Бүрэн эрхийнхээ хугацаанд улс төрийн хүчин албан ёсоор удирдаж байсан цорын ганц Ерөнхийлөгч бол Халтмаагийн Баттулга байлаа.

Тодруулбал тэрээр 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон ч Монголын Жүдо Бөхийн Холбооны Ерөнхийлөгч, Монголын Ардчилсан Холбооны Дарга гэсэн хоёр сонгуульт ажлаа хавсран гүйцэтгэсээр байсан юм. Тэр бүү хэл бүрэн эрхийнхээ хугацаа дуусах хамгийн сүүлийн өдөр өөрийн даргалдаг Монголын Ардчилсан Холбоонд Монгол Улсын Баатар цол олгосон хачирхалтай үйл явдал болсон. Монголын Ардчилсан Холбоо нь албан ёсоор Төрийн Бус Байгууллага гэсэн тодотголтой боловч яах аргагүй Монголын улс төрийн томоохон хүчин. Тэр бүү хэл зарим орон нутаг, анхан шатан дахь хүний нөөц, зохион байгуулалтаараа АН-аас ч давуу гэгддэг.

 

Тэгвэл “Женко” Х.Баттулга хэзээ яаж яваад энэ холбоог удирдах болов оо?

Сонирхолтой нь Х.Баттулгын МоАХ-ы дарга болсон түүх аанай л С.Эрдэнэтэй холбогдох ажээ. УИХ-ын 2004 оны сонгуульд ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болмогцоо “Эх Орон-Ардчилал” эвслийн нэг субьект болох Эх Орон-МАШСН-ын гишүүн байсан Х.Баттулга АН-д элсэхийг хүсэж байв. Гэвч яагаад ч юм бэ? тухайн үеийн АН-ын удирдлагууд буюу Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Р.Гончигдорж, Э.Бат-Үүл нарын хэн нь ч түүнийг АН-д элсүүлэхийг төдийлэн дэмжээгүй байдаг. Харин тухайн үед Нийслэлийн АН-ын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ л ганцхан Х.Баттулгын эл хүслийг дэмжин, өөрийн биеэр АН-ын гишүүний үнэмлэхийг гардуулж, улмаар 2006 онд Монголын Ардчилсан Холбооны даргын ажлаа түүнд хүлээлгэн өгчээ.

 

Үүнээс хойш 16 жилийн турш Х.Баттулга Монголын Ардчилсан Холбооны даргаар ажиллан, холбоогоо АН-ын фракц болгон ашигласан байдаг. Энэ хугацаанд түүнд гишүүд рүүгээ чиглэж хийсэн ажил багагүй ч сүүлийн жилүүдэд МоАХ-ы гишүүд “Женко” Х.Баттулгын дураараа авирлаж, уг холбоог гагцхүү өөрийн өмч мэт загнах болсонд илтэд дургүйцэх болжээ. Ер нь Х.Баттулгаас албан тушаал, орон байр, төрийн одон медаль хүртсэн цөөн хүнийг эс тооцвол МоАХ-ы гишүүдийн дийлэнхи нь даргаа солих нь зөв гэж үзэх болсон байна.Саяхан ил болсон Х.Баттулгын зөвлөх нь тус холбооны байр, газрыг барьцаалж Хөгжлийн Банкнаас их хэмжээний зээл авсан явдал энэ уур амьсгалыг бүр ч хурцатгажээ. Яг ийм үед буюу 2-р сарын 18-нд МҮЭСТО-д Монголын Ардчилсан Холбооны гишүүд, үүсгэн байгуулагчдын Үндэсний Зөвлөгөөн болох гэж байна. Хурлын үр дүн бараг л тодорхой бөгөөд Х.Баттулгыг МоАХ-ы даргаас огцруулж таарна. Харин Х.Баттулга үүнийг хүлээн зөвшөөрөх үү? Эсвэл албан тушаалаа өгөхгүй гэж гүрийн, хоёр хуваагдсан АН-ын  үргэлжлэл болгож, хоёр өөр даргатай МоАХ-г бий болгох уу? гэдэг л сонирхолтой байна.

 

Э.Мягмар

sonin.mn