SOS: Ерөнхий сайдаа, Монголын тамирчдын эрх ашиг, Монгол Улсын нэр хүнд дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна
2022/03/30
Монгол Улс нэгдэн орсон Конвенц болон Копенгагены тунхаглал
Монгол Улс 2005.4.20-нд Сэргээш хэрэглэхийн эсрэг Копенгагены тунхаглалд нэгдэж, 2005.10.19-нд ЮНЕСКО-гийн 33 дугаар чуулганаар Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенцод нэгдэж, 2007.8.16-нд УИХ Монгол Улс нэгдэн орсныг соёрхон баталсан.
Конвенц, Копенгагены тунхаглал, Коде болон Допингийн эсрэг үйл ажиллагаанд Допингийн эсрэг үндэсний байгууллагуудын оролцоо
Конвенц болон Копенгагены тунхаглал, Дэлхийн допингийн эсрэг Коде-д “Үндэсний допингийн эсрэг байгууллагууд” гэсэн нэр томъёо бий. Үүнд МҮОХ, Паралимпийн хороо, Спортын төрийн агентлаг, Спортын холбоод, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага багтдаг. Тусдаа чиг үүрэгтэй. Тухайлбал, Спортын агентлаг буюу БТСУХ нь Конвенцын 2.4 болон Коде-ийн дагуу “Өөрийн эрх мэдлийн хүрээнд спортод оролцож байгаа тамирчин хариуцдаг байгууллагынхаа хувьд тамирчдад сургалт явуулах, Допингийн хяналтын хөтөлбөрт тамирчдаа бүрэн хамруулах, Допингийн зөрчил гаргуулахгүй байх”-ыг голлон хариуцах үүрэгтэй.
Харин Допингийн эсрэг үндэсний байгууллагын тухай Конвенц болон Копенгагены тунхаглал, Дэлхийн допингийн эсрэг Коде-ийн тодорхойлолтод “Улс орон бүрээс допингийн эсрэг дүрмийг батлан хэрэгжүүлэх, дээж авах, дээжийн үр дүнгийн менежмент хийх, үндэсний түвшинд сонсгол явуулах эрх үүрэг бүхий байгууллага” гэжээ.Тодруулбал, Коде-д заасны дагуу WADA нь Допингийн эсрэг үндэсний дүрмийг боловсруулж, БТСУХ ашиглаж, Допингийн эсрэг үндэсний байгууллага хэрэгжүүлэн ажилладаг гэсэн үг.
Допингийн хяналтын хөтөлбөр ба Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага
Конвенц болон Копенгагены тунхаглал, Коде-д заасны дагуу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага нь Допингийн хяналтын бүх үйл ажиллагааг хариуцан, хийж гүйцэтгэнэ. Допингийн хяналтын хөтөлбөр бол Үндэсний байгууллагын үйл ажиллагааны цөм, цогц үйл ажиллагаа. Зөвхөн допингийн шинжилгээ биш, сургалт, судалгаа, урьдчилан сэргийлэх, хууль сурталчлан таниулах өргөн хүрээтэй.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилладаг Допингийн эсрэг үндэсний байгууллага нь мэргэшсэн байгууллага. Монгол Улс ийм мэргэшсэн байгууллагатай болсон 17 жилийн хугацаанд ажил нь сайн явж ирсэн.
Тамирчид дэлхийн тавцанд өрсөлдөх эрхээ, гаргасан амжилтаа баталгаажуулахад ямар нэгэн саад тотгор байгаагүй гэдэг бол мэргэшсэн байгууллага ажлаа мэргэжлийн түвшинд хийж байгаагийн баталгаа.
Тамирчны амжилт допингийн шинжилгээгээр баталгааждаг
Допингийн шинжилгээ нь хяналтын хөтөлбөрийн нэг хэсэг. 2021 онд Үндэсний байгууллага допингийн хяналтын 263 шинжилгээг COVID-19-ийн үед хийх заавар, олон улсын стандартуудын дагуу хийж гүйцэтгэжээ. Үүний 243 нь тэмцээний үеийн шинжилгээ. Тамирчны амжилт допингийн шинжилгээгээр баталгааждаг. Шинжилгээ нь олон талын оролцоотой тогтолцоо. Олон улсын өндөр зэрэглэлийн тамирчдын хяналтыг хэзээ хийлгэж шинжилгээ авахуулах вэ гэдэг нь Олон улсын холбоодын хариуцдаг ажил. Үндэсний байгууллага шинжилгээг зохих журмын дагуу авч, олон улсын итгэмжлэгдсэн лаборатори руу илгээнэ. Харин тэмцээний үеийн шинжилгээ бол ойлгомжтой, тухайн үедээ хийгддэг.
Тамирчин өөрөө хариуцлагаа хүлээнэ
Конвенц болон Копенгагены тунхаглал, Коде-д тамирчин ямар үүрэг хариуцлага хүлээх вэ гэдгийг тодорхой заажээ. Коде-ийн 2.1.1.д “Тамирчин бүр өөрийн биед хориотой бодис ороогүй гэдгийг баталгаажуулах үүрэгтэй. Тамирчин нь өөрийн биед хийсэн шинжилгээгээр илэрсэн аливаа хориотой бодис, түүний метаболит болон маркеруудын төлөө хариуцлага хүлээнэ. Тиймээс энэхүү хуулийн 2.1 хэсэгт заасан допингийн эсрэг дүрэм зөрчсөнийг тогтоохын тулд тамирчны зүгээс санаатай буюу санамсаргүй байдлаар эсвэл мэдсээр байж тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэсэн эсэхийг тодруулах шаардлагагүй” гэжээ. Шинжилгээг WADA-гийн итгэмжлэгдсэн лабораториуд хийнэ. Муу гарвал хүлээлгэх хариуцлагыг Спортын холбоод Коде-д заасны дагуу шийднэ.
У.Хүрэлсүхийн үед Засгийн газар Конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлсэн
ЮНЕСКО-гийн Конвенцод нэгдсэн улс орнууд Конвенцийн XI заалтын дагуу “Үндэсний хэмжээнд сэргээшийн хяналтын хөтөлбөр хэрэгжүүлэх зардлыг улсын төсөвтөө суулгах, ..сэргээшийн эсрэг байгууллагуудыг дэмжих.., сэргээшийн хяналтад гарах зардлыг оруулж байх” үүрэг хүлээдэг.
У.Хүрэлсүх Ерөнхий сайдын үед л Засгийн газар Конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлж, 2019.10.30-ны 391 тоот “Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” тогтоол гаргажээ. Тогтоолд “Спортод допинг хэрэглэхийн эсрэг олон улсын конвенцыг хэрэгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд допингийн эсрэг мэдээлэл, сургалт, сурталчилгаа, судалгаа хийх, урьдчилан сэргийлэх, допингийн хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн шинжилгээ авах, баталгаажуулах, үр дүнг тооцох чиг үүргийг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх” гэж заасан байна. Энэхүү тогтоол нь Монгол Улс Конвенцод нэгдэж орсноос хойшх анх удаа олон улсын өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гавьяатай үйл явдал болсон гэдгийг дурдах нь зүйтэй.
2019 онд спортын асуудал БСШУС-ын яаманд харьяалагдаж байсан учраас яамтай гэрээ байгуулан ажлаа гүйцэтгэж, зардал нь ч төлөгджээ.
БТСУХ үүргээ биелүүлээгүй, 2021, 2022 оны Допингийн хяналтын хөтөлбөрийн зардлыг шилжүүлээгүй
2020 оны сонгуулийн дараа спортын асуудал харьяалсан яамгүй болсон учраас Засгийн газрын гаргах Конвецын хэрэгжилтийг хангах санхүүжилт, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын гүйцэтгэж байгаа допингийн хяналтын хөтөлбөрийн санхүүжилт нь БТСУХ-ны төсөвт тусгагдаж шийдэгдэхээр болсон.
У.Хүрэлсүх Ерөнхий сайдын үед олон улсын жишиг, дотоодын хууль тогтоомжийн дагуу хийж эхэлсэн энэ ажил БТСУХ-ны харьяанд ирээд Сахил хүртээд шал дордов” болжээ. 2020 онд 2021 оных шилжээгүй, 2021 онд 2022 оных ч БТСУХ-ноос допингийн хяналтын хөтөлбөрийн зардал санхүүжилтийг Үндэсний допингийн эсрэг байгууллагад огт шилжүүлэлгүй одоо 2022 оны эхний улирал дууслаа.
Шигшээ баг, тамирчид гэж байхгүй бол спорт хороо, Ц.Шаравжамц гэж дарга байхгүй. Өөрийг нь ажилтай, албатай суулгаж байгаа шигшээгийн тамирчдын хөдөлмөр үнэгүйдэх нь энэ хүнд хамаагүй мэт. Тамирчдын амжилтыг баталгаажуулдаг гол ажил болох допингийн хяналттай холбоотой санхүүжилтийг үндэсний шигшээ багийг хариуцдаг дарга яаж ингэж гацааж чадаж байна аа.
SOS: 2022 онд тамирчдын амжилт баталгаажиж чадахгүйд хүрэх нь
2022 онд Улсын шигшээ багийн тамирчдад төлөвлөгөөт 300 гаруй, тэмцээний үеийн 100 гаруй, нийт 400 гаруй шинжилгээ хийх ёстой. Гэвч агентлаг, түүний удирдлагын хариуцлагагүй байдал, явуургүй бодлого, үйл ажиллагаанаас болж, эцэстээ тамирчдын амжилтыг баталгаажуулах допингийн шинжилгээ цаг хугацаандаа хийх боломжгүйд хүрээд байна.
Спортын агентлаг нь 2021, 2022 оны Допингийн хяналтын зардал, тамирчдын допингийн шинжилгээний төлбөрийг барагдуулаагүйгээс болж Допингийн эсрэг үндэсний байгууллага одоо БНСУ, Швейцар, Герман дахь WADA-гийн итгэмжлэгдсэн лабораториудад тамирчдын допингийн хяналттай холбоотой шинжилгээний зардлын төлбөр, шинжилгээний дагалдах материалуудын төлбөрүүдийг төлж чадаагүй. 100 гаруй мянган ам.долларын өр үүссэн. Үндэсний допингийн эсрэг байгууллагын ажилтнуудын цалин, нийгмийн даатгалаараа бас хохирч байгааг хэлэх ёстой.
Дэлхийд WADA-гийн итгэмжлэгдсэн 10 гаруй лабораторид шинжилгээ хийдэг. Эдний нэгдсэн системд Монголоос сорьц хүлээж авахгүй болох өндөр эрсдэл үүссэнийг гуравдугаар сарын 10-нд болсон Төв Азийн бүсийн допингийн байгууллагын хурал дээр мэдэгдсэн байна. WADA-гийн төлөөлөгч “Улаан шугам битгий давуулаарай” гэж хатуухан сануулжээ. Давчихвал тамирчид уралдаан тэмцээнд оролцож чадахгүй. Тэгэхээр үүний цаана мөнгөө нэхсэн лабораториудын эрх ашиг гэхээсээ илүүтэй Монголын тамирчдын эрх ашиг, Монгол Улсын нэр хүнд дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна.
Хариуцлага нь хяхан хавчиж, хясан боогдуулсан Ц.Шаравжамцаас өөр хэний толгой дээр бууна гэж
Шигшээ багийн 178 тамирчны шинжилгээний төлбөрийг гацаасан спортын агентлагийн дарга нар 2021 онд Токиогоос ирээд бие биеэ магтаад урамшуулаад байсан. Гэтэл Допингийн эсрэг Үндэсний байгууллага ажлын тайлангаа гурван удаа гаргаж өгөхөд хүлээж аваагүй. Хараат бус аудитын дүгнэлт бүхий тайланг нь бас хүлээж аваагүй. Засгийн газрын тогтоолтой, улсын төсөвт тусгасан зардлыг шилжүүлэхгүй он дамнан гацаасан. Өөрсдөө тайланг нь хүлээж авахгүй байж, тайлангаа өгдөггүй гээд худлаа ярьж, бичдэг. Тэгээд үл хамаарах газрууд руу хүсэлт өгч шалгуулдаг гээд яаж ийж байгаад Допингийн эсрэг үндэсний байгууллагын үйл ажилллагааг зогсоох гэж оролдсон байна.
Ингэж явж ирсэн учраас одоо тамирчдын допингийн шинжилгээ авагдах боломжгүй боллоо гэхэд хариуцлага нь Ц.Шаравжамцаас өөр хэний толгой дээр бууна гэж. Цалингүй хоёр жил ажиллаж буй Допингийн эсрэг үндэсний төвийнхнөөс юуг нь авна гэх вэ.
Түүгээр ч барахгүй допингийн зөрчилд холбогдсон тамирчны хүсэлтээр БТСУХ-ноос тодорхойлолт гаргаж, WADA болон бүсийн байгууллага руу явуулахдаа Үндэсний байгууллагаа “хууль хэрэгжүүлдэггүй” гэдэг буруу ташаа мэдээлэл өгч, олон улсад нэр хүндийг нь унагахыг оролдож байгаа гээд дурдвал олон.
Тамирчин О.Гүндэгмаагийн допингийн зөрчлийг Э.Мөнх-Очир олон нийтэд зарлав
МҮОХ-ны чуулганы үеэр Буудлагын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир “Гүндэгмаагийн допингийн асуудлыг олон улсаар шалгуулж байгаа” гэж ярьсан нь хэвлэлүүдэд гарчээ. Бас энэ шинжилгээг авч явуулсан байгууллагыг WADA-гаар шалгуулж байгаа гэх.
О.Гүндэгмаа допингийн зөрчилд холбогдсоныг холбооны ерөнхийлөгч нь албан ёсоор зарлав. БТСУХ Допингийн зөрчилд холбогдсон тамирчин О.Гүндэгмаагийн хүсэлтээр тодорхойлолт гаргаж өгч, Монгол Улсын Засгийн газар допингийн зөрчлийг дэмждэг гэж харагдуулахуйц үйлдлийг баталгаажуулжээ.
Э.Мөнх-Очир буудлагын холбооны ерөнхийлөгч. Тамирчнаа допингийн зөрчилд холбогдуулахгүй байх үүрэгтэй. Хэрвээ зөрчил гарвал холбооны холбогдох хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Гэтэл шинжилгээг авч явуулсан байгууллагаас боллоо гэж олон улс руу бичнэ гэдэг арчаагүй, аргаа ядсан л ажил.
Төв Азийн бүсээс даалгасны дагуу тамирчин О.Гүндэгмаагаас шинжилгээг олон улсын стандартын дагуу авч, Германы итгэмжлэгдсэн лабораторид явуулсан, хориотой бодис илэрсэн тухай үйл явц өрнөж, WADA-гийн дүрмээрээ явж байгаа асуудал аж. Үүнд үндсэн үүргийнхээ дагуу шинжилгээ авч явуулсан байгууллагыг буруутгах нь өөрөө эрүүл асуудал мөн үү.
Э.Мөнх-Очир үхсэн хүнтэй “өрсөлдөв”
Буудлагын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир уржигдар болсон олимпын чуулганаар ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд 12 саналтайгаар ялагджээ. Энэ бол спортынхон түүнийг хэр үнэлж байгааг харуулах баримт. Ингэж ялагдсан чуулганы үеэр Э.Мөнх-Очир “Олимпын хороо 200 саяар допинг шахсан”, “2000 оноос хойшх ажилд нь Төрийн аудит хийлгэсэн чинь Д.Загдсүрэнгээс зөрчил гарсан” гэж баахан сүржин сүржин лайвджээ. МҮОХ-ны 12 дахь ерөнхийлөгч, Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Загдсүрэн жил гаруйн өмнө таалал төгссөн. Спорт, олимпизмын төлөө ухамсарт амьдралаа зориулсан талийгаачийн 20 жилийн ажлыг төрийн аудитаар шалгуулаад зөрчил олсон гэж үхсэн хүн босгож ирээд ялладаг баатар болж шоудах гээд байгаа юм уу. Эсвэл болж байгаа чуулган дээр 10 саналаас цааш гарч чадахгүйгээ мэдээд үг хэлж чадахгүй үхсэн хүн рүү өшиглөж доромжилж хүчтэйгээ харуулах гээд байгаа юм уу гэдгийг сэтгүүлчид ойлгоогүй гэдгээ хэлж байна.
Олимпын наадамд авч байгаа медалийг хүн амын тоотой харьцуулсан үзүүлэлтээр Монгол дэлхийд VII бичигдэж байсан олимпын хос алт, мөнгөн медальтай тэр өдрүүдийг авчрахын тулд Д.Загдсүрэн гэдэг хүн яаж ажилласан нь түүх болон үлджээ. Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний хороо ажиллаж, тухайн цагт нь тамирчдын идэж, уух эдэлж хэрэглэхтэй холбоотой бүх асуудлыг шийдвэрлэж, тамирчид амжилт гаргаж, гавьяа шагналаа аваад, зарим нь насан туршдаа шагнуулахаар болцгоосон гэдгийг өнөөдөр спортынхон, ард түмэн мартаагүй байна. Тэнд зөрчил байгаагүй болоод тамирчдын амжилт баталгаажсан. ОУОХ, WADA-г тэр үед манай аудитаас муу шалгаагүй нь лавтай. Монголчууд эвлэж нэгдэж, амжилт гаргаж чаддаг гэдгийг харуулсан сайхан түүхийг өнөөдөр Э.Мөнх-Очир шоу болгож гутаах гэж оролдож байгаа нь хүн чанар, ёс зүйн талаасаа тун чиг муухай харагдаж байгааг дурдахгүй өнгөрөх аргагүй. Уг нь монгол хүмүүс уг нь талийгаачийн ясыг өндөлзүүлэхийг цээрлэдэг.
Тамирчдын хэрэглэдэг уураг, витамин, ундааг допинг гээд яриад явж байгаа Э.Мөнх-Очирт яаж ч итгэл хүлээлгэх вэ дээ.
Хуульд орсон Конвенц болон Копенгагены тунхаглал, Дэлхийн допингийн эсрэг Коде зөрчсөн заалт
Монгол Улс нэгдэж орсон ЮНЕСКО-гийн Конвенц болон Копенгагены тунхаглал, Дэлхийн допингийн эсрэг Коде зөрчсөн заалт Биеийн тамир спортын тухай хуульд хийсэн нэмэлт, өөрчлөлтөөр орж батлагдсан байдаг. Уг хуулийн хэлэлцүүлэгт БТСУХ нь дэмжсэн.
Хуулийн 21-ийн 3, 4-т “Допингийн эсрэг дүрмийг Засгийн газар баталж мөрдүүлнэ, Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу хэрэгжүүлэх ажлыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион байгуулна” гэж орсон.
БТСУХ нь үндэсний шигшээ багийг бүрдүүлж, тамирчнаа бэлдээд, дүрмээ Засгийн газраар батлуулаад бас допингийн хяналтыг нь өөрөө хийж хэрэгжүүлнэ гэж хуульчлах нь Конвенц болон WADA-гийн дүрэм журамтай шууд зөрчилдөнө. Үүнийг БТСУХ-ны дарга мэдэхгүй гэвэл хүн үнэмших үү. Конвенц болон Копенгагены тунхаглал, Дэлхийн допингийн эсрэг Коде-д “Үндэсний допингийн эсрэг байгууллагуудтай хамтран ажиллана” гэж заасан болохоос, төрийн агентлаг өөрт нь байхгүй үүрэг хариуцлагыг хүлээн, ганцаараа бүгдийг хийнэ гээгүй. Хэрвээ спортын агентлаг ганцаараа бие даан энэ ажлыг хийнэ гэвэл манайх допингийн зөрчилтэй долоо, найман орны тоог нэгээр нэмнэ.
Холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийг хийх тухай Байнгын хорооны албан тоот
Хуулийн 21-ийн 3, 4-д орсон энэ заалт нь Конвенц болон Копенгагены тунхаглал, Коде зөрчиж байгаа талаар Үндэсний допингийн эсрэг байгууллагаас УИХ, Засгийн газарт олон удаа хүсэлт гаргажээ. Хүсэлттэй танилцаад УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц” болон Копенгагены тунхаглал, дэлхийн допингийн эсрэг Коде-ийн хэрэгжилтийг хангах талаар анхааралдаа авч, холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийг намрын чуулганы хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэхийг хүсье” гэсэн албан тоотыг 2020 оны 11 дүгээр сард Засгийн газарт хүргүүлсэн байна. Конвенц болон Копенгагены тунхаглал зөрчигдөж байгааг дотооддоо засаж шийдвэрлэх гэсэн процесс ингэж явагдаж эхэлсэн байна.
Харин БТСУХ эсрэгээрээ Конвенц болон Копенгагены тунхаглал, Коде-тай зөрчилдөж байгаа хуулийн заалтыг хэрэгжүүлэх гэж дотооддоо эрх мэдлээ ашиглан хүч түрж, Допингийн эсрэг үндэсний байгууллагадаа шахалт үзүүлж байгаагийн хамгийн тод жишээ нь шинжилгээний зардлыг төлөөгүй гурав дахь жил рүүгээ орж байгаа явдал. Бас олон улс руу хандан үндэсний байгууллагаа буруутгаж байгаа нь спортын агентлагийн удирдлагууд Конвенц, Коде, хууль тогтоомжуудыг үл хүндэтгэн, дагаж мөрдөхгүй байгаа үйлдлээ бусдад зарлан тунхаглаж байгаа болчимгүй явдал.
Конвенц болон Копенгагены тунхаглал, Коде зөрчсөн заалт хэрэгжүүлэх боломжгүйн учир
Конвенц болон Копенгагены тунхаглал, Коде-той зөрчилдөж байгаа тохиолдолд яах вэ гэдгийг уг нь Биеийн тамир спортын тухай хуулийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж зааж өгсөн байна.
Цаашилбал Үндсэн хуулийн 10.2-т “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.” 10.3-т Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэжээ. Мөн Монгол Улсын Олон улсын гэрээний тухайд “Монгол Улсын Олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол Олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан байна. Эндээс үзэхэд Биеийн тамир спортын тухай хуулийн 21-ийн 3, 4 дэх заалт нь хүчин төгөлдөр хэрэгжих боломжгүйн учир энд байна.
Конвенц, Копенгагены тунхаглал, WADA-гийн Коде, Допингийн эсрэг үндэсний байгууллагын хэрэгжүүлэн мөрдөж байгаа дүрэм нь нээлттэй мэдээлэл
Конвенц болон Копенгагены тунхаглал, Коде-ийн 20.5.2-т ”Энэхүү хууль олон улсын стандартуудад нийцсэн допингийн эсрэг бодлого, дүрэм боловсруулан хэрэгжүүлэх” гэж заасан байна. Энэ үүрэг хариуцлагын хүрээнд WADA-гаар баталгаажсан “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага 2007 оноос өнөөдрийг хүртэл, одоо ч хүчин төгөлдөр хэрэгжүүлэн явж байна. WADA-гийн допингийн эсрэг Коде, Допингийн эсрэг үндэсний байгууллагын дүрэм нь цахим хуудсуудад нь байгаа нээлттэй мэдээлэл.
Допингийн эсрэг үндэсний байгууллага нь WADA-гийн Копенгагены тунхаглал, Коде-ийн хүрээнд жишиг болгон боловсруулсан дүрмийг хүлээн авч, заавар зөвлөмжийн дагуу “Ажлын хэсэг” байгуулан, хуулийн этгээдтэй хамтран дотоодын хууль тогтоомжуудтай зөрчилдөж байгаа заалт байгаа эсэхийг нягтлан үзсэний эцэст, эгүүлэн WADA-гаар баталгаажуулсны дараа допингийн хяналтын хөтөлбөрөө хэрэгжүүлэн ажиллах үүрэг хүлээн түүнийгээ биелүүлж байгаа. Ганц манайд биш дэлхийн 180 гаруй улс оронд үйлчилж байгаа жишиг.
Тийм байхад дүрэмгүй энэ тэр гээд төрийн тамга дарж байгаад “тодорхойлолт” бичнэ гэдэг нь олон улсын байгууллагыг хуурах гэсэн оролдлого уу эсвэл тодорхойлолт өгч тусалж байгаа дүр эсгэсэн үйлдэл үү. Допингийн зөрчлийг өмгөөлөх буюу дэмжвэл яах вэ гэдгийг Конвенц болон Копенгагены тунхаглал, Коде-д заасан. Зөрчилд холбогдсон тамирчинд тодорхойлолт гаргаж өгнө гэдэг нь улсаа допингийн зөрчилд оруулах эрсдэл рүү чирч байгаа үйлдэл болж таарна.
Конвенц болон Копенгагены тунхаглал, WADA-гийн дүрэм журмыг үгүйсгээд Засгийн газраараа дүрэм батлаад түүнийгээ Спортын төрийн агентлагаараа хэрэгжүүлж, хянуулна гэвэл зөрчилд бүртгэгдсэн орнуудтай хамт жагсъя гэсэнтэй л адилхан.
Спорт дахь допингийн эсрэг чуулга уулзалтад Ц.Шаравжамц юу ярив
Ази Номхон далайн бүсийн Засгийн газар хоорондын Спорт дахь допингийн эсрэг чуулга уулзалтад БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц тэргүүтэй төлөөлөгчид оролцоод ирсэн. Энэ бол спортын салбарын чухал үйл явдал.
Допингийн зөрчилд холбогдсон тамирчны хүсэлтээр тодорхойлолт гарган, Спортын агентлагийн зүгээс Үндэсний байгууллагаа хууль хэрэгжүүлдэггүй гэж буруу ташаа мэдээлэл өгч, олон улсын хэмжээнд нэр хүндийг нь унагах гэж үзсэн. Тэгвэл сая Спортын сайд нарын түвшинд Үндэсний байгууллагынхаа тухай, улсынхаа тухай юу ярьж, ямар жүжиг дэглээ бол...
Конвенц, Коде зөрчсөн хуулийн заалтыг хэрэгжүүлэх гэж зүтгэж байгаагаа, санхүүгийн хувьд дэмжих байтугай, Конвенцын заалт, Засгийн газрын тогтоолоор батлагдсан зардал, хийсэн ажлын төлбөрийг нь өгөхгүй байгаагаа яриагүй нь лавтай.
WADA-гийн Үндэсний допингийн эсрэг байгууллага болон бүсийн төвийн хөгжлийн асуудал хариуцсан захирал Том Мэй “Улс орнуудын төрийн байгууллагаас Үндэсний допингийн эсрэг байгууллагатай хамтран ажиллах, хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, санхүүгийн хувьд дэмжин ажиллах түүнчлэн Үндэсний допингийн эсрэг байгууллага нь төрийн байгууллагаа мэдээллээр хангах үүрэгтэй, идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай” гэж хэлснийг өөрөө суугаад сонссон.
Том Мэйн илтгэлийн энэ санааг яаж хэрэгжүүлэх бол...Спортын салбар харьяалсан яамтай байх нь ямар чухал вэ гэдгийг салбарынхан олон талаараа мэдэрч, мэдэж байна. Яамтай болж, зохих түвшинд нь хяналт зохицуулалттай, бодлого нь явдаг голдрилдоо хэзээ нэг эргээд орох бол...
Бөхчүүдийн шинжилгээ бас WADA-гийн стандарт
Үндэсний бөхийн холбоо, бөхчүүд амжилтаа тив, дэлхий, олимпын наадмын жишгээр баталгаажуулдаг, цэвэр шударга өрсөлддөг болох гэж допингийн хяналт хийлгэдэг болж байгаа нь монгол бөхийн хөгжилд дэвшил авчирсан том алхам. Үндэсний баяр наадмын тухай хуулиар допингийн шинжилгээ авна гэсний дагуу шинжилгээ хийдэг байсан бол одоо холбооных нь зүгээс албан хүсэлт гаргаад бусад үед хийдэг болж байна. Энэ нь WADA-гийн стандартын дагуу хийж байгаа.
Шинжилгээний стандарт ч, Допингийн зөрчил илэрвэл хариуцлага ч адилхан WADA-гийн стандартыг дагана. Харин Үндэсний спортын хувьд өөрсдийн холбооны дүрэмдээ Допингийн талаар тусгайлан нэмэлт санал оруулах, хүсэлт гаргаж, заавар зөвлөмж авъя гэвэл Допингийн эсрэг үндэсний байгууллагаар дамжуулан WADA-д хандаж, заавар зөвлөмж авах боломж бас л нээлттэй аж.
SOS: Ерөнхий сайдын сонорт хүргэж, яаралтай шийдэх асуудлууд
Нэгд, БТСУХ-г хүлээсээр байгаад WADA-гаас “Улаан шугам”-ны сануулга авсан энэ үед Ерөнхий сайд Д.Оюун-Эрдэнэ Та онцгой анхаарч, эхний ээлжинд гадаадын лабораториудад хийх төлбөрийн асуудлыг яаралтай шийдэж өгөхгүй бол болохгүй нь ээ. Эс тэгвэл “улаан шугам”-ны сануулга дуусаж дараагийн шатны арга хэмжээ авагдах нь.
Хоёрт, тамирчдаа, улсаа хохирогч болгох гээд байгаа улсын агентлагийн удирдлагуудтай хариуцлага тооцох нь зүй ёсных. Бас хариуцлагагүй нэгнээс хамаарч байгаа ийм эрсдэл дахин гаргахгүйн тулд Биеийн тамир спортын тухай хуулийн Конвенц болон Копенгагены тунхаглал, Дэлхийн допингийн эсрэг Коде-той зөрчилдөж байгаа заалтуудыг зөрчилгүй болгох холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийг яаралтай хийх чухал аж. Эс тэгвэл хуулийн зөрчлийг ашиглан спортын салбарт бүхнийг мэдэгч дарга болох гэсэн зарим албан тушаалтан салбараараа төдийгүй Монгол Улсын нэр хүндийг дэлхийн спортын чухал салбарт шавартай хутгаж дуусгах нь ээ. Хуулийн өөрчлөлтийг хийхгүй бол шинэ Шаравжамц гарч ирээд ч өөрчлөгдөхгүй.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Sportiinhon ni eersdee dotooddoo siiddeg baih hereg!!! · 2022/03/30
Mongolchyyd honhortoo eb negdeltei zohiochbol barab?Ta nart byrhanaas zayasan gazar nytag hynii ariun chanar yos syrtahyyn baisan syy!!eneeder iim teneg bolsonoos bys?odoo byh yumiig chini tor zasag zasah yostoi yu?Byzar tenegyyd ee!!yostoi yarsig l baina gedeg yg taarchee!!!!