А.Ариунзаяа: Шүүхийн нарийн бичиг, шүүгчийн туслахын цалинг нэмэх асуудлыг Ерөнхий сайд буцаасан
2022/04/26
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэв. Хуралдаанд Засгийн газрын гишүүд болон Хууль зүйн байнгын хорооны чиг үүрэгт хамаарах төрийн байгууллагуудын удирдлагууд оролцлоо.
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комиссын төсвөөс хасах тухай асуудлыг тусгажээ. Тодруулбал, ШЕЗ-ийн төсвийн багцаас цалингаас бусад зардлыг хоёр тэрбум төгрөгөөр бууруулсан байна. ХЭҮК-ын 2022 оны төсвийн анх 3.2 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн ч энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн тодотголгоор 2.9 тэрбум болгон бууруулжээ. Харин энэ удаагийн тодотголоор 373 сая төгрөгийг хассан байна.
Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт “Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны төсвийг Сангийн яам дураараа хасаж, хууль зөрчиж байна. Үүнийг хасуулахгүй” гэв.
Мөн тэрбээр “УИХ-аас Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулж шүүхийн захиргааны ажилтнууд, шүүгчийн туслахуудын цалин нэмэгдүүлэхээр болж, шаардлагатай хөрөнгийг 2022 оны төсөвт суулгасан. Гэтэл тавдугаар сар хүртэл эдгээр хүмүүсийн цалинг нэмээгүй байна. А.Ариунзаяа сайд нэгдсэн журмаар олгож эхэлнэ гээд хууль хэрэгжүүлэхгүй байна. Ямар үндэслэлээр та хууль хэрэгжүүлэхгүй байна вэ" гэдгийг тодрууллаа.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Бид Засгийн газарт энэ асуудлыг оруулсан. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ асуудлыг буцаасан. Яагаад буцаасан гэхээр цалин хөлсний бодлого нэгдсэн байх ёстой. Хоёрдугаарт, шүүгчийн туслах, шүүхийн нарийн бичгийн цалинг хууль гаргаад ТЗ 5 түвшинг хоёр дахин нэмэгдүүлнэ, ТЗ 6 түвшинг хоёр дахин нэмэгдүүлнэ гэдэг заалтаар нэмсэн. Тэгвэл хууль гаргаад өөртөө цалин нэмэх нь шударга явдал уу. Аливаа хуулиар аль нэг салбар өөртөө давуу байдал үүсгэдэг явдлыг зогсоох нь зүйтэй гэж үзсэн. УИХ, Засгийн газар, Төрийн албаны зөвлөл хамтарч төрийн албаны ангилал, зэрэглэлийг эргэн харах нь зүйтэй гэдэг байдлаар ажлын хэсэг ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: А.Ариунзаяа сайд тун хариуцлагагүй мэдэгдэл хийж байна шүү. Монгол Улсын шүүх бол Засгийн газрын байгууллага биш. Засгийн газар, Сангийн яамныхан зүгээр нэг агентлагийн тухай ярьж байгаа юм шиг хандаж байна. Шүүхийнхэн та нарын үүдэнд сууж төсөв мөнгө гуйдаг байгууллага биш.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам та ажлаа хий. Та шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг хамгаалах үүрэгтэй. УИХ Шүүхийн тухай хуулийг баталсан. Харин түүнийг биелүүлэхгүй байгаа албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой. Та бүхэн Үндсэн хуулийн байгууллага. Битгий Засгийн газрын агентлаг шиг гуйгаад, бичиг явуулаад бай.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат: Бид бланс барих ёстой. Хэрэв энэ хоёр байгууллагын төсвийг хасахгүй бол өөр байгууллагаас бууруулж тэнцлээ барих шаардлагатай болоод байна.
Зочин · 2022/04/26
шүүх төрд улсын тэмдэгтийн хураамж торгууль гээд маш их мөнгө сул оруулдаг тул хэдэн хүмүүсийн цалин хөлсийг зүгээр л нэмээд өг зүмбэрэллахм ажлаа танилцуулж чадахгүй байна түүнээс биш ерөнхий сайд ойлгоно