийн хэмжээнд 46,9 хувийг ковидод, нийслэлд 50,3 хувийн ор дэлгэж байна. Үүнээс цааш ковидод зориулж ор дэлгэх боломжгүй. Учир нь үндсэн тусламж үйлчилгээ авах шаардлагатай өвчтөнүүдээ авч чадахгүй байдалд хүрнэ. Эдгээр 21600 хүнээс 12 мянга гаруй нь хөнгөн, хүнд хүндэвтэр, маш хүнд хүн нь 10 мянга гаруй нь гэсэн үг. Бусад улстай харьцуулахад манайх маш өндөр хувьтай байна. Жишээ нь АНУ-д идэвхтэй тохиолдол 9800 байхад эмнэлэгт 83 мянган ор, Францад 153 мянган хүн халдвартай байхад 8887 ор дэлгэн ажиллаж байна. Манай улсын халдварын идэвхтэй тохиолдол 88 мянга байхад 21600 ор дэлгэсэн буюу 24,4 хувь буюу хамгийн өндөр хувьтай байгаа нь нас баралтыг бага түвшинд барьж чадаж байна.

Мөн дархлаажуулалт өндөр хувьтай буюу нийт хүн амын 65,4 хувийг вакцинжуулсан, нас баралт олон улсын дунджаас бага буюу буюу  0,4 хувь байна. Тиймээс  цаашид бид ард иргэдийн хамтын ажиллагааны хүчээр халдварыг хумих, даван туулж чадна гэсэн бүрэн итгэлтэй байна. Манай улс хамгийн бага нас баралттай улсын есдүгээрт бичигдэж байна. Эхнийх нь Сингапур улсад 83 мянган тохиолдлоос 73 хүн нас барсан буюу 0,1 хувьтай.

Мөн бид эрэмбэлэн ангилалтыг нарийн зохицуулах тушаал гарсан. Өчигдөр гэхэд нэн хүнд маш эрсдэлтэй, эмнэлэгт хэвтэж чадахгүй 200 хүн байсныг харьяа эмнэлгүүддээ татан авсан. Нэн шаардлагатай өвчтөнүүдээ эмнэлэгтээ татан авах эрэмбэлсэн төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Эхний ээлжид архаг суурь өвчтэй, жирэмсэн, ахмад настай хүмүүсээ авч байгаа юм. Өнөөдрийн байдлаар 288 мянган хүн III тундаа хамрагдаад байна. Өдөрт дунджаар 13 мянган хүн хамрагдаж байна гэсэн үг.

 

ШУУД ҮЗЭХ: