Монгол нүүрсээ, зэс, төмрийн хүдрээ урагш нь өгч байж мөнгө олдог. Тэгвэл энэ ганц мөнгөний урсгал маань бөглөрчихөөд хүнд байна.

Өдөртөө хэдхэн машин, вагон гарч манай эдийн засагт дусал залгана. Ийм болоод удаж байна л даа. Хамгийн сүүлд УУХҮЯ-наас "...Монгол Улсын хилийн Гашуунсухайт боомтоор 2022 оны зургадугаар сарын 23-ны өдөр нүүрс тээврийн 478, Ханги боомтоор 126, Булган боомтоор 141, Шивээхүрэн боомтоор 88 автомашин хил нэвтэрлээ.

Харин зэсийн баяжмал тээврийн 49 автомашин хилийн Гашуунсухайт боомтоор нэвтэрсэн бол Ханги боомтоор төмрийн хүдрийн баяжмал ачсан долоон автомашин хилээр гарчээ" гэж мэдээлэв.

 

Энэ байдал манайхнаас хамаараагүй. Урд хөршийн дотоод нөхцөл байдал, тэр дундаа ковидтой холбогдож буй юм. Харин манайхны буруу бол өнгөрсөн 15 жилийн турш төмөр замаа гацааж, боомтуудаа боож хаасаар ирсэн. Төмөр зам үндсэндээ "тэг", тэгээд ганц, хоёрхон боомтоор бөөн юм болж байж нүүрс, зэсээ хэдэн машинаар гаргана. Гацаасан нь өнөөдөр гай болоод байгаа юм. Урд хөрш ачаа тээврийг ковидын халдвар тээхгүй, хил дээр хавьтал үүсгэхгүй, аюулгүй тээврийг хүсээд байгаа аж. Тавьж буй шаардлагууд нь ч ийм. Гэтэл манайх тэрийг нь хангаж чаддаггүй. Товчхондоо, экспортын гацаа нь энэ болчихжээ. Тэгэхээр энэ гацаанаас гарах гарц нь тов тодорхой. Төмөр замаа тавь. Боомтуудаа байнга ажилладаг болго. Тэгээд хөршийнхтэй холбо. Ердөө л энэ. Тэгвэл зэс, нүүрс, төмрийн экспорт урсана. Энийг хийхгүйгээр эндээ мянга хэрэлдээд, энэ засаг, хэдэн сайдыг зүхээд ямар ч хэрэггүй.

 

Харин ч гацаанаас гаргах гээд зүтгээд байгаа нь харагдаад байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 23-нд урд, хойд хөршүүдээс манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов, Цай Вэньруй нартай уулзжээ.

 

Тэгэхдээ  "...Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хилийн боомтуудыг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаа" гэжээ. Тэрбээр хилийн боомтыг хөгжүүлэн шинэчлэх асуудалд Элчин сайд нарыг онцгой анхаарал хандуулахыг хүсчээ. Хойд хөршөөс суугаа Элчин сайдад "...Монгол, Оросын хилийн Ульхан боомтыг шинэчлэн өргөтгөх, боомт руу засмал зам барих, зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд хоёр тал нягт хамтран ажиллах сонирхолтой байна" гэсэн бол урд хөршийн Элчин сайдад "Өнгөрсөн тавдугаар сард Өмнөговь аймагт ажиллаж, Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын нээлтэд оролцсон. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөлтэй танилцсан. Миний БНХАУ-д айлчилсны дараа Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын яриа хэлэлцээ, бүтээн байгуулалтын ажил эрчимжиж, бодит үр дүн гарч байгаад талархаж байна" гэсэн байна.

 

Мөн "...Экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэлсэн. Энэ оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орно. Шивээхүрэн боомтод ачаа шилжүүлэн ачиж, буулгах терминалын бүтээн байгуулалт хийж байна.Хоёр улсын хилийн байнгын ажиллагаатай автозамын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, Бичигт-Зүүнхатавч боомтын үйл ажиллагааг ойрын хугацаанд сэргээх, улмаар зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлүүлж, иргэд харилцан зорчих нөхцлийг бүрдүүлэхэд онцгой анхаарал хандуулж өгөхийг хүсч байна" хэмээн урд хөршийн Элчин сайдад хэлжээ.

Ер нь төмөр замаа тавьж, боомтуудаа цэгцэлж байж л бид монголчууд мөнгөтэй болно. Ерөнхий сайдын тухайд ч тийм бодолтой байгаа бололтой. Үүнийг маргаашгүй Бичигт, Ульхан, Хавиргын боомтын бүтээн байгуулалтын ажлууд эхлэх гэж байгаагаас харж болно. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болчихоод гурван сарын дараа, одоогоос жил нэг сарын өмнө Ульхан боомтод ажиллаж байв. Анхны очсон боомт нь тэр болсон байх. Тэгэхдээ "... Монгол Улс далайд гарцгүй орон. Тиймээс бид төмөр зам, авто зам, агаарын замаа хөгжүүлж байж л асуудлыг шийдэх боломжтой. Нэг үгээр хэлбэл хилийн боомтуудаа эхний ээлжинд авто замаар холбох ёстой. Ингэж чадвал экспорт, импортын урсгал сайжирна. Нөгөө талаас аялал жуулчлал, ачаа тээврийн татан авалт нэмэгдэхийн хирээр нөөц боломжууд нээгдэх юм. Үүнийг даган зүүн бүсийн эдийн засаг, үйлдвэрлэл үйлчилгээ тэлж, иргэдийн амьжиргаа эрс сайжирна” гэж байв. Тухайн үед 2024 онд багтааж Чингис хот-Ульхан чиглэлийн замыг хатуу хучилттай болгох, боомтын цогцолбор барихад шаардагдах хөрөнгийн асуудлыг судалж шийдвэрлэх үүрэг, чиглэлийг Зам, тээврийн хөгжлийн болон Сангийн сайд нарт өгсөн байдаг. Өнөөдөр тэр нь ажил хэрэг болжээ. Гэхдээ Монголын өдөр тутмын хэрэглээ, дэлхийн зах зээлийн байдал улам их хурдыг шаардаж байна.

"...Ядахад яр" гэдэг шиг нүүрсний хэрэглээний амьдрах хугацааг 10-15 жил гээд тооцоолсон. Ковидын хязгаарлалт лав хоёр жилийг нь аваад явчихлаа. Монголоор дүүрэн ухаад гаргачихсан, гаргаснаасаа хойш удаад энд тэндгүй шатсан нүүрс л байна.  Гэхдээ энд нэг асуудал бий. Нүүрсээ гаргаж мөнгөтэй болохыг төр засаг, олон нийт, бас нүүрснээс хууль бусаар ашиг олдог улс төр, бизнесийнхний гэмт бүлэглэл ч хүсч буй. Өөрөөр хэлбэл, хилээ онгойлгох нь ганц Л.Оюун-Эрдэнийн ч хүсэл биш юм.

 

Б.Гарьд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин