Монголын Хөлбөмбөгийн Холбоо хүүхдийн баярын өдрийг “Хүүхдийн баяр-Хөлбөмбөгийн баяр” нэртэйгээр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Тиймээс бид тус Холбооноос зохион байгуулж байгаа уг арга хэмжээ болон Монголын Хөлбөмбөгийн Холбооны үйл ажиллагаа, ойрын үеийн ажлуудын талаар Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбаттай ярилцсан юм.

6 дугаар сарын 1-ны өдрийг танай Холбооны зүгээс хөлбөмбөгийн баяр болгон тэмдэглэж байгаа юм байна. Ямар учраас ийнхүү тэмдэглэх болов. Уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Монголын хөлбөмбөгийн холбоо жил бүр хүүхдийн баярт нэлээн ач холбогдол өгдөг. Өөрөөр хэлбэл хүүхдийн баярыг тохиолдуулаад өөрийн цэнгэлдэх хүрээлэнд бага насны хүүхдүүдийг урьж ирүүлэн хөлбөмбөгтэй анх танилцуулж, гоол хийхийн баяр баясгаланг мэдрүүлж, хүүхдүүдэд хөлбөмбөгийн анхны элементүүд зааж, хүүхдийн баяр, хөлбөмбөгийн баярыг хослуулан хийдэг арга хэмжээгээ энэ жил уламжлал болгон зохион байгуулах гэж байна.

Өнгөрсөн оны сүүлээр манай шинэ цэнгэлдэх хүрээлэн ашиглалтанд орсон. Шинэ цэнгэлдэх хүрээлэнгийнхээ шинэ талбай, шинэ ногоон зүлгэн дээр 6-9 насны охид хөвгүүдийг эцэг эх, эмээ өвөө, ах эгчтэйгээ ирж наадаж цэнгэж хөгжилдөөсэй гэж хүсч байна. Хөлбөмбөгийн энэ баярт хамрагдан ирж оролцсон хүүхэд бүхэнд Хүүхдийн баярын бэлэг гардуулж өгнө.

Тиймээс эцэг эхчүүдийг хүүхдээ авч ирээд баярын өдрөө зугаатай сайхан өнгөрүүлэхийг урьж байгаа юм. Хүүхэд бүхэн хөлбөмбөг тоглох дуртай байдаг бөгөөд хөлбөмбөг тоглосон хүүхэд маш их баяр баяслыг эдэлдэг онцлогтой. Тиймээс эцэг эхчүүдэд хандан хэлэхэд баярынх нь өдөр хүүхдүүдээ дагуулан манай Цэнгэлдэх хүрээлэнд ирж, дуртай тоглоомоор нь тоглуулж, баяр баясал бэлгэлээрэй хэмээн урьж байна.

-Танай Холбооноос зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд оролцохыг хүсвэл ямар нэгэн бүртгэлд хамрагдах ёстой юм болов уу?

-Манайхаас зохион байгуулах “Хүүхдийн баяр-Хөлбөмбөгийн баяр” арга хэмжээ 6 дугаар сарын 1-ны өдөр 11.00 цагаас эхэлнэ. Тиймээс хүүхдээ хөлбөмбөгийн баярт оролцуулахыг хүссэн эцэг эхчүүд 10:30-д ирэх хэрэгтэй. Мэдээж талбай маань хязгаартай. Бид 200-300 хүүхэд оролцуулсан арга хэмжээг талбайн багтаамжид зориулж хийх гэж байгаа. Тэгэхээр түрүүлж ирсэн хүүхдүүд л бидний арга хэмжээнд оролцоно.

-Ер нь Монголын Хөлбөмбөгийн Холбоо ямар ямар арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байна вэ?

-МХБХ байгуулагдсаны 55 жилийн ойг энэ жил тэмдэглэх гэж байна. Ойгоо бид 11 сарын 1-ны өдөр тэмдэглэнэ. Дараа нь Холбооны ээлжит Их хурлыг хуралдуулна. Манайх дөрвөн жил тутамд Их хурлаа хуралдуулдаг дүрэмтэй. Тэгэхээр энэ онд ээлжит их хурлаа хуралдуулж, өнгөрсөн 4 жилд ямар бодлого хэрэгжүүлж, юу хийж бүтээв, ямар амжилт олов гэдгээ тайлагнаж, хурлын төлөөлөгчдийн санал шүүмжлэлийг сонсоно. Мөн энэ үеэр Удирдах Зөвлөл болон Ерөнхийлөгчийн сонгууль явагдана. 55 жилийн ойн хүрээнд манай Холбооны энэ жилийн бүх үйл ажиллагаа явж байна.

Хөлбөмбөгийн Холбоо бол хөлбөмбөгийг хөгжүүлэх бодлогыг боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулдаг. Тодруулбал, манайх 2022 он хүртэл 10 жилийн хугацаатай стратеги төлөвлөгөө, бодлогоо боловсруулчихсан. Энэ бодлогынхоо дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ жилийн хувьд 20 гаруй тэмцээн уралдаан зохион байгуулах төлөвлөгөөтэй. Тэмцээнүүдээ өвөл нь Футзалын Ордондоо, зун нь гадаа талбайд “Цэнгэлдэх хүрээлэн”-дээ явуулдаг. Тэгэхээр жилийн турш завсар зайгүй тэмцээн уралдаан явуулж, ажлын маш их ачаалалтай ажилладаг. Түүнээс гадна гадаад дотоод сургалтын үйл ажиллагаа, хөдөө орон нутагт хөлбөмбөг хөгжүүлэх хөтөлбөр төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тэмцээн уралдаанд бүх насны хөлбөмбөгийн тамирчдыг бүгдийг хамруулдаг. 6 настай балчраас 70-80 хүртэлх насны хөлбөмбөгчид өөр өөрсдийн тохирсон насны ангилалд жилдээ дор хаяж 2 удаа тэмцээн уралдаанд хамрагдан оролцдог. Өсвөр үе, идэрчүүд, залуучууд, насанд хүрэгчид, сонирхогчид, үндэсний лиг, идэрчүүдийн лиг, охид, эмэгтэйчүүдийн хөлбөмбөг, ахмадын хөлбөмбөг гэх мэт төрөлжүүлэн зохион байгуулдаг тогтолцоо бий болоод удаж байна. Тэмцээний тогтолцоог жил бүр сайжруулаад явдаг.

Өнөөдөр л гэхэд ахмад хөлбөмбөгчид 4 насны ангиллаар /37-42, 43-48 49-54, 55-аас дээш/ тэмцээнээ эхлүүлээд өрсөлдөж байна. Манай үе үеийн ахмад хөлбөмбөгчид жилдээ 2 удаа цуглангаа, спортын талбарт уулзаж учирч, амар мэндээ мэдэлцэж, хөлбөмбөг ид тоглож байсан залуу сайхан насаа дурсаж, хөлбөмбөг тоглохын баяр баяслыг эдэлж, спортын цэвэр өрсөлдөөний хэлбэрээр хөлбөмбөгийн баяр тэмдэглэдэг, үүнийгээ хүсэн хүлээж сурсан хүмүүс юм.

-Цаашид ямар тэмцээнүүд явагдах вэ?

Бид хөлбөмбөгийн хөгжлийг яаж хурдасгах вэ гэдэг дээр гол бодлогыг төвлөрүүлэн ажилладаг. Тийм учраас хөгжлийн төлөөх бодлого, стратеги төлөвлөгөө, хөгжлийн программаа боловсруулж, түүнийхээ дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Хөгжлийн шалгуур үзүүлэлт нь тамирчдын үзүүлж буй амжилт, ур чадварын өсөлт нь тэмцээн уралдаанаас харагддаг. Ялангуяа өндөр зэрэглэлийн тэмцээн, тухайлбал Үндэсний Лигийн тамирчдын ур чадварын өсөлтөнд бид дүн шинжилгээ, анализ хийж явдаг.

Одоо Ахмад хөлбөмбөгчдийн УАШТ-тэй зэрэгцээд сонирхогчдын УАШТ явагдаж байгаа ба 2 долоо хоног гаруй үргэлжилнэ. Залгуулаад Боргио Сup, Охидын болон Өсвөрийн УАШТ, дараа нь залгаад Үндэсний “Нийслэл Лиг” тэмцээн 6 сарын 23-наас 9 дүгээр сарын 15 хүртэл дундаа завсарлагатай хоёр тойргоор явагдана. “Хүслийн лиг”буюу Идэрчүүдийн Лиг 8 сарын 1-ээс 30-ныг хүртэл явагдана. 15 хүртэлх болон 17 хүртэл гэсэн 2 насны ангилалд шилдэг 8 баг өрсөлдөж тоглодог. Энэ мэтээр тэмцээн уралдаан арга хэмжээнүүд тасралтгүй үргэлжилж байна.

6 дугаар сарын 2,3-ны өдрүүдэд Монгол туургатан хүүхдүүдийн дунд 12 хүртэлх насны ангиллаар олон улсын тэмцээн явагдах гэж байна. Үүнд. буриад, халимаг, тува, өвөрмонголоос болон манай улсаас 2 баг, нийт 6 багийн хооронд тэмцээн болно. Энэ тэмцээнийг Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилга дээр тулгуурлан Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулах гэж байна.

-Монголын хөлбөмбөгийн хөгжил ямар шатандаа явж байна вэ. Тамирчдын амжилт хэр ахиж байна?

Холбоо бодлогын хувьд өндөр түвшинд ажиллахыг хичээж байна. Өнгөрсөн 4-р сарын сүүлээр Хонконгод явагдсан Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны сургалт, семинарт оролцож, тэнд тодорхой хэмжээгээр ажлаа шалгуулаад ирсэн. Манай Холбооны удирдлага, зохион байгуулалт, менежментийн үйл ажиллагааг өндөр үнэлсэн. Манай Холбоог шилдэг Холбоодын нэгээр зарлаж, урамшуулсан нь бидэнд маш их урам зориг, хийж бүтээх хүсэл тэмүүллийг өгсөн.

Хөлбөмбөгчдийн ур чадвар олон улсад өрсөлдөхүйц хэмжээнд хүрээсэй гэсэн хүсэл тэмүүлэл бидэнд байна. Саяхан 5 дугаар сарын эхэнд эх орондоо зохион байгуулсан анхны олон улсын клубүүдийн тэмцээнийг үзэж сонирхсон хөлбөмбөг сонирхогчид манай “Эрчим” клубийн тамирчдын тоглолтыг хараад дүгнэлтээ өгсөн байх гэж бодож байна. “Эрчим” клуб тус тэмцээний дараагийн шатанд шалгарсан гэдэг нь бас л нэг амжилт, ахиц дэвшил юм. Дараагийн шатандаа илүү амжилт гаргахыг бид хүсэн хүлээж байгаа. Мөн манай Үндэсний шигшээ баг дараа дараагийн тэмцээндээ амжилт гаргаасай гэсэн зорилго бидний өмнө бий. Энэ оны 7 дугаар сарын 22-28-нд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай шигшээ баг оролцохоор бэлтгэл сургуулилтаа базаагаад явж байна. Энэ тэмцээнд амжилт гаргах бүрэн боломж бидэнд бий. Тэнд Монгол, Макао, Гуам, Марианны арал улс гэсэн 4 улсын баг тоглоно. Эндээс дараагийн шатандаа шалгарах зорилт тавьж, шигшээ багтаа ач холбогдол өгч, бэлтгэл сургуулилтаа базааж байгаа.

