2021 оны сүүлийн сард, одоогоос ердөө ганцхан сарын өмнө Оюу толгойтой холбоотой мэдээлэл оволзож байв. Одоо харин нам жим болжээ. 2021 оны арванхоёрдугаар сарын 13-нд “Рио Тинто”, “Туркойз Хилл” компаниас Ерөнхий сайдын нэр дээр захидал ирүүлсэн. Түүгээр өнөөдрийн нөхцөлд Монголын талд ашигтай гэж болохоор таван санал бичсэн байв.

Захидалд “...Оюу толгой төслийн Засгийн Газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй, улмаар “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн 34 хувь эзэмшлийн үнэ цэн нэмэгдэж, ногдол ашиг авах хугацаа наашлах;

ДУББСТ болон “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г цуцалж дуусгавар болгох;

Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахыг зөвшөөрөх;

Гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж "Эрдэнэс Оюу толгой"  ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх;

“Оюу толгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах байдлаар гүний уурхайн төслийн хяналтыг сайжруулах арга хэмжээ авч холбогдох зардлыг харилцан тохиролцсон нөхцөлийн дагуу “Оюу толгой” ХХК төлөх;

Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах;

 

 

Төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн юм.

 

 

Үүнээс манайхан 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэсэнд ихэд баярласан. Учир нь, Оюу толгойн 2010 оны анхны ТЭЗҮ-ийг 2015 онд шинэчилсэн. Энэ дагуу далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө гарч ирсэн. Үүнд тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайд очиж гарын үсэг зурсан. Түүнээс хойш “Дубайн гэрээ” гэх болсон. Уг нь далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэдэг Ч.Сайханбилэгийн сэдэл нь зөв байв. Харамсалтай нь Оюу толгойн ТЭЗҮ-ийн санхүүгийн нарийвчилсан тооцооллоос Монгол Улс 2051 он хүртэл ногдол ашиг авахгүйгээр зогсохгүй 22 тэрбум ам.долларын өртэй үлдэхээр болсон зэргээр таагүй үр дүнтэй дууссан. Тиймээс сая тэр өр тэглэгдсэнд монголчууд нийтээрээ л алга ташиж байгаа хэрэг.

Гэхдээ хөрөнгө оруулагчдын дээрх таван санал дундах өр тэглэснээс дутуугүй сайн мэдээ бий. Тэр нь далд уурхайн бүтээн байгуулалт эхлэх “чимээ” байлаа.

Тиймээс Монгол Улс он солигдохын өмнөхөн “Рио Тинто”, “Туркойз Хилл”-ээс ирүүлсэн энэ таатай таван саналыг хүлээж авсан. Эдгээрийг УИХ-аар хэлэлцүүлэн УИХ-ын чуулганы 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны нэгдсэн хуралдаанаар, “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” тогтоолыг батлав.

 

Тэгвэл “Оюу толгой” ХХК, хөрөнгө оруулагч тал ямар байр суурьтай байна вэ?

“Оюу толгой” ХХК-ийн зүгээс энэ сарын 21-нд “...Далд уурхайн төслийн талаар COVID19 цар тахлын хязгаарлалтууд нөлөөлж буй хэдий ч огтлох малталтыг эхлүүлэхэд техникийн болон үйл ажиллагааны талаас бэлэн болсон. Уурхайн талбар дээрх орон байрны зохицуулалт, ажиллах хүчний түвшин өнгөрсөн улиралд сайжирсан буюу төлөвлөгөөт шаардагдах түвшний 60-70 хувьд хүрсэн. 2021 оны арванхоёрдугаар сарын төгсгөлийн байдлаар төсөлд цар тахлын нэмэлт хязгаарлалттай холбоотойгоор 175 сая ам.долларын нэмэлт зардал үүссэн. Далд уурхайн олборлолтын чухал хэсэг болох налуу амыг үндсэн уурхайтай холбох ажлыг гүйцэтгэж, материал тээвэрлэх нэгдүгээр системийн барилгын ажлыг амжилттай дуусгасан. Ойрын хэдэн долоо хоногт багтаан Улсын комисс хүлээн авна гэсэн тооцоололтой байна” гэж мэдээллээ. Мөн “...Агааржуулалтын хойд амын нэвтрэлтийг аравдугаар сард эхэлж, газрын гадаргаас доош 148 метрийн нэвтрэлт хийжээ. Агааржуулалтын урд амын нэвтрэлтийн бэлэн байдлыг хангах ажил үргэлжилж байгаа. Нэвтрэлтийн тоормосны системийн нэгт гарсан төлөвлөөгүй засварын ажлаас үүдсэн саатлыг үл харгалзан бэлтгэл ажлыг 2022 оны нэгдүгээр улиралд дуусгах хүлээлттэй байна. Агааржуулалтын урд, хойд амын ашиглалтад орох хугацаа өнөөг хүртэл мэдэгдэж буй COVID19 цар тахлын нөлөөллөөс үүдэн есөн сараар хойшлохоор байна” гэв.

 

Түүнчлэн “...”Рио Тинто”-гийн мэдээлснээр хувь нийлүүлэгчдийн хэлэлцээр бүтээлч хэлбэрээр, эерэг үр дүн гарган урагшилж байна. Оролцогч талууд төслийг урагшлуулах, хэлэлцэж буй асуудлуудад урт хугацааны шийдлийг олохыг эрмэлзэж байна” хэмээн дамжууллаа.

Үүнээс гадна 2021 оны арванхоёрдугаар сард нөөцийн тодотгол тайланг холбогдох хууль, журмын хүрээнд бүртгэж, 2022 оны уулын ажлын төлөвлөгөөг хүлээн авсан. Шинэчилсэн ТЭЗҮ (OTFS20)-ийг Засгийн газрын холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

 

 

COVID19 цар тахлын нөлөөлөл, огтлох малталтын техникийн бус шалгуур үзүүлэлтийг хангах зэргээс огтлох малталтыг эхлүүлэх хугацаа хамаарна. Тиймээс далд уурхайн анхны тогтвортой үйлдвэрлэл 2023 оны нэгдүгээр сараас өмнө эхлэх боломжгүй болж байна. Огтлох малталтыг дуусгах болон цар тахлын хязгаарлалтын хугацаа тодорхой болж байж цаашид төслийн нэгдсэн төсөвт үзүүлэх нөлөөг бүрэн тооцоолох боломжтой болно.

 

 

 

Далд уурхайн олборлолтыг эхлүүлэхийн тулд хийх ёстой нэлээд ажил бий. Тухайлбал, далд уурхайн төслийн санхүүжилтийг 6.75 тэрбум ам.доллар болгохыг батлах, тухайн санхүүжилтийн төлөвлөгөөг батлах болон Оюу толгойн уурхайг урт хугацааны, найдвартай дотоодын эрчим хүчээр хангах шийдлийг олох хүртэл одоо байгаа эрчим хүчний гэрээг сунгах ажил багтана. Төслийн суурь тайлангийн нарийвчилсан тооцооллыг “Рио Тинто”-ийн ТУЗ, “Туркойз Хилл” дэмжсэн. Одоо “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн зөвшөөрлийг хүлээж байгаа юм байна.

Үүнээс үзэхэд, манай талын 12 жил хүлээсэн Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын тухайд “нохойн дуу ойртож” буй бололтой. Гэхдээ энэ Засгийн газар хөрөнгө оруулагчидтай тийм хэмжээнд ойлголцолд хүрч, бүтээн байгуулалтыг эхлүүлж чадах уу гэдэг эргэлзээ судлаач, ажиглагчдын дунд байсаар байна. Товчхондоо, энэ нь хөрөнгө оруулагчдын илээр тооцоолж буй COVID19-ийн нөлөөллөөс гадна Монголын Засгийн газарт хэр зэрэг итгэж байгаагаас шалтгаалах юм байна.

 

 

Ер нь бол Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын байр суурь ахиж дахиад өөрчлөгдөх үү, аль эсвэл энэ хэвээрээ үргэлжлэх үү гэсэн “ац”-тай эргэлзээ хөрөнгө оруулагчдад бий. Тэгэхээр “Рио Тинто”, “Туркойз Хилл” энэ тал дээр сайтар бодох нь ойлгомжтой. “Оюу толгой” ХХК-иар дамжин ирж буй мэдээллээс ч ингэж ойлгож болохоор байгаа юм.

 

 

 

Харин манайхны тухайд он солигдохын өмнө хөрөнгө оруулагчдын саналыг УИХ-ын тогтоол болгоод авчихсан. Тэгээд л сууцгааж байна. “Оюу Толгойн өр “тэг”...” гэчихээд Л.Оюун-Эрдэнэ таг болчихоод байгаа юм. Цаашид яана, юу хийнэ гэж бодож суудаг юм бол доо.

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин