Аугаа их Монгол буюу ЖДҮ-гээс Хөгжлийн банк, түүнээс ч өмнө...
2022/02/18
Саяхандаа хэдхэн жилийн өмнө ард түмний элч Улсын Их Хурлын сайн эрчүүдийн манлайлсан "ЖДҮ-гийн хэрэг" мандаж, тэрбумаар завшсан тухай хэлтэй болгон ярьж, хөлтэй болгон дээш доош уралдаж, "ээ баба, бузар муухай" л болсон. Гэтэл түүнээс хойш 3-4 он өнгөрөөгүй байтал бүр зуу зуун тэрбумаар "шаадаг" Хөгжлийн банкны хэрэг дэгдлээ.
Монголын хөгжил бас гайхмаар юм аа. Бас л манлай Улсын Их Хурлын эрс толгойлсон байх ажээ. Бас л "баба, бузар муухай" хэрэг гэж нийслэлийн буурийг 300 жил сахьсан хар хэрээнүүд хүртэл ордны арын цэцэрлэгт гуагчин эргэлдэж байна. Монголчууд гэж АУГАА юм аа. Хүннү сүннүгээс эхлээд их гүрнийг эцэг нь байгуулж, хүү нь түүнийг алаад...аугаа их Чингэсийн төр улсыг мандуулж, ертөнцийн талыг засаад...бас түүнээс хойш хүүд нь "явах" хооронд үлдэгсэд нь хоорондоо зуу зуун дамжин алалцаад, Ойрад, Халхаар хуваагдан үзэлцэж, хамаг бүхнээ алдан харийн хоёр гүрний бүрэн мэдэлд шилжсэн нь 1915 оны Хиагтын гэрээгээр тодоос тод нотлогдож, Их Монголын үлдэгдлийг хутга мэсний далайлган дор эрээ цээргүй 3 хэсэгт хувааж, Алтайн хязгаар Орост, Өвөр Монгол Хятадад очив.
Их Чингэс хаанаас үлдсэн хэдхэн эх орончдод дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байлаа. Гээд яахав. Цуст Сталинг азаар дагасанаар хэдэн мянган лам хувраг, ноёд хатадын амь, соёлын их өвөө устгуулан байж БНМАУ-тай үлдэв. Гэхдээ үйл үйлээ, үнээ тугалаа дагадаг гэгчээр сэхээтний "мэхээтний" төөрөгдөл, лоохууз нямбуугийн, бүр сүүлд жаланаажавын олон хэрэг гарч байж, нүгэл бага зэрэг дарагдсан юм.
Гэхдээ илжиг хударгандаа гэгчээр хоосон ядуу БНМАУ-д "социализмын бааз суурь" тавьж, энэ улсыг хөнгөн аж үйлдвэрийн салбартай болгосон нь яах аргагүй үнэн шүү. Хожим цагаан морин жилийн хувьсгалчдын гараар тэр их бүтээн байгуулалт үнс нурам болсон.
Монгол төрийг 44 жил удирдсан Юмжаагийн Цэдэнбалыг 84 онд Оросын далайлтаар Москвад цөлөөд тэгс гээд социализмын өрнүүн байгуулалт, коммунизмын гэгээн мөрөөдөл таг зогссон. Төв, Дорнод Европ, Орост өрнөсөн ардчиллын төлөө, коммунизмын эсрэг тэмцэлд зоригжсон монголын ард түмний хөдөлгөөнийг далимдуулан хэсэг пролетари нөхөд Монголд гарч ирэн ёстой завшин цөлмөв.
Хувьсгалын удирдагчаа хүртэл цааш харуулаад өнөө хүртэл эзэн нь илэрсэнгүй. "Алтан хараацай" гэж өөрсдийгөө нэрлэсэн тэр хөл нүцгэн этгээдүүд 30 жил ард түмэн, ардчиллын нэрээр Засаг төрийг ямар нэг хэмжээнд барихад оролцож, эрх мэдэл, албан тушаалын оргилыг атгаж бас ашиглан, нам дамжсан хуйвалдаанаар тэрбумтнууд болоод зогссонгүй бүр эх орноо худалдаж, хээл хахуулийн үүр уурхай болгоод зогссонгүй зарим нь шоронд орсон нэр зүүж, бусад нь гадаад улсад дүрвэн зугтав. МОНГОЛЧУУД АУГАА ХҮМҮҮС шүү. Ертөнц үүнийг нь хараад харин элгээ хөштөл инээж, стрессээ тайлдаг юм. Бас ч монгол буян дуусахгүй юм даа. Одоо л таслан зогсоох шийдвэртэй алхам хийхгүй бол монгол онигоо Хөгжлийн банкаар дуусахгүй шүү ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХ ЭЭ?! Танд л найдахаас өөр арга чарга үлдэхгүй байна. Яагаад танд найдаж байна гэвэл таны зоримог байдал эр зоригт шүү. Зориг бүү алдаарай "зовлонт тэрбумтнууд" зүсээ нуугаад хүлээж байгаа шүү!
ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН Т.ЗАЛАА-УУЛ
Зочин · 2022/02/18
Ард түмэн минь параламентаа 2 тахимтай болгож төрд төсвийн эзний хяналт тавихгүй бол хүний шунал хэцүү эдийн засгаа сэргээхгүй тамын тогооны үлгэр үргэлжилсээр