Шигшээ багийн бүрэлдэхүүнийг манай клубийн тамирчдаас сонголт хийдэг. Тэгэхээр манай клубүүд, тэнд ажиллаж байгаа дасгалжуулагчдын мэдлэг боловсрол, хичээл зүтгэлээс их зүйл шалтгаалах учиртай. Тэд хөлбөмбөгчидтэйгээ байнгын, чанартай бэлтгэл сургуулилт хийж байж, тэндээс шилдэг сайн тамирчид төрнө. Үүний тулд бид дасгалжуулагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх олон улсын шат шатны сургалтыг олон жил явуулж ирлээ. Жил бүр 2-3 олон улсын сургалт зохион байгуулдаг.

-Олон улсын сургалт явагдана гэж сонссон юм байна?

Ирэх 9 дүгээр сардбаруун зүүн бүсэд 21 аймгаас 50-60 дасгалжуулагчийг хамруулсан олон улсын сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ сургалтаар Азийн Хөлбөмбөгийн Холбооны зэрэглэлтэй дасгалжуулагч нар төрөн гарах ёстой. Сургалт 14 хоногийн хугацаатай явагдана. Аймагт ажиллаж байгаа хөлбөмбөгийн дасгалжуулагч нар энэ боломжийг зөв ашиглаж, мэдлэг боловсролоо дээшлүүлээд, хөлбөмбөгчдийг багаас нь хэрхэн яаж бэлтгэх ёстой тэр ур чадварыг онол практикийн талаас нь сураад авах хэрэгтэй сургалт юм. Ер нь бид хөдөө орон нутагт хөлбөмбөгийг хөгжүүлэх үйл ажиллагааны бодлогын ажлыг энэ онд улам эрчимжүүлж байна. Хөдөө орон нутгийн хүүхэд багачуудын хөлбөмбөгчин болох хүсэл тэмүүлэл, мөрөөдөл нь зөвхөн тэнд ажиллаж буй дасгалжуулагч нарын хичээл чармайлтаас ихээхэн шалтгаалах учраас энэ сургалтанд ач холбогдол өгөх ёстой билээ. Мөн хөдөө орон нутгийн ЕБС-иудын хооронд явагдах “Шидэт бөмбөг” төсөл энэ хавраас хэрэгжээд эхэлчихлээ. Насанд хүрэгчдийнх нь дунд “Үндэсний цом” гэдэг сайхан тэмцээнийг 6 дахь жилдээ зохион байгууллаа.

-Хөлбөмбөгчид маань эхнээсээ гадаадын багт тоглохоор явж байна. Ямартай ч Мөрөн гэх залуу явчихлаа. Араас нь манай хөлбөмбөгчид нэлээдгүй явах байх гэж найдаж байгаа?

-Бид мэргэжлийн хөлбөмбөг рүү явж байгаа. Хөлбөмбөг мэргэжлийн байж шигшээ багт амжилт ирэх ёстой. Тиймээс клубүүдээ дэмжихийн төлөө ажиллаж байна. Холбооны зүгээс клубийн стандартыг гаргаад, жил бүр сайжруулаад явж байгаа. Үүний үр дүнд өнөөдөр хөлбөмбөгийн 30-аад клубтэй болчихсон байна.

Манай клубүүд сайн ажиллавал, сайн баг тамирчид нь Лиг рүү орж, тэндээс сайн тамирчдыг шилж сонгож, шигшээ багтаа ордог. Тэдний дундаас л гадаадын клуб, багуудад тоглох үйл ажиллагаа явагдах ёстой л доо. Үүний нэгэн жишээ Манай Сэлэнгэпресс клубт тоглож байсан Мөрөн юм. Мөрөн бол манай агуу дасгалжуулагч Шархүү агсаны шавь л даа. Энэ хүүхэд өнгөрсөн онд Тайландын нэгдүгээр девизионы клубт тоглож байгаа. Манай дотоодын Үндэсний Лигт бас гадаадын легионер тоглогчид сүүлийн 6-7 жил тасралтгүй тоглож байгааг бас дурдах хэрэгтэй. Азийн орнуудаас гэхэд Япон, Хятад, БНАСАУ, Сингапураас гэх мэт, Европын орнуудаас гэвэл Серб, Орос, Украйнаас, Мөн Бразили, Нигер, Камерун зэрэг Латин Америк, Африкийн орнуудаас ирж тоглодог болсон. Энэ жилийн Үндэсний Лигт мөн гадаадын 10 гаруй тамирчид тоглохоор бүртгэл явагдаж байна. дэг. Баг болгон гадаадын 2-3 тамирчидтай тоглодог болчихсон. Үүнтэй адилаар манай тамирчид гадаадын клубүүдэд тоглох нь Мөрөнгөөс эхэлж байна.

Мөрөнгийн жишээгээр олон хүүхэд гадны клубт тоглох цаг удахгүй гэдэгт найдаж байна. Мэргэжлийн хөлбөмбөгчин болохыг амьдралын зорилгоо болгосон олон хүүхэд залуучууд байгаа учраас манай дасгалжуулагч нар илүү сайн ажиллах шаарлдлагатай.

-Хөлбөмбөгийн хөгжлийн үндэс нь юу юм бэ?

-Хөлбөмбөгийн хөгжлийн үндсийн үндэс нь олон улсын нэр томъёогоор Grassroots хөлбөмбөг бөгөөд энэ нь аль болох багаас нь хөлбөмбөгт татан оруулж, зөв сургалт явуулах ёстой гэсэн үг юм. Энэ нь дахин хэлэхэд гагцхүү дасгалжуулагч хүүхэдтэй хэрхэн ажиллаж эхлэхээс бүх зүйл хамааралтай. Хөлбөмбөгийн холбоо бол бодлогоо боловсруулна. Дасгалжуулагч нарынхаа боловсролыг дээшлүүлнэ. Тэгвэл тэнд гол фронт дээр ажиладаг дасгалжуулагч хүн маань боловсролоо дээшлүүлээд, мөн давхар өөрийгөө боловсруулж, хөгжүүлж, бусдын туршлагаас суралцаж, даган дуурайж, өөрийгөө дайчилж зогсолтгүй, тэсвэр тэвчээртэй ажиллах хэрэгтэй. Түүнээс биш секц дугуйлангийн хэмжээнд ажиллавал амжилт гарахгүй. Тиймээс дасгалжуулагч хүн энэ ажилдаа мэргэшиж байж, тамирчид нь мэргэжлийн тамирчин болж чадна. Ингэсэн тохиолдолд тамирчид маань олон улсын тавцан руу явна. Харин сонирхогчийн түвшинд байгаад байвал дороо эргээд нэг л түвшинд байгаад байна. Тэгэхээр хөлбөмбөг мэргэжлийн түвшинд очих үйл явц гагцхүү клуб дээр л явагдах ажил байгаа юм.

-Хөлбөмбөг сонирхогчдын тоо хэр нэмэгдэж байна вэ

-Маш хурдтай нэмэгдэж байна. Хөлбөмбөг дэлхийн ноймор нэг спорт гэдэг утгаараа ч тэр хүний анхаарал сонирхлыг маш их татдаг. Европын, Латин Америкийн хөлбөмбөг маш их хөгжсөн. Хүн бүр л телевизээр Европын Лигүүдийн тоглолтыг үзэх сонирхол, хоббитой болсон байна ш дээ. Тэр хэрээр хүмүүсийн хөлбөмбөгийн боловсрол маш өндөр болсон байна. Тэгээд л Европ, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүн бүр хүсэн хүлээдэг болсон байна.

-Хөрөнгө мөнгөний асуудлаа хэрхэн шийдвэрлэж явдаг вэ?

-Бид дээрээ Дэлхийн хөлбөмбөгийн холбоо, Азийн хөлбөмбөгийн холбоо гэсэн хоёр засгийн газартай л даа. Тэгэхээр энэ хоёр байгууллагынхаа менежментийг ядаж л хуулбарлаад хэрэгжүүлчих юмсан, тэр том байгууллагуудын зохион байгуулдаг уралдаан тэмцээний хэлбэрээр тэмцээн уралдаанаа явуулдаг, бодлого, менежментийг нь давхар хэрэгжүүлэхийг хичээж ажилладаг.. Мэдээж Дэлхийн хөлбөмбөгийн холбоо, Азийн хөлбөмбөгийн холбооноос тодорхой хэмжээний санхүүжилт ирдэг учраас бид өнөөдрийг хүртэл бие даасан үйл ажиллагаа явуулж, өнөөдрийн түвшинд ирээд байна. Өөрөөр хэлбэл, тодорхой төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсний үр дүнд манай Холбоо өөрийн өмч хөрөнгө, материаллаг баазтай болсон нь бидний хамгийн том ололт амжилт юм. Мөн бидэнтэй хамтран ажилладаг “Албан ёсны түнш” байгууллагуудын дэмжлэг туслалцааг хэлэх ёстой. Үндэсний үйлдвэрлэгч “АПУ” ХК, “MCS Coca Cola” ХХК-иуд манай итгэлт, үнэнч байгууллагууд гэдгээр бид ямагт бахархаж байдаг. Түүнчлэн ССАЖЯам шаардлагатай дэмжлэгүүд үзүүлж эхэлсэнд бид сэтгэл хангалуун байгаа.

-Мэдээж хөлбөмбөгийн хөгжилд талбайн асуудал чухал байх. Сургуулиудыг түшиглэсэн хөлбөмбөгийн талбайнууд нэлээн байгуулагдах шиг болсон?

-Бид 2002 онд Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны “Гоол” төслийн хүрээнд анхны олон улсын стандартын хиймэл зүлэг бүхий талбайг байгуулж байлаа. Тэр цагаас эхлэн нийслэлд төдийгүй хөдөө орон нутагт хиймэл зүлэг бүхий талбайнууд байгуулагдаж, өнөөдөр улсын хэмжээнд цөөнгүй талбайтай болсон нь хөгжлийн бас л нэг шат юм. Энэ онд бид энэхүү хиймэл зүлэг бүхий хөлбөмбөгийн талбай байгуулах байгууллагын стандартыг боловсруулж, зохих байгууллагаар батлуулаад авсан. Одоо үүнийгээ улсын стандарт болгохын төлөө ажиллаж байна. Тийм учраас одоо талбай байгуулах хүсэл сонирхолтой байгууллагууд энэ бэлэн стандартыг бариад л, хэрэгжүүлэгч байгууллагууддаа шаардлагаа тавиад явахад сайн талбайтай болох эрх зүйн орчин, боломж нь бүрдээд байна. аад явчих юм. Өмнө нь стандарт байгаагүй учир чанарын шаардлагыг тэр бүр хангаагүй талбайнууд дахин бий болох үзэгдэл дуусах ёстой гэж ойлгож болох юм.

Одоо аймаг бүр хөлбөмбөгийн стандартын талбай байгуулах хөдөлгөөн өрнүүлэн ажиллаж байгаа хандлага ажиглагдаж байна. Хөвсгөл, Төв, Говьсүмбэр, Сүхбаатар гэх мэт аймгууд төсөв хөрөнгөө батлуулаад, талбай барьж байгуулах ажилдаа орчихсон сайн мэдээнүүд ар араасаа сонсогдож байгаа нь хөгжлийг ойртуулах гарцууд нээгдэж байна гэсэнтэй агаар нэгэн билээ.

Н.Чинзориг