Н.Төгсцогт: Ширүүн тулаан болох хэдий ч ялна гэдэгтээ итгэлтэй байна
2022/01/11
Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп болон ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны 57,2 кг жингийн дэлхийн аварга болж байсан "King Tug" Нямбаярын Төгсцогт 2022 оны нэгдүгээр сарын 22-нд рингэнд дахин гарч, ээлжит тулаанаа хийнэ.
Мэргэжлийн боксын рингэнд 14 тулаан хийн 12 ялж /9 КО/, хоёр ялагдсан амжилттай яваа Н.Төгсцогтын 11 хоногийн дараа болох уг тулаан болон тэр үдшийн тулаануудын талаар спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван цагариг/ АНУ-аас мэдээллээ.
Өнгөрсөн долдугаар сард Төгсөө маань WBA-холбооны 58,9 кг-ийн жингийн Interim champion буюу түр аваргын бүсийг эзэмшигч Крис Колберттой жин өгсөн аваргын бүсийн төлөө тулалдан оноогоор ялагдсан билээ.
Харин энэ удаа Н.Төгсцогтын өрсөлдөгч нь АНУ-ын боксчин , энэ жил 29 настай Виктор "Vicious" Пасильяс байх ажээ. Пасильяс нь өдгөөгөөс 10 жилийн өмнө мэргэжлийн бокст орсон бөгөөд нийтдээ 17 тулаан хийж, 16 ялж /9 КО/, нэг ялагдсан амжилттай боксчин байна.
Пасильяс өнгөрсөн оны нэгдүгээр сард WBA холбооны түр аваргын бүсийн төлөө тулалдан ТКО-оор ялагдсанаас хойш рингэнд гараагүй байгаа.
Харин 2021 онд түр аваргын бүсийн төлөөх тулаанд ялагдсан 2 боксчин ийнхүү тулалдахаар болжээ. Төгсөө жин өгсөн тулалдсан бол Пасильяс доод жиндээ тоглосон. Харин одоо 57,2 кг буюу feather weight-д өрсөлдөнө. Хэн ялсан нь цаашид аварга цол, бүсийн төлөө тулалдахад ойртоно. Тиймээс ч хэн хэнийх нь замналд тун чухал ач холбогдолтой тулаан болох тул үнэхээр сонирхолтой тулаан болох нь гарцаагүй.
Тулааны өмнө тэдний өгсөн сэтгэгдлийг та бүхэнд толилуулж байна.
В.Пасильяс: "Би Төгсцогттой хийх тулаанд бие, сэтгэл, бодлоороо бүрэн бэлэн байна. Рингэнд гармагцаа л гайхалтай тулаан үзүүлэх болно. Би хамгийн сайн тулаануудаа 57,2 кг жинд үзүүлж байсан. Энэ жинд би маш хүчтэйд тооцогдоно. Би яг одоо урьд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр ялалтаар "өлсөж, улам хүчтэй байна" гэсэн бол Н.Төгсцогт: "Сайхан боломж гарч, рингэндээ дахин гарах гэж байгаадаа сэтгэл хөдөлж, баярлаж байна. Эхнээсээ дуустал ширүүн тулаан болно, фэнүүддээ дахин нэг гайхалтай тулаан үзүүлэхийг зорьж байгаа. Тулаан эхлэх анхны хонхны дуунаас л гал гарах бөгөөд харин энэ "дайнд" өөрийгөө ялна гэдэгтээ бүрэн итгэлтэй" байна хэмээн ярьжээ.
Төгсцогт, Пасильяс нарын тулаан Нью Жерси мужийн Атлантик сити хотноо, "Borgata Hotel& Casino , spa" цогцолборт болох бөгөөд энэ үдшийн Co-main event юм.
Энэ үдшийн гол тулаан нь WBC-ийн 57,2 кг-ийн дэлхийн аварга Гэри Рассель /31 ялалт, 1 ялагдал/ болон Филиппиний Марк Магсайо /23-0/ нарын хооронд болно. Г.Рассель манай Төгсцогттой 2020 оны 2 дугаар сард тулалдан аваргын бүсээ хамгаалснаас хойш ганц ч тулаан хийгээгүй байгаа билээ.
Мөн энэ үдэш домогт аварга Эвандер Холифилдын хүү Эван Холифилд /8-0/ Крис Роллинстой рингэнд Гэри Рассель, "King Tug" нарын өмнө тулалдах аж.
Тулааныг Америкийн SHOWTIME тв суваг шууд дамжуулан үзүүлэх бөгөөд энэ тулааны үдшийн тасалбарыг ticketmaster.com -аас худалдан авах боломжтой юм байна.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг