"Дарханы төмөрлөгийн үйлдвэр” төрд буцаж очсоноор концессоор хийгдэх ажил урагшлах биш зогсчээ
2022/06/20
2022 оны 4-р сарын 13-нд Концессын гэрээ байгуулах тухай Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон билээ.
Уг шийдвэртэй холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн яам болон “Кью эс си” ХХК-ийн хооронд 2014 оны дөрөвдүгээр сарын 4-нд байгуулсан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх” концессын гэрээг цуцалсан тухай мэдэгдлийг “Кью эс си”-д хүргүүлэх, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг “Кью эс си” компаниас шилжүүлж авахыг холбогдох хүмүүст Засгийн газрын хуралдаанаас үүрэг болгосон юм.
Учир нь концессын гэрээнд “Концесс эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас хамааран хоёроос дээш жилийн хугацаагаар төслийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, цаашид хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн тохиолдолд эрх бүхий этгээд энэхүү гэрээг цуцлах саналыг Засгийн газарт хүргүүлж шийдвэрлэнэ” гэж заасан ба концес эзэмшигч нь гэрээний ерөнхий нөхцөлд заасан жилд 500 мянгаас доошгүй тонн хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэр барих, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хүчин чадлыг жилийн 300 мянган тоннд хүргэх өргөтгөл, шинэчлэл хийх (төмрийн хүдэр боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах) зэрэг ажлыг огт хэрэгжүүлээгүй байгаа нь концесс эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас болсон.
“Кью эс си” компани нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөх, уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг гэрээ байгуулсан оноос хойш найман жилийн хугацаа өнгөрөхөд бүрэн хэрэгжүүлээгүй байгаа тул төслийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, цаашид уг компани төслийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн хэмээн Засгийн Газар уг шийдвэрээ тайлбарласан юм.
Гэвч үнэн хэрэгтээ зээлээ төлөөгүй биш төлсөөр ирсэн байна. Тодруулбал “Кью эс си” ХХК хуваарь ёсоор зээлээ төлсөөр 2018 оныг хүртэл 88 тэрбумыг нь барагдуулчихсан аж.
Улмаар 2020 оны эхээр дэгдсэн цар тахлын үе дэхь эргэн төлөлт, алдагдлыг Монголын төр уян хатан тооцох бус эсрэгээрээ 191.2 тэрбумыг нэхэмжилсэн юм байна.
Нөгөөтэйгүүр "Дарханы төмөрлөгийн үйлдвэр” төрд буцаж очсоноор концессоор хийгдэх ажил урагшлах биш зогсоод буй нь харамсалтай.
Иймээс “Кью эс си” ХХК зүй ёсны хохирлоо барадуулахаар өнгөрсөн долоо хоногт Засгийн Газрыг шүүхэд дуудлаа. Хэрэв шүүхийн шийдвэр хувийн хэвшлийн талд гарвал уг төлбөрийг аанай л татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргана.
Өөрөөр хэлбэл "Дарханы төмөрлөгийн үйлдвэр” төрд буцааж авсан шийдвэр ямар ч ашиг улс оронд авчраагүйгээр үл барам алдагдал дагуулах нь тодорхой болжээ.
С.Сарнай
сонин.мн
Зочин · 2022/06/20
за тайван төр нэг цэцглэж аваад болох биз дээ юунд санаа зовно вэ хамгийн төмрийн хүдэр монголд ашиг болж ирж байгаа нь гол зүйл дээ