Ашигт малтмалын газар /АМГ/-ын дарга асан Д.Батхуяг нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг Нийслэлийн шүүхийн шүүх бүрэлдэхүүн өчигдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд хянан хэлэлцэж, анхан шатны шүүхээс оноосон шийтгэлийг хөнгөрүүлжээ.

Шүүх хурал өглөөний 10.00 цагаас эхэлж, үдшийн 22.30 цаг хүртэл үргэлжилсэн байна. Анхан шатны шүүхээс Ашигт малтмалын газар /АМГ/-ын дарга асан Д.Батхуяг, тус газрын Геологи, уул уурхайн кадастрын дарга Т.Даваацогт, Д.Батхуягийн найз, “Зэлэм” компанийн захирал н.Жаргалсайхан, Н.Бат-Ирээдүй нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн шүүхэд гурван өдрийн турш хэлэлцэж, ял оноосон юм. Анхан шатны шүүхээс Д.Батхуягт 6,6 жил, Т.Даваацогтод зургаа, харин н.Жаргалсайхан, н.Бат-Ирээдүй нар тус тус 5,1 жилийн хорих ял оноогоод байсан юм. Мөн хууль бусаар олгосон 106 лицензийн зөвшөөрлийг хүчингүй болгож, төр мэдэлдээ эргүүлэн авах шийдвэр гаргасан юм. Харин давж заалдах шатны шүүхээс дээрх нэр бүхий хүмүүсийн ялыг тус тусад нь хөнгөрүүлж, Д.Батхуягийн ялыг дөрвөн жил гаруй, бусад гурван хүний ялыг гурван жил гаруй болгож, хөнгөрүүлсэн байна.

Б.Оюу