УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 -2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалтыг тусгасан. Гэвч энэ нь Үндсэн хууль зөрчсөн гэж УИХ-ын гишүүн Н.Ганибал, Т.Доржханд, Ш.Адьшаа, хуульч Д.Үүрцайх нар Үндсэн хуулийн цэцэд хандаад байна. Та дээрх асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

Монгол Ардын нам 2012 - 2016 онд сөрөг хүчин байхдаа УИХ-ын гишүүд нь сайдын алба давхар хашихыг эсэргүүцэж, хэд хэдэн удаа жагсаал зохион байгуулж байсан. “Давхар дээл”-ийг хүчтэй эсэргүүцсэн. Энэ асуудлаар хүчтэй пропаганда явсан учраас 2016 оны УИХ-ын сонгуульд ч нөлөөлсөн. Тиймээс 2016 онд МАН олонх болж гарч ирээд “давхар дээл”- ийг тайлах ёстой гэж ярилцаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ерөнхий сайдаас гадна дөрвөн гишүүн УИХ-аас сайдад томилогдохоор зохицуулалтыг тусгасан. Харамсалтай нь, өнөөдөр МАН-ынхан эрх мэдэлдээ хөтлөгдөөд, УИХ дахь МАН-ын гишүүд нь сайд болох амбицтай байгаа учраас ийм өөрчлөлт оруулах сонирхолтой байна. Үүнд нь манай намын гишүүд оролцож байгаад нь харамсаж байгаа. Ер нь УИХ-аас сайд томилохоор мэргэжлийн бус сайд нар очдог. УИХ-ын гаднаас томилогдсон сайд нар асуудлаа УИХ-д танилцуулж, байр сууриа бат хамгаалж, асуудлаа авч гарахад хүндрэлтэй байдаг байж магадгүй. Гэхдээ урт хугацаандаа бол мэргэжлийн сайдтай байх нь зөв. УИХ-ын гишүүдийн сайд болох амбицаас болоод буцааж өөрчлөлт оруулах гэж байгаа нь маш буруу.

УИХ дахь МАН-ын гишүүдийн захиалгаар дээрх хүмүүс Үндсэн хуулийн цэцэд хандсан гэж та үзэж байна уу?

-Захиалгатай эсэхийг нь мэдэхгүй. Гэхдээ энэ нь МАН-ын асуудал. Бид мэргэжлийн хүнээр яамдыг удирдуулахыг шаардана. Иргэд ч тэгж хүсэж байгаа. “Давхар дээл”-гүй сайдтай Засгийн газар байгуулах юм байна гэж ард түмэн ойлгож, МАН-ыг сонгосон. Гэтэл УИХ-ын гишүүд сайд болох гэж асуудлыг тавьж байгаа нь зохисгүй байна.

-Та Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсан. Хуулийн зарим заалт нь иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хааж байгаа гэж үзэж байгаа юм байна. Хуулийн өөрчлөлтийн талаар тодруулахгүй юу?

-2017 онд Зөрчлийн тухай хууль батлагдсан. Хуульд “гүтгэх” гэдэг заалт оруулж, хүмүүсийг үзэл бодлоо илэрхийлсний төлөө торгодог байдал руу орсон. Тиймээс 2020 оны нэгдүгээр сарын 10-нд Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулж, “гүтгэх” заалтыг авч хаясан. Үг хэлэх эрх, эрх чөлөө илүү нээлттэй боллоо гэж харж байсан ч, УИХ-аас 2019 онд шинэчлэн найруулж баталсан Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 -д “өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах” гэж тусгаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар иргэний хүлээх үүргийг хуульчилсан. Улмаар дээрх хуулийн өөрчлөлтийн дагуу Зөрчлийн тухай хуульд “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол 100 мянган төгрөгөөр торгоно” гэж томъёолсон. Ингэснээр хууль тогтоогчийн зүгээс иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө, хардах эрхийг баталгаатай хангах үзэл баримтлал үгүйсгэгдэж хардах эрхээ эдэлсэн иргэнийг Зөрчлийн тухай хуулиар торгож шийтгэх байдал хэвээр үлдсэн. Эдгээр заалт хэрэгжсэнээр зөвхөн цагдаа болон тагнуул зөрчлийн хэрэг нээж, өөрсдөө торгоод явах заалтыг бий болгож, хууль батлагдсанаас хойш 600 орчим хүнийг торгосон байна. Зөвхөн энэ зүйл, заалтаар 2020 онд 335 хэрэг шийдвэрлэхдээ 292 хүнийг, 64 хуулийн этгээд торгож шийдвэрлэсэн бол 2021 оны 11 сарын байдлаар 368 хэрэг шийдвэрлэсний 317 нь хувь хүнийг, 15 хуулийн этгээдийг холбогдуулан торгож шийтгэсэн байна. Хүн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хуулиар олж авдаггүй, олон нийтийн итгэл хүндэтгэлээр олж авдаг. Гэтэл эрх мэдэл, албан тушаалаар олж авсан нэр хүндийг хуулиар хамгаалахыг оролдох нь жам ёсны зүйл биш бөгөөд иргэний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг иргэний хуулиар, гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн, илт худал мэдээлэл тараасан тохиолдолд эрүүгийн хуулиар тус тус хамгаалсан. Гэтэл хүний нэр төр, алдар хүндийг зөрчлийн хуулиар хамгаалж, цагдаагийн албан тушаалтан хэн нэгний нэр төр, алдар хүндэд халдсан эсэхийг шалган тогтоож, төрийн албадлага хэрэглэх шийдвэр гаргаж байгаа нь зөвхөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д заасан “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх” эрхийг хууль бусаар хязгаарлаад зогсохгүй шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биечлэн оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах зэрэг олон үндсэн эрхийг хязгаарласан хууль болсон байна. Үзэл бодлоо илэрхийлэх эрх хүн бүхэнд байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн тэр хүний эрхийг зөрчиж байгаа учраас үзэл бодлоо илэрхийлж байгаа. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хаах нь бусад зөрчлийг чимээгүй болгох, нийгэмд хүргэхгүй байх аюулыг бий болгож байна. Ард түмний бухимдал дотроо бугшаад байвал ямар үр дүнд хүрдгийг Казахстаны үйл явдлаас харлаа. Тиймээс Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1 дэх заалтын “...өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах” гэснийг хасахаар хуулийн төсөл боловсруулсан. 

-Хуулийн төсөл батлагдсанаар хууль эрх зүйн хувьд сөрөг үр дагавар гарах юм биш биз?

 -Бусдын нэр хүндэд халдах гэсэн зүйлийг нээлээ гэж ярьж магадгүй. Энэ асуудлыг Иргэний, Эрүүгийн хуулиар шийдэх боломжтой. Хэрэв албан тушаалтан өөрийг нь гүтгэсэн гэж үзвэл эрүүгийн хуулиар шийдүүлэх боломжтой. Ийм тогтолцоо байхад Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд оруулах нь буруу. Энэ заалтыг авч хаях ёстой. Хуулийн төсөл батлагдсанаар төсвөөс нэмэлт зардал шаардагдахгүй бөгөөд үзэл бодлоо илэрхийлсэн иргэний эрх чөлөөг зүй бусаар хязгаарлах явдал таслан зогсоогдоно. Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд үндэслэлгүйгээр халдсан үйлдэлд хариуцлага хүлээлгэх хууль зүйн орчинд ямар нэгэн хийдэл үүсэхгүй. Нэр төр, алдар, ажил хэргийн нэр хүнд нь зөрчигдсөн гэж үзэх иргэн, хуулийн этгээдийн эрх ашиг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлээр хамгаалагдаж тэдэнд учирсан гэм хорыг 497, 511-р зүйлд заасан журмаар арилгах боломжтой хэвээр үлдэнэ. Түүнчлэн хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээлэл тараасан этгээдэд Эрүүгийн хуулийн 13.14 зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой. Улстөрчид нэг зүйлийг ойлгох ёстой. Хэрэв улс төрөөр явж байгаа л бол гүтгэх, доромжлуулах гэдэг зүйл байнга уяатай байна. Манай улс төрийн өндөр албан тушаалд явсан олон хүн сэтгүүлч, иргэдийг шүүхэд өгч байгаагүй. Харин зарим УИХ-ын гишүүд, сайд нар сэтгүүлч, иргэдийн эрхийг хаах үйлдэл их гаргаж байна. Тиймээс улстөрч хүн улс төрийн замыг туулна гээд сонгосон бол ялангуяа сэтгүүлч нарыг шүүхэд өгөх эрх байхгүй гэж үзэж байна. Би хэзээ ч сэтгүүлчдийг шүүхэд өгөхгүй гэдгээ амласан. 

Үзэл бодлоо илэрхийлэх эрх хүн бүхэнд байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн тэр хүний эрхийг зөрчиж байгаа учраас үзэл бодлоо илэрхийлж байгаа. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хаах нь бусад зөрчлийг чимээгүй болгох, нийгэмд хүргэхгүй байх аюулыг бий болгож байна. Ард түмний бухимдал дотроо бугшаад байвал ямар үр дүнд хүрдгийг Казахстаны үйл явдлаас харлаа.

 

-Та намын бүлгийн хуралдаа сууж байгаа юу?

-Би хэд хэдэн удаагийн хуралд суугаагүй. АН-ын УИХ дахь гишүүдийн олонх нь бүлгийн даргыг бүлгээ удирдаж чадахгүй байна гэж үзээд огцруулах шийдвэр гаргасан. Түүнтэй холбоотойгоор бүлгийн гишүүд хуралдаа суухгүй байгаа. Гэхдээ одоо ингэж удаан маргаан үүсгэлгүй, асуудлаас зугталгүй бүлгийн хуралдаа суугаад маргаанаа шийдэх хэрэгтэй байна.

-АН-ын дотоод маргаан шийдэгдэхгүй удлаа. Улсын Дээд шүүх намын Онц их хурал, намын даргыг сонгосон шийдвэрийг хуульд нийцээгүй гээд үзчихлээ. Цаашид хэрхэх вэ?

-Маргалдагч хоёр тал нийлээд нэг ажлын хэсэг гаргаад Их хурлаа хуралдуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Ийм байр сууринаас хандаж намын зарим гишүүний хамт “Эв нэгдэлтэй АН” 100 мянган гишүүнээр гарын үсэг зуруулах аяныг эхлүүлсэн юм. Маргалдаж буй хоёр тал асуудлаа өөр нэг нам, эсвэл Улсын Дээд шүүх рүү буруугаа чихэж байгаа нь зохисгүй. Өөрсдөө асуудлаа дотроо ярилцаж, ажлын хэсэг гаргаад, нэг хурал зохион байгуулаад шийдэх ёстой. УДШ нэг л шаардлага тавьж байгаа. Нэг хүнийг даргаар сонгоод, нэг албан бичгээр хүсэлтээ ирүүлэх шаардлага тавьж байгаа. Өөрсдөөсөө асуудлаа хайя. “Эв нэгдэлтэй АН” 100 мянган гишүүнээр гарын үсэг зуруулах аяныг дэмжээд, хамтраад нэг хурлаа зохион байгуулчихвал ямар ч асуудалгүй.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН