Ц.Идэрбат, Э.Батшугар нар УИХ-ын гишүүнээр сонгогдлоо
2021/10/18
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран: Өнөө өглөө СЕХ хуралдаж УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дүнг нэгтгэж, тус тойргоос хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр батламжилж үнэмлэхийг нь өгөх тогтоолын төслийг баталлаа.
- Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд Ц.Идэрбат нийт сонгогчдын 73.3 хувийн санал буюу 17264 сонгогчийн санал
- Харин СХД-ийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Э.Батшугар нийт сонгогчийн 51.2 хувийн санал буюу 28537 сонгогчийн санал авч УИХ-ийн гишүүнээр сонгогдож байна.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Аравдугаар сарын 16-ны орой санал тоолох төхөөрөмжийн дүнгээ эцэслэн гаргаад, гар тооллогыг журмын дагуу нэн даруй явуулж дуусгасан. Хяналтын гар тооллогыг 148 хэсгийн хороонд явуулж дуусгалаа. Дүнгээ нэтгээд өнөө өглөө СЕХ хуралдаж, УИХ-ын 18, 28 дугаар тойргийн санал хураалтын дүнг үндэслэж, тус хоёр тойрогт УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол гаргалаа.
УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгууль ирц хүрээгүйгээс болж нэмэлт санал хураалт явагдсан. Уг санал хураалтыг өнгөрсөн Бямба гарагт явуулсан. Ирцийн хуульд тийм ч өндөр биш ч гэсэн УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгууль, нэмэлт санал хураалт дууссан.
Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт 17,264 хүний санал авсан Ц.Идэрбатыг УИХ-ын гишүүнээс сонгогдсонд тооцож, тогтоол гаргаж үнэмлэх олгосон. Ц.Идэрбат нийт санал өгсөн сонгогчдын 73.03 хувийн саналыг авсан байна. УИХ-ын 28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар хамгийн олон буюу нийт санал өгсөн сонгогчдын 51.22 хувь, 28,537 сонгогчийн санал авснаар УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэхээ гардаж авсан.
Аравдугаар сарын 10-ны өдөр санал хураалтын үеэр санал гомдол цагдаагийн байгууллага болон СЕХ-нд ирж, холбогдох чиглэлүүдээр шалгагдаж хариу өгөгдсөн. Харин аравдугаар сарын 16-ны өдөр явагдсан нэмэлт санал хураалтын өдөр ямар нэгэн гомдол мэдээлэл ирээгүй" гэлээ.