Л.Оюун-Эрдэнийн тахлын хүндрэл, дайны хямралыг давах тактик юу байх вэ?
2022/04/04
Л.Оюун-Эрдэнэ цар тахлын ид үед Ерөнхий сайдаар томилогдож байв. Ерөнхий сайд болоод жил гурван сарыг өнгөрөөжээ. Дэлхий дахинд цар тахлын халдвар хумигдчихаагүй байна.
Халдварын тоо 500 саяд дөхжээ. Үүнээс 425 сая орчим хүн эдгэрчээ. Улс орнууд вакцин, хөл хорио, ер нь л цар тахлын эсрэг арга хэмжээг янз бүрээр авсаар байна. Өмнөд хөршид цар тахлын тархалт нэмэгдсээр байгаа мэдээллийг тус улсын хэвлэлүүд өгчээ. Мөн Өмнөд Солонгост халдвар авсан хүний тоо 13 сая давжээ. Тиймээс тус улс халдвар тарааж байгаа гэж үзэж, кафе, зоогийн газруудад нэг удаагийн хуванцар хоолны хэрэгслийг хэрэглэхгүй байх зэргээр том, жижиг арга хэмжээг авсаар байгаа юм. Японд арваад хоногийн өмнө 18 мужийн хорио цээрийг сулруулсан ч халдвар дахиад өсчээ. Энэ нь омикроны дэд хувилбар болох “ВА-2” хурдан тарж байгаагаас болж байгаатай холбоотой гэжээ. Гэхдээ улс орнууд цар тахлын аюулаас вакцин л хамгаална гэдэг дээр санал нэгтэй байгаа юм. Тиймээс вакцинжуулалтад гол анхаарлаа хандуулж буй юм.
Монгол Улсын хувьд цар тахлын эсрэг вакцины нэгдүгээр тунд хүн амын 69.9 хувь, хоёрдугаар тунд 66.8 хувь, гуравдугаар тунд 31.7 хувь, дөрөвдүгээр тунд 3.5 хувь нь хамрагдаад байна. Энэ нь дэлхийн улсуудаас харьцангуй өндөр үзүүлэлт болсон. Тиймээс 2022 оны хоёрдугаар сарын 14-нөөс гамшгийн шар түвшинд шилжиж, хилээ бүрэн нээгээд байгаа юм. Харамсалтай нь хилээ нээгээд 10 хоносны дараа Оросын арми Украин руу дайралт хийж, дэлхий дахин шинэ асуудалтай тулав.
Энэ нь хаяа залган оршдог Монголоос холуур өнгөрнө гэвэл худлаа. Мөнхийн хоёр хөршийн маань сайн, муу бүгд биднийг доргиож байдаг. Жамаараа л болж байна, Дээхнэ, “Москва найтаахад манайд ханиад хүрнэ” гэдэг хэлц өнөөдөр хэвээрээ байгааг Орос, Украины асуудал мэдрүүллээ. Дайралт эхлээд арваад хоносны дараа оросууд ойролцоох улс орнуудаас ам.доллар татаж эхэлсэн.
Монголоос ч татсан. Мөн “Landcruiser-200” автомашин, гар утас “бөөндсөн” талаар бүдэг бадаг мэдээлэл түгсэн. Харин Монголбанк энэ бүхний дараа 3.2 тэрбум ам.доллартай үлдсэн нь он дамнуулан баталгаажуулж чадсан Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхэлсэнтэй холбоотой юм байна лээ. Цаашид ирэх олон хүндрэлээс Оюу толгой аварч гарах найдвар байна гэсэн үг.
Үүнээс гадна цар тахлын нэгэнт сөхрүүлээд байсан дэлхийн эдийн засгийг Орос, Украины асуудал бүр хэвтүүлчихэж магадгүй бололтой. Баруун зүгээс Оросын эсрэг хориг арга хэмжээнүүдийг дараалан авч бойкот хийж буйгаа зарлацгаасан. Мэдээж хэрэг, Орост энэ бүх хориг таатай туссангүй. Гэвч орос хариуд нь “найрсаг бус харилцаа”-тай улс орнуудад байгалийн хийгээ зөвхөн рублиэр худалдах шийдвэр гаргасан. Энэ нь Орост хориг тавьж, Оросыг буруутгаж байсан улс орнуудад бас л томоохон цохилт өгч чадав.
Ер нь бол Оросын сөрөг арга хэмжээнд “найрсаг бус харилцаа”-тай улс орнууд бэлэн биш байжээ. Өдгөө тэдгээр улсад дотоодын эсэргүүцэл, эмх замбараагүй явдал дараалан гарсаар байгаа юм. Ийн ядаж байхад яр гэдэг шиг цар тахалд нухуулчих шахаж байсан хүн төрөлхтөн дахиад шинэ зовлонтой нүүр тулав. Оросыг буруутгасан хандлагыг дэлхийн олонх улс орон үзүүлсэн. 2022 оны гуравдугаар сарын 2-нд НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулган дээр Оросын үйл ажиллагааг эсэргүүцсэн тоггоолд санал хураав. НҮБ- ын гишүүн 193 орон оролцож, 40 нь уг тогтоолыг дэмжжээ. Түдгэлзсэн 38 улсын нэг нь Монгол болов. Ингэж санал өгснийхөө шанд манай улсын Засгийн газар тодорхой хэмжээний шахалт, шаардлага, хоригийг үзэж эхэлсэн байна. Гэхдээ хөрш Оросын тухайд Монгол өөрөөр яах ч аргагүй юм. Засгийн газар ч арваад хоногийн өмнөх хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монголын төр Орос, Украины асуудлаар “нэг цонх”-ны байр суурь илэрхийлнэ. Албан тушаалтнууд, төрийн яам агентлагууд бие даасан бодлого илэрхийлэхийг хориглоно. Энэ асуудлаар зөвхөн ГХЯ байр суурь илэрхийлнэ” гэсэн чиглэлийг өгчээ.
Яг одоогоор дэлхийн эдийн засаг, олон улсын байдал савлачихсан, хэрхэх нь тодорхой бус болоод байна. Дайны нөлөөгөөр үнийн өсөлт, шатахууны хомсдол бий болох нь тодорхой болж байна. Цаашлаад цөөнгүй улс оронл хүнсний хомсдол үүсч мэдэхээр боллоо. Монгол Улс ч хоёр талд маань асуудалтай, хил, боомтууд бараг хаалттай, экспорт сайнгүй, эдийн засгийн эргэлт тааруухан болоод байгаа юм. Тэгэхээр энэ хүнд байдлаас Монгол Улс яаж эсэн мэнд гарах вэ гэдэг хэн бүхний анхаарах ёстой асуудал болоод байна.
Өнөөдөр Монголын хамгийн их эрх мэдэл, үүрэг хариуцлага хуулиараа Ерөнхий сайдын нуруун дээр очсон. Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ямар бодлого, стратеги барих нь Монгол Улсын хувьд чухал.
Ерөнхий сайдын сүүлийн үеийн үйл ажиллагааг харвал, Оросын талтай түлш шатахуун, эрчим хүчийг рублиэр авх своп хэлцэл хийж байгаа юм байна. Ингэж чадвал Монгол Улс түлш шатахуунаас тэрбум ам.доллар, эрчим хүчний худалдаанаас 400 сая орчим ам.доллар хэмнэх аж. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цагаан сарын үеэр Хятадад айлчлах үеэрээ ярьж тохирсон ажлууддаа илүү анхаарал хандаж байгаа нь ажиглагдаж байна. Өөрийн боловсруулсан “Шинэ сэргэлтийн бодлого”-доо гүнзгий хийсэн боомтуудын талаар тодорхой арга хэмжээ авч эхэлсэн. 2022 оны гуравдугаар сарын 10-нд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлсэн. Энэ төмөр зам ирэх аравдугаар сард ашиглалтад орох аж. Ингэснээр Ханги боомтын үр ашиг нэмэгдэнэ. Гашуунсухайт, Замын-Үүд боомтын ачааллыг хуваана. Хятад руу гарах экспорт 65 хувиар нэмэгдэнэ. Бусад боомтуудад ч томоохон бүтээн байгуулалтын ажилт эхэлнэ. Бүтээн байгуулалт гэснээс Хятадад хийсэн айлчлалынхаа үеэр тохирсон бүтээн байгуулалтуудыг ч удахгүй эхлүүлэх бололтой.
Түүнчлэн яг гурван жилийн өмнө төрд авсан “Эрдэнэт үйлдвэр”, хэдхэн хоногийн өмнө төрд эргүүлж авсан “Хөтөл”, дээрээс нь дээр дурдсан Оюу толгойн далд уурхай хөдөлсөн зэрэг ядрах цагт эдийн засгийн ач холбогдлоо өгөх нь дамжиггүй.
Ерөнхий сайдын тухайд цар тахлын үеэр, 2021 оны арваннэгдүгээр сарын 1-нд “Маш түвэгтэй цаг үе юм. Хэн нэгэн хүнийг Ерөнхий сайд болоход цаг хугацаагаа сонго гэдэг бол би хэзээ ч энэ цаг хугацааг сонгохгүй байсан. Үнэнээ хэлье. Монголоос шалтгаалах, шалтгаалахгүй юм байна. Монгол Улс олон удаа сорилтод орж байсан. Гэхдээ тэр үеийн дэлхий дахин зүгээр байсан. Өнөөдөр бид дэлхий дахин, хөгжингүй орнуудтай хамт сорилтод ороод байна. Энэ үеийн бүх Засгийн газар маш азгүй. Гэхдээ юутай ч залуураа алдчихгүй, машинаа хөмөрчихгүй, энэ хүнд нөхцөл дундуур туулаад үүр цайхыг хүлээхээс өөр аргагүй” гэж дуугарч байв. Одоо дайн нэмэгдчихлээ. Тэр юу гэх бол. Ямартай ч Л.Оюун-Эрдэнийн үүрэх цар тахлын хүндрэл дээр дайны хямрал нэмэгдэв. Бас түүний “Цар тахлын Ерөнхий сайд” гэдэг дээр “дайны үеийн” гэсэн “гуншин” ч нэмэгдлээ. Хамгийн гол нь Л.Оюун-Эрдэнийн тахлын хүндрэл, дайны хямралыг давах тактик юу байх вэ гэдэг л сонин байна.
Б.Тулгат
уншигч · 2022/04/04
битгий далим үсэргээд тогны үнэ нэмээд бай чи