ПАРИСЫН ИХ ДУУЛГА: О.Цэцэнцэнгэл алтан медаль хүртлээ
2022/02/07
Монгол Улсын Үндэсний шигшээ баг, МИАТ компани, "Хилчин" спорт хорооны тамирчин, Олон Улсын хэмжээний мастер О.Цэцэнцэнгэл Парисын Их дуулга тэмцээний +100 кг-ийн жинд түрүүлж, алтан медаль хүртлээ.
Тэрбээр аваргын төлөө Баку-2018 ДАШТ-ий мөнгөн медальт Азербайжаны Ушанги Кокауриг боох мэхээр цэвэр ялснаар Абу Даби-2021 Их дуулгын аварга цолоо Паристай ихэрлүүлэв. Түүнээс өмнө +100 кг-д манай жүдочид Гранд Слам ангилалд түрүүлээгүй байсан бөгөөд О.Цэцэнцэнгэл хоёр дараалан түрүүлж, IJF-ийн мэргэжилтнүүдээс Mongolian Rocket нэрийг зүүгээд байна.
О.Цэцэнцэнгэл хагас шигшээд Францын алдарт бөх Тэди Риньег ялсан бол Будапешт-2021 дэлхийн аваргад түрүүлсэн Японы тамирчин Кокоро Кагэүраг ялж дуулиан тарьсан билээ. Тэрбээр Хэнтий аймгийн харьяат бөгөөд аймгийн арслан цолтой аж. Мөн Улсын начин Батжаргалын Одхүүгийн хүү гэдгээр бөх сонирхогчид гадарлах биз ээ. Бид ийнхүү Парисын Их дуулгад хоёр удаа төрийн дууллаа эгшиглүүлээд байна.