Л.Оюун-Эрдэнэ гуйж, С.Лавров зөвшөөрсөн АИ92-ийн үнэ буюу дэлхийн хямралд “...ШХАБ”-даа тултал шахуулах уу
2022/07/20
Наадаад, аялаад завгүй байцгаах зуурт маань дизелийн түлш, АИ95 шатахууны үнэ нэмэгдчихжээ. Учир нь Сингапурын газрын тосны Platts биржийн үнэ өсчээ. Дизелийн түлш л гэхэд оны эхэнд тн нь 705 ам.доллар байсан бол 1295 ам.доллар болж, 83.7 хувиар өссөн байна.
Манай зах зээл дээрх жижиглэнгийн үнэ 2840 байснаа энэ өсөлтийн нөлөөгөөр 4030 төгрөг болж, 4169 хувиар өссөн байна. АИ95 ч иймэрхүү “үсрэлт”-тэй байна. Харин АИ92-ийн үнэ хэвэндээ үлджээ. Яг одоо Сингапурын бирж дээр АИ92 шатахуун 1285 ам.долларын үнэтэй байна.
Үүгээр дүйцүүлбэл өдийд нэг литр АИ92 шатахуун 3690 төгрөгийн үнэтэй болсон байх ёстой. Наадмын өмнөхөн Оросын Гадаад харилцааны сайд С.Лавровыг ирэхэд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлцэл хийж АИ92 шатахууны үнийг он дуустал тогтвортой байлгахаар тохирчээ. Мөн дизелийн түлшний үнийг бууруулах талаар санал тавьсан боловч зөвшөөрөөгүй байна.
С.Лавров “...Орос улс дотоодын хэрэглээгээ хамгаалах зорилгоор тэндээ борлуулж буй аж ахуйн нэгжүүдэд тодорхой хэмжээний урамшууллыг олгож байна. Иймд үнийг бууруулах боломжгүй” гэсэн байгаа юм. Гэхдээ АИ92 шатахууны үнийг биржийн үнэ дагаж хөөрүүлэхгүй байгаа нь бидний хувьд голох хөнгөлөлт биш. Энэ төрлийн шатахууны хэрэглэгчид нь иргэд байдаг. Хэрвээ өнөөдөр литр нь 3690 төгрөг болчихсон бол Монголд юу болох байсан бол?!
Ер нь бол дизелийн түлш, шатахууны үнэ өснө гэдэг хэн бүхэнд тодорхой байсан. Сүүлийн 30 жилд дэлхийн эдийн засаг, хүнс, шатахуун, эрчим хүч, технологи гээд бараг бүх салбарыг, томоохон бүх орныг хамарсан ийм том хэмжээний дайн болж байсангүй. Тэр дундаа Орос, Украины дайнаас болоод дэлхий нийтээр нефтийн бүтээгдэхүүн, байгалийн хийн хямралд хамгийн түрүүнд өртөж байна. Унгар улс эрчим хүчний тэг зогсолт хийчихсэн, Герман улс хийн хомсдолд орж бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдчихсэн, Америкийн инфляц түүхэндээ байгаагүйгээр өсчихсөн. Эдгээрийн гол шалтгаан нефтийн бүтээгдэхүүн, эрчим хүчний үнийн өсөлт юм. Манай улсын тухайд өнгөрсөн 30 жилд байгалийн баялгаа, тэр дундаа газрын тосоо түүхийгээр нь зөөснийхөө горыг амсаж байгаа юм. Түлш шатахуун нь хойд хөршөөс хараат. Тэгвэл Орос өнөөдөр бусад улс орнууд, нэгдлүүдийн 8000 орчим хоригт орсон. Тэгэхээр энэ бүхний сүүдэр хүссэн ч, эс хүссэн ч Монголд тусна. Түүнчлэн ирэх арваннэгдүгээр сард Хятадын Коммунист намын их хурал, бас АНУ-ын Конгрессын сонгууль болно. Үүнтэй холбогдуулж дэлхийн геополитикийн шинэ шилжилт явагдах прогноз үүссэн. Тэрхүү шилжилтийн давалгаанаас жижиг эдийн засагтай орнууд маш хүнд цохилт авах магадлалтайг НҮБ-аас сануулаад эхэлсэн. Тиймээс бидэнд ирэх эдийн засгийн хямралыг хэрхэн гэтлэн давах вэ гэдэг чухал болоод байгаа юм.
Нөгөөтэйгүүр хоёр хөршийн зүгээс манайхыг буфер улс алгуур сануулж, аажмаар мэдрүүлэхийг зорьж байна. Энэ нь бидэнд мэдрэгдэж байна. Тэр ч байтугай гадаад ертөнц ч үүнийг анхаарах болсон. Шулуухан хэлэхэд цаашдаа “...ШХАБ”-даа тултал шахуулж ч мэдэх юм. Сая С.Лавров ирлээ. Удахгүй Ван И ирнэ. Манай талаас С.Лавровт Эгийн голын УЦС-ыг явуулах байр суурьтай байгаагаа хэлсэн. Ван И ирээд төмөр замын өргөн, нарийн хоёр царигаар холбохыг зөвшөөрч гарын үсэг зурж магадгүй гэнэ. Бас тэр үеэр нь 16 жил гацсан Гашуунсухайтын төмөр замыг ашиглалтад авах юм байна. Өчигдөр туршилтын тэээвэр нь амжилттай болжээ.
Хоёр хөршийн Гадаад харилцааны сайд ирээд юу ярьсан бэ гэдэг нь яг өнөөдрийн нөхцөлд дэлхийн чихийг сортойлгодог бололтой юм. С.Лавровыг ирээд явсаны дараа, саяхан олон улсын санхүүгийн мэдээллийг тоймлон хүргэдэг Financial Times сониныхон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс ярилцлага авчээ. Түүнийгээ хоёр хоногийн өмнө нийтэлсэн байна.
“...Орос, Хятадын байгалийн хийн хоолой 2024 онд ашиглалтад орно гэж Монгол Улс мэдэгдлээ” гэсэн гарчиг бүхий уг ярилцлагад “...Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Financial Times-д Рио Тинтогийн говь цөлийн зэсийн уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гэж мэдэгдэв”, мөн
“...Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа Украины дайны улмаас хийн хоолой барих төлөвлөгөө бүрхэг байсан ч барилгын ажил урагштай явна гэж найдаж байна. Украиныг эзлэн түрэмгийлсний дараа Европыг байгалийн хийн зах зээлээ алдаж, үнийн хямралыг бий болгохын тулд нийлүүлэлтээ “зэвсэглэсэн” хэмээн буруутгаж буй Оросын хувьд “Сибирийн хүч-2” төсөл маш чухал болоод байна.
Л.Оюун-Эрдэнэ “...Энэ төслийн ТЭЗҮ нь дуусч, барилгын ажил 2024 онд эхэлнэ гэж бид үзэж байна”, “... Түүнчлэн Ерөнхий сайд Рио Тинтогийн Монгол дахь Оюу толгойн асар том төсөл хуваарийн дагуу хэрэгжиж байгаа. Тус улс удахгүй болох бондын эргэн төлөлтийг шийдвэрлэх бэлтгэл ажилдаа ахиц дэвшил гаргаж байгааг хэллээ”, “...Монгол Улс 3.3 сая гаруй хүн амтай. Өргөн уудам нутаг дэвсгэртэй. Хятад, Оросын хооронд далайд гарцгүй оршдог. Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрээр жилд 50 тэрбум шоо метр хий дамжуулах “Сибирийн хүч-2” хоолойгоор хайгуул хийх чиглэлээр 2019 онд Москватай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.
Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, “... “Газпром” Ази руу чиглүүлэх төлөвлөгөөтэй байгаа ч хийн хоолойн барилгын ажлыг түргэтгэх Оросын идэвх төдийлөн нэмэгдээгүй байна. "Газпром"-ын тэргүүн Алексей Миллер Хятад улс ирээдүйд түүний тулгын чулуу болно гэж санал болгосон”, “...Л.Оюун-Эрдэнэ “...Монголоор дамжин өнгөрөх хийн хоолойн замын эцэслэн тохирохоор зөвшилцсөн хэвээр байна”, “... “2600 км урт хоолой 2030 онд ашиглалтад орно” гэж таамаглаж байсан ч Оросын хувьд эрчим хүч нийлүүлэх зах зээлээ хайж олох шаардлагатай тул салбарын удирдлагууд үүнийг урагшлуулах боломжтой гэж үзэж байна.
Дамжуулах хоолойн транзит тээврийн төлбөр нь коронавирусийн тахлын улмаас хүнд байдалд орсон Монгол Улсын эдийн засагт тустай. Худалдааны гол түнш Хятад улс вирусыг хянах гэж оролдохдоо Монголын экспортын чиглэлийг байнга хаадаг”, “..Л.Оюун-Эрдэнэ нүүрс, зэс зэрэг түүхий эдийг Хятад руу тээвэрлэх төмөр зам шинээр бий болсноор Монгол Улсын эдийн засаг энэ онд бэхжинэ гэж найдаж байгаагаа хэллээ”, “...Рио Тинто Монголын говь дахь асар том зэсийн ордын ашиглалтыг өргөжүүлснээр ойрын хэдэн жилд зэсийн экспорт мэдэгдэхүйц өсөх төлөвтэй байна. Оюу толгойн уурхай нь Монголын гадаадын шууд хөрөнгө оруулалтын хамгийн том эх үүсвэр бөгөөд олон мянган сайн цалинтай ажлын байраар хангадаг. Гэсэн ч Рио Тинто болон Монголын Засгийн газрын хооронд ширүүн маргаан үүсгэсэн удаашрал, зардлын хэт өсөлтөөс шалтгаалж далд уурхайн өргөтгөл нь хүндэрсэн.Өнгөрсөн жил Монгол Улс өрөнд оруулсан учраас хэзээ ч ногдол ашиг авахгүй хэмээн уг төслийн ажлыг зогсооно гэж сүрдүүлсэн.
Харин Рио Тинто арванхоёрдугаар сард бүтээн байгуулалтын нийт зардлаас Монголын Засгийн газарт ногдох хоёр тэрбум гаруй ам.долларын зээл, хүүг хүчингүй болгохоор тохиролцсон”, “...Өнгөрсөн долоо хоногт Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Якоб Стаушолмтой уулзсан Л.Оюун-Эрдэнэ уурхай төлөвлөгөөний дагуу ажиллаж, ирэх оны эхний хагаст далд уурхайн олборлолт эхэлнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.
“...Энэ нь Монгол Улс хөрөнгө оруулагчидтайгаа хэрхэн идэвхтэй, үр ашигтай хамтран ажиллаж болдгийн тод жишээ болно” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Рио Тинто”-тай хийсэн хэлэлцээрийн талаар дурдав. Монгол Улсын гадаад өрийн талаар асуухад Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад шийдвэрлэх зарим асуудал байгааг хүлээн зөвшөөрөв. Тэрбээр “...Монгол Улс хөрөнгийн зах зээл дээрх нэр хүндээ хэрхэн өсгөх вэ гэдэгт анхаарлаа хандуулж ирсэн”, “...Сүүлийн үед түүхий эдийн үнэ буурсан нь коронавирус болон Орос, Украины хямралын улмаас үүссэн түр зуурын цочрол гэж бид үзэж байна. Цаашид зэсийн хэрэглээ, олборлолт буурахгүй, өснө гэсэн өөдрөг төсөөлөлтэй байна гэв” гэх зэргээр бичжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Financial Times-д ярихдаа, геополитикийн ийм төвөгтэй цаг үед Монгол Улсын төвийг сахиж буй бодлого, эдийн засгийн томоохон төслүүдийн талаар маш сайн тайлбарлажээ.
Ер нь ч тэгээд өнөөдрийн энэ шатахууны 100 хувийн хараат байдал чинь манай төрийн 30 жил боловсруулах үйлдвэр барьж чадаагүйн л гор. Бас нүүрс, зэс, төмрийн хүдрийн экспортын тээвэрлэлт дээр гацдаг нь ч өнгөрсөн 30 жилийн бодлогогүй явсаны алдаа. Тэгэхээр одоо юуны түрүүнд ядаж нүүрс тээврийн гарц орцыг нэмэгдүүлэх нь чухал. Боомтуудыг боломж болгоноор нь нээнэ гэсэн үг л дээ. Тэгээд боловсруулах үйлдвэр... Хүссэн ч, эс хүссэн ч сүүдэрт нь орчихсон энэ их хямралыг “хөлдчихгүй” давах ганц гарц нь л энэ шүү дээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин