Өнгөрсөн ням гаригт болох байсан "Жем интернейшнл" группийн нэрэмжит харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан эхлэхийн даваан дээрээ тарав.

Өдрийн 12:00 цагт эхлэх ёстой байсан барилдаан бүтэн гурван цаг саатаж олон мянган үзэгчдийг чилээгээд эцэст нь нэгийн давааны эхний дүйзийн бөхчүүд гарч ирэх үед барилдааны талбайд 20-иод бөх дээлтэйгээ гарч ирж хаалт хийж зогссоноор МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав барилдааныг арга буюу цуцалж байгаагаа мэдэгдэв. Ийм наадам гэж байх уу даа. Нэг мэдэхнээ бөхийн ордны их танхим эзгүйрч бөхчүүд зодог шуудгаа уур ундуутай тайлж, үзэгчид нь сэтгэлд нь өргөс ургасан мэт бухимдалтайгаар гарч яваа дүр зураг ёстой л гутамшиг мэт санагдав.

 

Яагаад ийм байдал болов гэвэл уржнангийн наадмын дараа допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсон өнөөгийн даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдавга нар зодоглохоор гарч ирэх үед энэ өдөр барилдахаар бүртгүүлсэн бөхчүүдийн 80 орчим хувь допингтой бөхтэй барилдахгүй гэж эсэргүүцэл үзүүлэн суулт хийсний улмаас тийм явдал гарсан юм. Уг нь Улсын баяр наадмыг зохион байгуулах хороо тухайн үед асуудлыг авч үзэж хэлэлцээд тэдний барилдах эрхийг 11 сар хасах шийдвэрт хүрсэн. Энэ нь зарлагдсан. Тэгээд бараг хоёр жил шахам тэд барилдаагүй ээ. Энэ нь оноосон шийтгэлийг бүрэн дүүрэн эдэлсэн гэсэн үг юм. Тиймээс Н.Батсуурь нарын буруу бишээ. Нөгөө талаар Улсын баяр наадам зохион байгуулах хорооны шийдвэрт заасан хугацаа дууссан тул МҮБХ барилдах эрхийг нь сэргээсэн нь бас буруу биш л дээ. Нэгэнт оноосон шийтгэлийг нь эдэлсэн өөрөөр ямар нэг зэм байхгүй болохоор албан бичгээр барилдахыг зөвшөөрсөн байгаа юм.

Зарим нөхөд үүнийг МҮБХ-ны ажил үйлтэй холбон үзэх аястай. Тэгвэл тийм биш. Ц.Магалжав тэргүүтэй МҮБХ шинэчлэгдэж өөрийн гэсэн дүрэм, журамтай болохоос өмнө нэр бүхий бөхчүүд тийм асуудалд холбогдсон шүү дээ.

 

 

Харин сүүлийн 20 гаруй жил допингтой холбогдсон бөхчүүдэд харилцан адилгүй арга хэмжээ авч алаг цоог ялгаатай шийтгэл ногдулж ирсний гай өнөөдөр иймд хүргэж байгаа юм. Энэ сарын сүүлчээр хэд хэдэн барилдаан зарлагдсан ч цуцлагдав бололтой. Бөхчүүдийн жилийн өнгийг тодорхойлдог цагаан сарын барилдаан харин яах бол. Сэтгэл зовоох юм энэ л дээ.

 

 

Төрийн шинжтэй баяр гэдэг болохоор Н.Батсуурь аварга, Р.Пүрэвдагва арслан нар барилдахаар ирж л таарна. Үүний өмнөх Шинэ  Үндсэн хуулийн өдрийн барилдаанаас тэднийг мөн л хассан. Уг нь ямар ч барилдааныг чимж байдаг бөхчүүд шүү дээ. Үзэгчид тэдний барилдааныг үгүйлж байгаа. Гэтэл бусад бөхчүүд тэдэнд ялгаатай шийтгэл оноосныг эсэргүүцэж улмаар нэмэлт шийтгэл өгөх маягаар (тийм эрх зүйн үндэс байхгүй л дээ) дахиад нэг барилдаан дээр саяных шиг юм болбол зөвхөн бөхийн нэр хүнд сааралтах төдий биш Монгол Улс Үндэсний бөхөө сөнөөж гэнэ гэж яригдахад хүрэх аюул бий. Ерөөс нэгийг тодхон хэлэхэд Монгол үндэсний бөх, морь гэх төрөлд улстөрчид гар бие оролцох болсон нь туйлын буруу гэж болно.

Иймд Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо нөхөн тэмдэглэх баяр наадмын өмнө бөхийн хүрээний асуудлыг яаралтай цэгцэлж авах учиртай. Н.Батсуурь нарын барилдах эрх сэргэсэн эсэхэд гагцхүү шүүхийн шийдвэр хэрэгтэй юм. Улсын баяр наадам зохион байгуулах хороо, бөхийн салбар комисс юугаар ч тус болохгүй бизээ.  Бас нэгийг хэлэхэд Ц.Магалжав тэргүүний хэлж байгаагаар аварга Х.Баянмөнх, А.Сүхбат, О.Балжинням нар МҮБХ-ны ажилд ил, далд аргаар нөлөөлөх оролдлого хийж байгаагаа зогсоомоор байна гэсэн үгийг дамжуулчихья. Бөхийн буян хишгийг зөндөө хүртэж өндөр цолыг нь авлаа. Иймд үндэсний өв соёл бөхийнхөө цаашдын хөгжлийн замд битгий саад болооч гэсэн үгийг тэдэнд хэлэхэд илүүдэхгүй л болов уу.

 

 

Д.Надмид

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин