Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёр Төрийн ордонд муудалцаж, С.Баярцогт хүүхдийнхээ хурим дээр АН-ын даргад зүтгэх “урилга” авчээ
2022/06/20
Монголын улс төрд энэ зун нэг том үйл явдал болно. Үндсэн хуулийг өөрчилнө. Энэ гарцаагүй болчих шиг боллоо. Баяр наадмын дараа ээлжит бус чуулганаар хэлэлцэх сураг бий. Бас АН-ын хэрүүл уруул улс төрийн мөнхийн сэдэв болчих шахсан.
Энэ намын асуудал ойрын үед нэг тийш шийдэгдэх эсэх нь анхаарал татаж байна. За тэгээд Үндсэн хуулийн өөрчлөлт түшиглэсэн ирэх сонгуулиудын бэлтгэл гээд намраас бужигнаад эхэлнэ. Ил харагдаж, бид мэдэж буй нь иймэрхүү мэдээллүүд байгаа юм. Харин Монголын улс төрд хэзээнээсээ байдаг далд зодоон, яриа тохироо байсаар л байгаа аж. Чих сортойлгосон хоёр үйл явдал улс төрийнхний дунд яригдаж эхлээд байна. Одоогоос сар орчмын өмнө экс Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй Төрийн ордонд уулзжээ. Х.Баттулгатай хамт Тамгын дарга нь байсан З.Энхболд очсон байна.
Тэрбээр Л.Оюун-Эрдэнээс хэрэгт холбогдоод байгаа найз, туслах, зөвлөх асан хүмүүсээ харж үзэж “...Нааштай хандах”-ыг хүсчээ. Х.Баттулга Хөгжлийн банк, “Эрдэнэт”-ийн 49 хувь, махтай холбоотой явдалд холбогдсон хүмүүсийг хэлсэн бололтой. Харин Л.Оюун-Эрдэнэ “...Хуулиараа шийдэгдэг” гэсэн хариултыг өгсөн байна. Үүнээс болж тэд муудалцаад салжээ. Экс Ерөнхийлөгч л илүү бухимдсан сураг байна. Энэ талаар улс төрийн хүрээнийхэн илүү нарийн мэдээллүүд ярьж байгаа юм.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр тохиосон билэгт сайн өдөр Сангийн сайд асан С.Баярцогтын хүүхэд хуримаа хийжээ. Хурим дээр Ерөнхийлөгч асан, УИХ-ын дарга асан, Ерөнхий сайд асан, эрх баригч намын дарга асан, УИХ-ын гишүүд асан, сайд асан, хууль хяналтын байгууллагын удирдлагууд асан эрхмүүд, өдгөө төр, хуулийн байгууллагад томоохон алба хашиж буй хүмүүс, том компанийн удирдлагууд зочилсон байна. Эх сурвалжийн мэдээллээр бидний МАНАН-гийнхан хэмээдэг нөхдүүд бөөнөөрөө очжээ. Тэд улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар нэлээд ярилцаж, дараагийн сонгуульдаа бэлдэх байдлаар АН-ын дарга дээр “зөв хүн” тавих ёстой гэж үзжээ. Ингээд С.Баярцогтыг зүтгүүлэхээр тохирсон байна. Харин одоо хууль, шүүхийн байгууллага дээр шалгагдаж буй С.Баярцогттой холбоотой хэргийг зохицуулах үүргийг шүүхийн удирдах албан тушаалтан, цагдаагийн дарга асан хоёр эрхэмд хариуцуулсан байна. Холбогдох зардлыг ч Монголын нөлөө бүхий нэгэн том компани шийдэхээр болжээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Шогч · 2022/06/21
Баттулга ямар аймаар хүн бэ. Төр болон намаас хурдан зайлаачээ. Дандаа хорлон сүйтгэх ажиллагаа явуулдаг хөнөөлтэй хүн энэ хүнээс хол явах нь зөв
Иргэн · 2022/06/20
Үнэнг нууж өөрчилж болдоггүй юмдаа?! Чихэгдэх хэрэг хийсэн л бол хариуцлагаа хүлээх нь зүйн хэрэгшдээ?! Бурханд ч үүнийг үйлийн үрээ эдлэх ёсон гэдэг юмшдээ!!
Бат инженер · 2022/06/20
Баттулга руу бүх муу муухайгаа чихэх юм даа. Эмээлтийн махны үйлдвэрүүдийн ард МАН-ынхан байгаа учраас шинжилгээний хариу ч гардаггүй, шийдвэр ч байдаггүй , Эцэст нь Баттулга руу буруугаа чихээд өнгөрөх янзтай. Хөгжлийн банкны асуудалд ч МАН буруугүй АН-ынхан руу чихээд өнгөрөх санаатай. Монголчууд минь сэрээч
зочин · 2022/06/20
Энэ Батталга гэдэг хүнийг яанаа нөхдөө
Зочин · 2022/06/20
СЭТГЭГДЭЛ ЯАХААР УСТДАГ ЮМБЭЭ