Өмнөговь аймгийн Засаг дарга, ИХТ тэргүүтэй нөхөд том төслөөс ашиг хонжоо олох гэсэн зүйл гаргавал хатуу тэмцэх болно
2022/01/04
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнгөрөгч долоо хоногт хэлэлцэн баталсан билээ.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутгийн удирдлагуудад хандан хатуухан байр суурь илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “Өмнийн говийг усжуулах "Хөх морь" төслийг энэхүү тогтоолын төсөлд оруулсанд баяртай байна. Өмнөговь аймгийн Цагаан дэл уулын боомтыг нээхийг нутгийн иргэд эсэргүүцэж байгаа. Олон жил энэ асуудал яригдаж байгаа. Өмнөговь аймаг хоёр боомттой. Тэдгээр боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн экспортод гаргадаг. Гурав дахь боомт нээх шаардлага байхгүй. Одоо байгаагаа сайжруулах шаардлагатай гэж нутгийн иргэд үздэг. Үүнээс гадна шинэ боомт нээснээр байгалийн үзэсгэлэнт газар, ховор ан амьтдад сөрөг нөлөө үзүүлэх байдал ажиглагдаж байгаа.
Манай аймагт зүүн талд Оюутолгой, Тавантолгой, баруун талд нь Нарийнсухайтын том орд олборлолт хийж байна. Маш их сөрөг нөлөөлөл өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа. Яг дунд нь шинэ боомт нээхээр ахиад олон том уурхай үйл ажиллагаа явуулахаар болоод байна. Шинэ боомт нээснээр хүн, амьтан, байгальд ямар сөрөг нөлөө үзүүлэхийг судалж үзсэн үү. Мөн эдийн засагт ямар бодит дэмжлэг орж ирэх вэ.
Тойргоос сонгогдсон гишүүний хувиар Шинэ сэргэлтийн бодлого батлах тогтоолын төслөөс Цагаан дэл уулын боомт нээх асуудлыг хасах саналтай байна" гэсэн юм.
Харин үүний хариуд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улсын эдийн засгийн нуруун дээрээ үүрч байгаа өмнийн говийнхондоо Засгийн газрыг төлөөлөн талархал илэрхийлж байна.
Нэг зүйлийг ойлгоосой гэж хүсэж байна. Төмөр замын бүтээн байгуулалт эрчимжих тусам байгаль орчин хамгаалагдана. Дэд бүтэц байхгүй учраас л олон том машин явдаг, тоос татдаг, газар эвдэгддэг асуудал бий болж байгаа юм.
Хоёрдугаарт, байгалийн баялгаа олборлуулж байгаа орон нутаг төр засгаас илүү их дэмжлэг авах ёстой. Энэ бол шударга ёсонд нийцнэ. Тиймээс өмнийн говийг усжуулах асуудлыг одоо батлагдаж байгаа 20 төслөөс нэн тэргүүнд үзэж арга хэмжээ авна.
Нэг зүйлийг онцгойлох хэлэхэд, Монгол Улс бие даасан ханлигаас бүрдсэн улс биш, нэгдмэл удирдлагатай улс. Өмнөговийн удирдлагуудад хандаж хэлэхэд, иргэдийн асуудлыг бид шийдэх ёстой. Харин тэнд байгаа хэдэн том толгойтой дарга нарын том төсөл зогсоох гэсэн улс төрийг хатуу эсэргүүцнэ.
Өмнөговь аймгийн Засаг дарга, Иргэдийн хурлын төлөөлөгч тэргүүтэй хэдэн нөхөд ямар нэгэн байдлаар улс төрийн ашиг хонжоо олох гэсэн зүйл гаргавал Ерөнхий сайдын хувиар хатуу тэмцэх болно.
Төр засаг нэг шийдвэр гаргадаг. Гэтэл орон нутгийн иргэдийн хурал нь өөр шийдвэр гаргадаг. Засаг дарга нь бас нэг шийдвэр гаргаад улс төржөөд байдаг. Хувийн хэвшлийнхнээс ил далдаар авлига авдаг. Цалингаасаа хэд дахин өндөр үнэтэй хаус хотод авчихсан. Ийм нөхдийг цэвэрлэнэ" гэдэг хариулт өглөө.
нэхээс · 2022/01/04
түрүүчийн хэрэг үүд юу болж дууссан бэ? ямарч үр дүнд хүрээгүй бол итгэхэд бэрх. жнь: бат эрдэнийн нүүрсний хулгай...
Зочин · 2022/01/04
40 сая төлөөд л 4 тэрбум тай болохыг хэн ч мөрөөдөнө ш дээ. Энэ бол тогтсон жишиг шийтгэл.
Зочин · 2022/01/04
Авилгалтай хатуу тэмцэх хэрэгтэй. Цэрэглэн хөдөлж Авилгалыг газар дээр нь дарах нь зөв. Хятадаас тусламж авч бүсэлж дарах хэрэгтэй. Зэлтэрийн гацаа хий.