Ерөнхий сайд Оюун Эрдэнэ өвлийн олимпын нээлтэд очиж, Хятадад айлчилжээ. Хамтарсан мэдэгдлээс үзвэл айлчлал амжилттай болж, хоёр орны харилцааны тулгамдсан асуудлуудын талаар санал бодлоо солилцон зарим шийдэлд хүрсэн юм байна гэж ойлгов.

Харин хоёр талын хамтарсан мэдэгдэлд "Монголын тал нэг Хятад ын бодлогыг тууштай баримталж, Тайвань, Хонконг, Шинжаан, Төвөдтэй холбоотой асуудларх хятадын байр суурийг дэмждэгээ дахин нотлов" хэмээсэн нь эрх баригч МАН ард түмэн, олон улсын хамтын нийгэмлэгийн санаа бодлоос гадуур Монгол Улсын гадаад бодлогод ноцтой зарчмын өөрчлөлт УИХ-ынхаа зөвшөөрөлгүй, түүний ар хударгаар оруулж буйг нотоллоо.

 

 

 

Монгол Улс Тайваныг энэ улсын саналыг үл харгалзан хүчээр өөртөө нэгтгэх гэсэн хятадын бодлогыг дэмжиж эхэллээ. Монгол Хонконгод явуулж буй Хятадын харгислал, түүнээс үүдэн иргэд нь олноороо Их Британи болон өрнөдөд дүрвэж буйг дэмждэг юм байна. Монгол Улс Шинжаанд болж буй ёс бус үйлдэл, үй олноор хорьж цагдан, муслимчүүдийг "хүмүүжүүлж" буй хятад аргыг дэмжиж буй юм байна.

Монгол нь Төвдийг хятадчилах харгис ширүүн бодлогыг дэмжиж эхэллээ. Яг үүнтэй төстэй үйл ажиллагаа үсэрсэн цус, тасарсан мах болох Өвөр Монголд олон арван жил өрнөснийг эс тоож, Монгол Улсын Засаг ахан дүүгээсээ шившигтэйгээр урвалаа. НҮБ, гуравдагч хөршүүд Монголыг хараад зэвүүцэж байна. Яагаад гэвэл дээрх асуудлаарх олон улсын хамтын нийгэмлэгийн байр сууринаас Монгол хадууран одож, ардчилал, ардчилсан хэм хэмжээнээс татгалзав. Үүний цаана юу нуугдаж байна вэ? Долигнуур зан гэвэл арай хямдхан байна. 7-8 чингэлэг хилээр нааш нэвтрүүлэх, мянга мянган тонн зэс, алт, нүүрсээ цааш зарахын тулд гэвэл үнэтэй бас гэнэн томоогүй байна. Монгол Улс мөнхийн хөрш их гүрэн Хятадыг ийнхүү долоож долидогнож, мянга мянган жил оршин тогтноно гэвэл даанч хүнд хэцүү байна. Өвөг дээдсийн үлдээсэн толгойны үнэтэй Тусгаар тогтнолоо хамгаалж, Оросоо дагаж, малаа маллаж, өмнөд хилээ хааж амьдарсан ч яадаг юм бэ...

 

Монгол Улсын Засгийн газар зууны түүхэнд хараар үлдэх геополитикын том алдаа гаргав. Огцрох ч багадана.

 

 

ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН Т.ЗАЛАА-УУЛ