Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах Цагааннуур боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ажиллаж буй ес дэх боомт юм.

 

сонин mn

 

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 155 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байрлах авто замын Цагааннуур боомтыг 24 цагийн байнгын ажиллагаанд шилжүүлсэн. Цагааннуур боомтоор ОХУ-аас баруун аймгуудын хэрэглээний нефть болон хүнсний бүтээгдэхүүн, малын тэжээл, бусад бараа бүтээгдэхүүнийг импортлон оруулж ирдэг. Үүнд шатах тослох материал 60 хувь, малын тэжээл 15 хувь, хүнсний зүйл болон бусад бараа материал 25 хувийг эзэлж байна. Тус боомтын хувьд байнгын ажиллагаатай болсноос хойш зорчигч болон ачаа тээврийн эргэлт эрс нэмэгдэж энэ онд улсын төсөвт 30 гаруй тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлээд байна.

 

 

 

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтыг 24 цагийн үйл ажиллагаатай болгон өргөтгөсөн бол одоо олон улсын транзит хурдны зам барих, хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох ажил хийгдэж байна. Цагаануур-Улаанбайшинт чиглэлийн 27,8 км автозамын ажил өнгөрсөн жилээс эрчимжиж ирэх 8-р сард ашиглалтад орохоор хүлээгдэж байна. Энэ зам ашиглалтад орсноор Монгол Улсын импортын ачаа тээврийн хэмжээ нэмэгдэхээс гадна ОХУ, БНХАУ-ын хооронд манай улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх транзит тээврийн олон улсын нэг том гарц бий болох юм.

 

сонин mn

 

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Манай Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хөгжлийн хурдасгуур гэж ойлгож болно. Зургаан том зорилт дэвшүүлсний нэг нь Боомтын сэргэлт. Манайх далайд гарцгүй улс учраас бүх боомтоо авто замаар, Алтанбулаг, Замын-Үүдийг хурдны замаар холбохоос гадна шинээр 5-6 төмөр замын экспортын томоохон гарц гаргах зайлшгүй шаардлагатай. Энэ хүрээнд төмөр замын төслүүд хэрэгжээд явж байна.

Бид өнөөдөр ес дэх боомт дээр ажиллаж байна. Энэ нь боомтын ажилтай биечлэн танилцахаас гадна хоёр хөршдөө ач холбогдол өгч буйн илэрхийлэл гэж ойлгож болно. ОХУ, БНХАУ-ын Засгийн газартай хамтарсан томоохон коридоруудын төслүүд нэлээн урагштай явж, үйл ажиллагаа нь эрчимжиж байна. Бид боомтуудаа авто болон төмөр замаар аль болох хурдан холбож байж тээвэр логистикийн өрсөлдөх чадвар дээшилнэ.

 

Ингэснээр экспорт нэмэгдэж, эдийн засаг тэлнэ. Баруун аймгийнхан бензин шатахуунаас эхлээд хүнсний бордоо зэрэг голлох стратегийн бүтээгдэхүүнээ авдаг боомт бол Цагаан нуур. Баруун бүс нутаг хөгжиж өрсөлдөх чадвар дээшлэхийн хэрээр нийслэл Улаанбаатар хотын түгжрэл багасах, төвлөрөл саарах зэрэг олон талын ач холбогдолтой. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд экспортын таван төмөр замын гарц бий болгохоор төлөвлөн ажил эхэлсэн. Ирэх жилдээ багтаад эхэлсэн төмөр замууд ашиглалтад орчихвол манай улсын түүхэнд байгаагүй, өрсөлдөх чадвар, үсрэнгүй дэвшил, том гарц болно. Мянганы замын төслийг эхлүүлээд 21 жилийн дараа энэ жил дуусгасан. Одоо орхиод байсан боомтууддаа анхаарна" гэлээ.

сонин mn

 

Ерөнхий сайд үргэлжлүүлэн Даян боомтод ажиллаж байна.