Суурь реформын “сураг” дуулдав
2022/04/18
Хямрал нүүрлэжээ. Уг нь Монгол бол байгалийн асар их баялагтай улс. Гурван сая гаруйхан хүнтэй. Ингэтлээ ядрах учир бий гэж үү. Ийм шүүмжлэл бий. Гэхдээ COVID-19 хийгээд Орос Украины зөрчлөөс болоод дэлхийгээрээ хямарсан.
Дэлхийгээс нүүж чадахгүйгээс хойш энэ хямралд их бага хэмжээгээр цохиулах нь тодорхой. Ийм “залруулга” байна.
Ямартай ч гадаад нөхцөл байдал Монголын эдийн засагт шууд нөлөөлж байгаа нь үнэн юм. Саяхнаас улс төрд ч нөлөөлсөн нь анзаарагдаад эхэллээ. Улс төрийн асар өндөр “мэдрэмж”-тэй ард түмний хувьд Монгол энэ сэдвээс болоод сэргэж ч, сөхөрч ч мэднэ. Хаа байсан Орос Украины асуудлаар далайн чанадаас шидсэн бодлого Монголын улс төрд маш идэвхтэй оролцоод эхэлсэн тухай хилийн цаана хүртэл яригдаж байх юм. Ядарсан эдийн засагтай, тэр нь хямралд улам дарлуулчихсан бидэнд ийм улстөржилт бол илүү л дээ. Ер нь бол хямралыг улам дэвэргэж байгаа гол хүчин зүйлүүдийн нэг нь энэ мөнөөс мөн. Гэвч Засгийн газар энэ мэт шалтаг шалтгаан хайгаад байх нь утгагүй. Нэгэнт л тамга атгаж, төр захирч суугаа хямралыг хэрхэн гэтлэх вэ, яаж хохирол бага гаргах вэ гэдгээ бодох ёстой. Угаасаа ийм хямрал нүүрлэхэд улс орнууд хямралаас гарах бодлогыг хоёр түвшинд хийдэг байна.
Эхлээд, хямралыг зөөллөх арга хэмжээ авдаг. Тэр нь нүүрлээд ирсэн хямралын хамгийн доод цэгт “ивээс” хийх буюу дээш өргөх гэж үздэг аж.
Дараа нь хямралын дараа арга хэмжээ авч, хямралын өмнөх үзүүлэлтэд буцааж аваачихыг зорьдог байна. Энэ бол эдийн засгийг сэргээх ажиллагаа гэсэн үг. Тэгвэл Монгол Улсын хувьд энэ мэт онолын дагуу арга хэмжээ авах хэцүү. Үр дүнд хүрэхэд бүр хэцүү. Учир нь 1990-ээд оноос хойш “үндэсний онцлог”-оороо, буруу хөгжчихсөн тогтолцоо үүнтэй санал нийлэхгүй. Үүнд л учир байгаа юм. Тиймээс мөн л тийм "гаж" онцлогтой арга хэмжээ авахаас аргагүй нөхцөл үүссэн гэсэн үг.
COVID-19 гараад жил гаруй болсны дараа Монгол Улс хямралыг яавал хохирол багатай давах вэ гэдэг дээр учир мэдэх хүмүүс байр сууриа хэлж байжээ. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “...Монголбанк бодлогын хүүгээ үе шаттай бууруулсан ч бонд нь хоёр их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, мөнгөний нийлүүлэлтийг тэлэх орон зай хумигдсаар байна. Үүнд Засгийн газрын санаачилга дутаж байна. Бусад улс орны Засгийн газар нь зээлийн батлан даалт хийх арга хэмжээг хэрэгжүүлж байна. Засаг үүнд оролцохгүй учраас арилжааны банкууд эрсдэлээ бодоод зээлээ хумьчихаж байна. Ингээд үр дүнд нь аж ахуйн нэгжүүд бүр л хүнд байдалд орж байна” гэсэн юм.
Эдийн засгийн ухааны доктор Б.Отгонтөгс “...Хямралын үед Засгийн газар иргэдээ вирусийн халдвараас маш сайн сэргийлэх, гадаадаас иргэдээ авчрах, шинжлэх, эмчлэх, татвар, нийгмийн даатгалын төлбөрийн хөнгөлөлт, хөнгөлөлттэй зээл зэргээр бизнесээ дэмжих, УИХ-ын сонгуулийг зардал багатай, эрсдэлгүйгээр зохион байгуулж төрийн үйлчилгээг тасралтгүй хэрэгжүүлэх явдал юм” гэж байв. Тухайн үед Засгийн газар, Монголбанкнаас хүүхдийн мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх, эмзэг өрхүүдэд зориулсан хүнсний талон, НДШ-ийн хугацааг хойшлуулах, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, бодлогын хүүг буруулах, банкны заавал байлгах нөөцийн хэмжээг бууруулах зэрэг арга хэмжээнүүдийг гурван сараас нэг жил хүртэлх хугацаатайгаар авч байв. Гэвч МҮХАҮТ-ын судалгаагаар таагүй үр дүн гарчээ. Тухайлбал, 3500 орчим аж ахуйн нэгж 7645 хүнээ цомхотгосон байна.
Тэгвэл өнгөрсөн баасан гариг /2022.4.15-т/ Засгийн газар хямралын эсрэг, мөн өмнөх долоо хоногт нь Сүхбаатарын талбай дээр жагссан залуусын шаардлагын хүрээнд тодорхой арга хэмжээ авсан талаараа Ерөнхий сайд зарлалаа.
“...Төр хэмнэнэ” гэв
Энэ шийдлийг шүүмжлэгсэд олон байна. Гэхдээ тэдгээр нь голдуу улс төрийн сөрөг хүчнийхэн болон олон нийтийн хэвлэл, цахим сүлжээнд сөрөг байр суурь илэрхийлдэг хүмүүс байгаа юм. Харин хямралыг гэтлэхэд хамгийн түрүүнд “..Төрийн хэмнэлт” хийх нь зүй ёсны гарц болно. Яагаад гэвэл төрийн алба, төрийн өмчит компаниуд нь байх ёстойгоосоо хэд дахин томорсон бүтэц, орон тоотой. Тэр хэрээр сэтэр зүүсэн бүр нь тансаг хэрэглээ шаарддаг. Тэгэхээр зөвхөн Монголд байдаг төрийн хэрэглээг хэмнэлтэд шилжих ёстой гэсэн үг.
Засгийн газар энэ талаар арга хэмжээ авч Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг УИХ-д өргөн барихаар тогтсон байна. Энэ хуульд:
-Төрийн өмчит нийт 39 аж ахуйн нэгжийг олон нийтийн шууд хяналтад оруулах, 10 компанийг нэгтгэн нийлүүлэх, цаашид төр оролцох шаардлагагүй санхүүгийн эрсдэлтэй 10 компанийг татан буулгах
-Төрийн 39 компанийн 34 хувьд IPO гаргах
-Хот суурин газарт зөвхөн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар суудлын жижиг оврын автомашин хэрэглэх
-Цаашид төрийн өмчид байгаа автомашинуудыг бусад тээврийн хэрэгслээс ялгах улсын дугаарын өнгөтэй болгох
-Чиг үүргийн давхардлыг арилгаж, төрийн бүтээмжийг дээшлүүлж, шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх
-Хэмнэх боломжтой бүхий л зардлыг 10-15 хувиар хэмнэх зэрэг агуулгуудыг багтаажээ.
НДШ, цалин, цэцэрлэг...
Эдгээр чиглэлээр арга хэмжээ авна хэмээсэн нь бас л зарим талд нь таалагдсангүй. Тухайлбал, “...Ажилтны төлдөг НДШ-ийг буцаах нь зарим ажил олгогчийн эрх ашигт нийцэхгүй байна” гээд сөрөөд эхэлсэн байна лээ. НДШ, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, цэцэрлэгийн асуудал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: НДШ-ийг бууруулахад УИХ-тай хамтран ажиллана.
-Төрийн байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс бусад хувийн хэвшлийн ажилтны төлдөг НДШ-ийн 50 хувийг сар бүр буцаан олгох.
-Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх чиглэлд хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллах замаар хувьсах зардлыг хоёр дахин нэмнэ. Эхний ээлжинд цэцэрлэгийн хүртээмжийг дүүрэг, хороо бүрээр гаргаж, анхаарч ажиллана. Хувийн хэвшлийнхэн дэргэдээ цэцэрлэг ажиллуулбал татвараас чөлөөлөх.
-Төрийн тусгай албан хаагчдын цалингийн доод түвшинг үе шаттай нэмэгдүүлэх зэрэг асуудлаар УИХ-тай хамтран ажиллана гэж Ерөнхий сайд мэдэгдлээ.
“...Үнийг ингэж тогтворжуулна” гэлээ
Ерөнхий сайд “...Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ-д өргөн барьж, өнөөдөр батлагдлаа. Энэ хууль хэрэгжсэнээр тодорхой үр дүнгүүд гарна” гэв. Түүний хүлээж буй, түүнчлэн хуульд орсон агуулгын дагуу:
- Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсч байгаа ч дотоодод шатахууны үнэ өсөхгүй байх боломж бүрдэнэ.
-Шатахуун импортлогчдод эргэлтийн хөрөнгө болон зээлийн хүүний татаас олгоно. Ингэснээр ААН-үүд шатахууны жижиглэнгийн үнийг боломжит дээд түвшинд барина. Үүнд нийт 100 гаруй сая ам.доллар зарцуулна.
-Гурил, махны үнэ тогтворжино.
-Үйлдвэрлэгчид, тариаланчдад хөнгөлөлттэй зээл төрөөс олгоно гэж байна.
Түүнчлэн Засгийн газраас “..Цагаан будаа болон элсэн чихэр, ургамлын тосны импортын гаалийн албан татварын 5.0 хувийг түр хугацаанд тэглэх саналыг УИХ-д оруулахаар тогтлоо” гэв.
Засгийн газар эдгээр шийдвэрийг гаргасан байна. УИХ ч дэмжжээ. Үргэлжлээд гарах шийдвэрүүд хүлээгдэж байгаа гэнэ. Юутай ч, үүгээр хямралын эсрэг суурь реформын сураг дуулдаж байгаа ажээ. Мэдээж, үүнтэй зэрэгцээд шүүмжлэлүүд явна. Эсэргүүцнэ. Гэвч манай улсын бололцоо боломж нь одоогоор ийм юм. Харин сүүлийн 30 гаруй жилд “үндэсний онцлог”-ийн дагуу бий болсон буруу тогтолцоог нураах нь энэ Засгийн газрын үүрэг болжээ. Учир нь энэ бол хямралын эсрэг авах суурь реформын гол ажил нь гэсэн үг.
Б.Гарьд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин