СЕХ, Тойргийн хороонд хариуцлага тооцъё
2013/04/14
-Хоёр нам сонгуулийг дахивал өөр өөр хүний нэр дэвшүүлж өрсөлдүүлэх боломжийг ч яриад эхэллээ-
Ганц дүүрэгт дахин санал хураалт зохион байгуулж чадахгүй, сонгогч, нэр дэвшигчдийг чирэгдүүлж, улсын мөнгийг үрэн таран хийж байгаа СЕХ-нд хариуцлага тооцох цаг нь болсон юм биш үү. Сонгинохайрхан дүүрэгт болсон дахин санал хураалт хуулийнхаа дагуу бол 22.00 цагт дуусах ёстой атал 20.00 цаг хүртэл гэж зарлачихаад одоо болохоор “Энэ асуудлыг тойргийн хороо шийдвэрлэнэ” гээд хэнэг ч үгүй сууж байх жишээтэй. Хэдий буруу ташаа мэдээлэл өгч, 22.00 цагт дуусгавар болно гэж зарласан ч гэлээ сонгуулийн хугацаа дуусахаас өмнө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр залруулга хийж болох л байсан. Дахин сонгууль эхэллээ гэхэд л 22.00, 20.00 гэсэн цагийн асуудал яригдаж байсан ч СЕХ ямар ч хариуцлагагүй хандсанаар дахин санал хураалтыг дахиж магадгүй болчихлоо. Иргэн хүн энэ удаагийн дахин санал хураалтыг хүчингүйд тооцуулахаар гомдол гаргажээ. Хайран цаг хугацаа, хөрөнгө мөнгө. Бүтэн дөрвөн жил шахам хийх ажилгүй суудаг СЕХ-ныхонд бол зугаатай сайхан л байгаа байх. Харин энэ бүхэнд улсын мөнгө үргүй урсч байна гэдгийг боддоггүй юм болов уу. 2012 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр УИХ-ын даргын захирамжаар гаргасан тогтоолын хоёрдугаар зүйлд “Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41,1 дэх хэсэг, 45 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийн 20,00 цаг гэснийг 22.00 гэж өөрчилсүгэй” гэсэн нь бий. УИХ-аас нэгэнт тогтоол гаргаад баталчихсаныг СЕХ-ныхон, Ч.Содномцэрэн дарга мэдээгүй л гэж битгий хэлээрэй.
Дээрх тогтоолоор бол санал хураалт 22.00 цагт дуусах ёстой байв. Харин 20.00 цагт дуусгаж, ялагчийг бараг л тодруулчихаад байгаа СЕХ-ныхон өдийг хүртэл сонгуулийн нэгдсэн дүнг танилцуулахгүй байгаа нь алдаагаа хүлээн зөвшөөрснийх гэж ойлгож болно биз дээ. Ганц тойргийн байтугай сонгуулийн дүн гарах хугацаа болчихоод байхад шүү. Сонгинохайрхан дүүргийн тойргийн хороо УИХ-ын тогтоолыг зөрчсөн эсэхийг тойргийн хорооны хуралдаанаар шийдвэрлэнэ, дараа нь Сонгуулийн ерөнхий хороо баталгаажуулна. Ингээд тогтоол зөрчсөн гэж үзвэл дахин санал хураалт зохион байгуулах болно. Сонгуулийн тов зарлана. Би мэдэхгүй, чи мэдэхгүй гэсээр байтал энэ удаагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаа талдаа орлоо. Бүрэн бүрэлдэхүүнээрээ болж амжилгүй дараагийн сонгуультай золгож ч мэднэ. Д.Сумъяабазар, Л.Эрхэмбаяр нарын хэн нь ч УИХ-ын гишүүнээр сонгогдож болно. Хэн нь шударга өрсөлдөж, хэн нь хуудуутай загнасныг ард түмэн гэрчлээд өгчихнө. Сонгуулийн ерөнхий хороо нь ганц дүүргийн хэмжээнд сонгууль зохион байгуулчихаж чадахгүй байхад тойргийн хорооныхон нь арга ч үгүй биз. 2012 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт 20.00 цаг хүртэл үргэлжилж байсан. Дараа нь Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, Орон нутгийн сонгуультай хамтатгахын тулд дахин сонгуулийн саналыг 22.00 цаг хүртэл авах шийдвэр гаргаж байсан. Гэтэл журмаа ингэж өөрчилчихөөд тэрийг тойргийн хорооныхон нь ч мэдэхгүй 20.00 цаг гэхэд санал авахаа зогсоож, түүнийг нь СЕХ нь мэдээгүй өнгөрөөчихөж гэнэ. Маш бүдүүлэг, бас хариуцлагагүй явдал. Хэлэх ч үг алга. Дөрөвхөн сарын өмнө болсон орон нутгийн сонгуулийн үеэр хэдэн цаг хүртэл сонгогчдын саналыг авснаа мартчихсан төрийн албан хаагч байна гэхэд итгэмгүй. Энэ мэт үйлдлээс харахад Сонгуулийн ерөнхий хороо Тойргийн хороотойгоо нийлж байгаад Сонгинохайрханы дахин санал хураалтыг хүчингүй болгож дөнгөв бололтой.
26 дугаар тойргийн дахин санал хураалтад МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн Д.Сумъяабазар сонгогчдын 55 хувь нь саналаа өгч, 5200 саналын зөрүүгээр ялалт байгуулсан гэх мэдээлэл худлаа болж таарав бололтой. Уг нь Тойргийн хороо 11.00 цагт хуралдаж Д.Сумъяабазарт УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг нь гардуулж өгнө гэсэн зар тараасан ч 13.30 цаг болчихоод байхад ямар ч сураг ажиггүй байгааг бодоход энэ удаагийн дахин санал хураалтыг хүчингүйд тооцож байгаа юм болов уу. Сонгууль будлиантсан тул хоёр нам дахин санал хураалт явуулах, ингэхдээ өөр хүмүүсийг нэр дэвшүүлэн өрсөлдүүлэх боломжийг хайж эхэлсэн гэх яриа ч дуулдаж байна. Хэрэв сонгууль дахих дээрээ тулбал СЕХ, Тойргийн хороотой хариуцлага тооцсоны дараа л саналаа өгөөрэй сонгогчид минь.
Б.Оюунгэрэл
Зочин · 2013/04/15
garsan zardaliig toluuleh heregtei ard tumnii tatvart ogson mongo sh dee uls ond maani urgui zardal baga bgaasai daa
Зочин · 2013/04/15
СЕХ ажилаа сайн хийгээчээ иргэдийг битий ингэж хуураад байлдаа