Москва найтаачихсан шүү, Монголчуудаа?!
2022/03/02
Манай монголчууд тэр чигээрээ геополитикчид ажээ. Цахим сүлжээ харахаар бахархах сэтгэл ч төрөх шиг...
Зүгээр нэг сарын 700 мянгын цалин аваад машин тэргээр ачаа бараа нааш нь цааш нь болгодог танилыгаа дутуу үнэлж явжээ. Тэр маань “Оросын зөв, Украиныг дуусга” гэж бичээд араас нь аймаар аймаар дүгнэлт бичсэн байна. Бас нэг монгол хэлний багш мэргэжилтэй ч дэлгүүр ажиллуулдаг даруухан найз маань В.Путины шийдвэрт машид уурсчээ. Дэлбэрэх шахсан бололтой. “Путин новш зайлаарай” гэсэн байна. Бүр солиороод улс төрийн бүхэл бүтэн нам хүртэл эсэргүүцэл гаргасан байх юм.
За даа, маниас бусад нь Орос, Украины асуудлаар байр сууриа илэрхийлж, энэхүү үндэсний хэмжээний хэлэлцүүлэгт тоосоо өргөцгөөсөн юм даг уу даа.
Зүй нь бид ингэх илүүц юм. Саваагүй юу саранд яана гэдэг шиг л эд байгаа юм.
Харин энэ дайны дараа Монгол яах вэ гэдгийг бодох ёстой. Бас төрийн түшээдээсээ жирийн иргэд хүртлээ тусгаар тогтнол ямар үнэ цэнэтэй, бас ямар хэврэг болохыг сургамжлан ойлгох учиртай.
Хойд хөршийн “гол дүр”-д нь тоглож буй энэ үйл явдал чухам юу болоод байна вэ гэдгийг бид байтугай дэлхий харж байна. Үйл явдлыг ажиглаж, үнэлж дүгнэх, түүнийгээ илэрхийлэх нь Монгол Улсын иргэний эрх байх л даа. Гэвч, хамгийн гол нь үүний үр дүн Монголд яаж тусах вэ гэдгийг бодох хэрэгтэй юм.
За, ингэхээр бид хэдэн зүйлийг онцолж ажиглах хэрэгтэй юм шиг байна билээ.
Энэ дайн хэний газар нутаг дээр болж байна вэ?
Энэ дайны турхирагч нь хэн бэ?
Энэ дайнд хэн оролцож байна вэ?
Энэ дайнд хэн хохирч үлдэх вэ?
Хариулт нь бараг ил байна.
Харин монголчууд бидний авах ганц л санаа, сургамж энд байна. Юу гэвэл, дарвалзаад, хийрхээд байвал их гүрнүүдийн тоглоомын бай болох эрсдэл манайх шиг улсад тохиодог юм байна шүү гэдгийг ухаарах хэрэгтэй.
Украин бол 40 сая хүн амтай. Манайх дөрөв хүрэхгүй сая хүнтэй. Украин манайхаас хэд дахин том эдийн засагтай. Ер нь аль ч талаас нь бодсон бид одоогоор Украин шиг биш. Тэр утгаараа ийм том гүрнүүдийн зодоон дунд орвол, тэгээд л дуусаа.
Тэгтэл бодит байдал дээр болж байна гэхээр энэ дайн Украины газар нутаг дээр болж байна. Украин руу Оросууд дайрч байна. Украиныг том гүрнүүд турхирч байна. Украин хохирч үлдэнэ.
Өөрөөр хэлбэл, Москвад ганц ч буу дуугарсангүй. Турхираад байгаа гүрнүүд ч амар амгалан байна. Харин украинчууд дайны золиос болж амь насаа алдацгааж байна. Украины өнөөдрийн хохирлыг эдийн засаг гэдэг юм уу, бүтээн байгуулалт талаас нь авч үзэхэд л дор хаяж 10 жилээс нааш сэргэхээргүй гэдгийг ажиглагчид хэлж байна. Гэхдээ энэ нь Орос, Украины дайн хаа хүртэл үргэлжлэхээс шалтгаална. Одоогийн нөхцөл дээр ийм анализ хийгээд байгаа хэрэг.
Нөгөө талаас, ойрын үед Орос, Украин учраа олохгүй бол турхирагч их гүрнүүд зорилгодоо хүрэхийн тулд Украиныг цаашид ч хатгасаар байх болно. Магадгүй, Нобелийн шагнал, “Time” сэтгүүлийн онцлох хүн Украинаас тодрох биз.
Ингэж л угшил нэгтэй Орос, Украиныг эргэж харахгүй болтол хагална. Эцэст нь баруун мэдээж хүссэн ашгаа хүртэнэ. Манай бүс нутагт Хятад дийлдэхээ болино.
Ийм мэдээллийг барууны болоод хойдуулын хэвлэл мэдээллийн агентлагууд түгээж байна. Ерөнхийдөө энд бас мэдээллийн дайн явагдаад байгаа юм. Энэ мэдээллийн дайнд баруун ялж, Оросууд ялагдаж байна.
Манайх гэж үйлтэй улс аж. Урд хөршөөс нь коронавирус гарч, одоо хил нь хаалттай. Арай гэж энд тэндээс вакцин авчирч шахсаар өөрсдийгөө арай гэж аргалтал хойд хөрш дайн дэгдээчих нь тэр.
Одоо маш хүнд үе ирнэ гэж “оригинал” геополитикчид онцолж байна. Анхааруулж байна гэхэд болно. Тэгэхээр засаг удирдаж байгаа нөхдүүд л толгойгоо ажиллуулах хэрэгтэй болж байна.
Тийм учраас юу гэх гээд байна гэхээр Монголчууд маань энэ хийрхлээ даруй зогсоох хэрэгтэй.
“Эмээл хазаарынхаа бүтэн дээр…” гэж үг бий дээ. Тэрэн шиг Орос хүндэрвэл бид ч хүндэрнэ гэдгээ сайтар ухаарах нь дээр байх.
Ер нь тэгээд Москва найтаачихсан шүү, монголчууд аа.
Б.ТУЛГАТ
Зочин · 2022/03/02
унэн унэн бид хэр хэмжээгээ мэдээд учиртайхан байх хэрэгтэй
Зочин · 2022/03/02
бид юусан билээ орос ах нарын дайны энэ сэдвээр их гүрнүүдийн өмнө жаахан ухаалаг хандмаараа АН-ын солиорол өвчнөөр бол архагшиж засал авахаа өнгөрчээ