Тавь жараад оныхон төрд ноёлж байхдаа өмч хувьчлалыг хийж, газрын доорх баялгийг лицензээр дамжуулан хувьчилж, хөрөнгө оруулалт нэрээр өөрсдийн хөрөнгийг зузаалж Монголын өрийг нэмсэн.

Бас хулгайгаа халхлах элдэв хуулиудыг баталж, тэд л өөрсдөө хараагүй шар толгойтнуудаа шүтэж Монголын төрийг орвонгоор нь сүйрүүлэх үр үндсийг ТЭД л суулгасан. Тиймээ, тэд бол жараад оныхон. Өнөөдөр тэд маань хэдийн жар гарч эхнээсээ ертөнцийн мөнх бусыг үзүүлж, өвгөрч өтөлж эхэлсэн ч нөлөө нь буураагүй, дархлаа нь сулраагүй хэвээр.

Улс орны түүхэнд нэгэн бүтэн мөчлөг үеийг АХ НАР дангаар авч явлаа. Тэд дөнгөж хорин хэд, гучаад настай хөвгүүд эрх мэдэлд алмайран бялуурч, учраа олохгүй хоорондоо алалцаж, уралдан улсаа зарсан чилийсэн гучин жилийн тоос намжих шинж алга аа!

 

Харин өнөөдөр далаад оныхныг алгасаад наяад оныхон АХ НАРынхаа тусламжтайгаар төрд хүч түрэн орж ирлээ. Монголын төрд ноёлж байгаа наяад оныхныг ерөнхийд нь хоёр категорт ангилж болно: АХ НАР-ын хүүхдүүд болон АХ НАРын цүнх баригчид.

 

ЦҮНХ БАРИГЧ. Ийм нэр томъёо Монголд хэдийн танил, хүн бүхэн ойлгодог, хэрэглэдэг үг болжээ. Зөвхөн үг төдий ч биш нийгмийн нэгэн анги давхарга болон биежин тогтжээ. Цүнх баригчдын арми, давхарга өнөөдөр Монголын төрд ноёлж байна.

 

Тэд яаж орж ирсэн бэ? Боловсрол мэдлэг нимгэн ч харагдах дүр зохингуй, хүний арга эв олохдоо гаргуун, хэнтэй ч мууддаггүй, эзэндээ үнэнч. Өмч хувьчлалаас хүртсэн, уул уурхайн лицензүүдийг хувьчилж авсан АХ НАРын ийм залуусыг ДҮҮ НАРаа болгов. Шударга бусаар хөрөнгөжсөн, дийлэнхдээ хамгаалалт хайж л улстөрд орсон, шударга ёсны мэдрэмж тааруухан АХ НАР-т яг таарсан дүү нар л хэрэгтэй. Цаг хугацаа хэнийг ч хүлээлгүй урсдагаараа урсаж АХ НАРын үе нэгэн цагт дуусах л болно. Тэр үед сайн ХАМГААЛАГЧ хэрэгтэй биш гэж үү?! Сайн хамгаалагч байвал сайн ЗАЛГАМЖЛАГЧ болж болно. Гэхдээ өөрсдийг нь завсар чөлөөгүй шүүмжилж, шархан дээр нь давс цацан гишгэчин тохуурхах, социализмын сүүл үеийг мушгин ухаан орсон, шил дарсан далаад оныхон лав тэдний хамгаалагч биш, тийм учраас залгамжлагч ч биш.

 

АХ НАРын хүүхдүүд чадсан чадаагүй нь хамаагүй мөнгөөр зодож Америк, баруунд өндөр төлбөртэй сургуульд “сурав”. Дор хаяж англи хэлтэй болсон биз… Нямтайширын Номтойбаяр, Отгонбилэгийн Содбилэг, Ганзоригийн Тэмүүлэн, Энхтүвшингийн Золбоо, Нямдоржийн Анхбаяр, Батболдын Баттүшиг, Энхбаярын Батшугар, Ц. Элбэгдоржийн хүү, М. Энхболдын охин, Н. Энхболдын хүү, Цогзолмаагийн охин, Оюунчимэгийн хүү, Н.Ганбямбын хүү… тоочиж баршгүй…. Бас хоорондоо ураг удмын хэлхээ холбоо үүсгэсэн! !

 

Талх, шатахууны үнэ тэдний хувьд хэзээ ч сонин байсангүй. Өмч хувьчлалаар, уул уурхайгаар хөрөнгөжсөн эцгүүд нь тэдэнд ийм амьдралыг цар тавганд тавиад өмнө нь өвдөг сөгдөн барьсан юм.

 

Цаашлаад олны нүдэнд ил биш төрийн дунд шатны албан тушаалуудыг жараад оныхны хүүхдүүд бүрэн эзэлжээ.

Аливаа амьтан үр төлдөө өөрөөсөө ч илүү хайртай. Тиймээс тэднийгээ шууд урд эгнээнд гаргаж өөр шигээ шүршүүлж болохгүй. Харин нэг САЙН ДҮҮгийнхээ араас зүүж, гарцаагүй эрх ашгийг нь уяж өгөх хэрэгтэй. Тэд ямар ч алдаагүйгээр ийн үйлдэв.

 

Одоо тэдний хажуугаар маш сайн, эзэндээ үнэнч, дуулгавартай цүнх баригч л чихэлдэх боломжтой. Цүнх баригчдын бүхэл бүтэн арми бүрэлдвэй. Энэ нь ч бас учир шалтгаантай. Монголд үйлдвэрлэл байхгүй тул ажлын байр байхгүй, тэдний эзэмшсэн боловсролыг ашиглах төр байхгүй. Өнөөдөр тэд төрийн албыг аав ээж нарынхаа шинэчилсан цусаар сэлбэж хайр энэрлийг мэдэхгүй амьдралын төлөө үзэлцэж байна. Олны хараанд байдаггүй төрийн дунд шатны албан тушаалуудыг дүүргэж, төсөв хуваарилж, тендер зуучилж, нүүрс, баялаг зөөж, зуучилж, дундаас нь хувь авч… амьдарч байна. Хэрэв чи энэ сүлжээнд, энэ кланд багтаагүй л бол худалдаа, сүлжээ, залилан, эсвэл гадагшаа дайжих… Товчхондоо ийм!

 

Ерөөс Монголд шударгаар явбал бизнес нь ч явахгүй, ер нь МАН-аас ямар нэг хэмжээгээр зуурахгүй л бол турж үхэхдээ тулсан нийгэм нэгэнт бүтээгджээ.

 

Өөрийн үнэт зүйл нь хараахан бүрэлдэн төлөвшөөгүй, нийгмийг эрс өөрчлөх биш их сайндаа сайжруулах ёстой гэж сэтгэдэг, АХ НАРынхаа чинээлэг хангалуун, бийлэгжүү байдлыг амьдралын чиг баримжаагаа болгосон, их л сайндаа хэсэг сурч амьдарсан барууны ертөнцөө шүтэн биширч бахархан өссөн тэдэнд нохой шиг үнэнч зан л байсан, тэр нь л тэдний амьдрах арга болсон. Тэд далаад оныхон шиг тэмцлийн зам сонгоогүй. Бас ч аргагүй, тэмцэлд тэдний орон зай байхгүй мэт санагдаж байсан биз.

 

Бид Монголыг эрхшээсэн хаадтай Н.Энхбаяртай, О.Чулуунбаттай, Ч.Улаантай, гаалийн дарга нартай үзэлцэж, булхай хулгайг нь илчлэн шүүхдэлцэж байлаа. Н.Энхбаярын Их өрийн луйвар, гаалийн Баатар, Адьшаагийн авлигаар хэрхэн хөрөнгөжиж байгаатай, О.Чулуунбатын Монгол банкны эрдэнэсийн санг хувьдаа завшин луйвардаж байхад, Cү. Батболд нар уралдан алт ухан зөөж байхад бид тэдэнтэй шүүхдэлцэж, нэхийгээ уралцан үзэлцэж байлаа, харин жаалхан хөөрхөн ДҮҮ НАР АХ НАРынхаа цүнхийг барьж, машины нь хаалгыг онгойлгож өгч, мал болтлоо согтсон АХ НАРаа гэрт нь хүргэж, хүүхнүүдийг нь эхнэрээс нь нуудаг найдвартай ДҮҮ НАР байлаа.

 

Тэд найдвартай учраас АХ НАРтаа сонгогдсон, тэд найдвартай учраас АХ НАРтаа хариуцлага тооцохгүй. Тэд АХ НАРын найдвартай ар тал учраас системийн найдвартай түшиг тулгуур.

 

Архи сайн даадаг, яаж ч уусан өглөө эрт ажил дээрээ гозойж байдаг, гадаад хэлтэй, цэмцгэр цэвэрхэн, танилцуулга /презентаци/ийг сэтгэл хөдлөм тавьж чаддаг гэх мэт онцгой сайхан авьяастай ДҮҮ НАР бол АХ НАРын үнэхээр найдвартай АР ТАЛ мөн.

 

Тэд бас эелдэг, хүлцэнгүй, хайр татам байхынхаа хажуугаар хайр найргүй, өршөөлгүй байхыг ах нараасаа сурсан. Хэрэв ингэхгүй бол хэрхэн арчигддагийг ах нар түүнд бодтоор нь харуулсан учраас. Эрсдэл хийгээгүй, эрсдэл хийгээгүй учраас алдаа хийгээгүй овсгоотой ДҮҮ НАР. Тэд өөрсдийгөө хэмжүүлсэн хэмжүүрээрээ бусдыг ч хэмжинэ! Тэд бусдыг мөнгөөр хэмжинэ, гол хэмжүүр нь энэ!

 

Ийнхүү Монголд ЦЭВДЭГ ЭРИН эхлэвэй!

 

АХ НАР далаад оныхонд найдахгүй, найдах боломжгүй. Сургууль төгсөх нь нийгмийн шилжилтийн үед таарч, амьдрал ахуйг нь картын барааны, ганзагын наймааны үе дайрч, улангассан их түймэр, хоормоглосон улаан үерээс амь тэмцэн үлдсэн далаад оныхон нийгмийн алдагдсан үеийнхэн болон эвийлэлтэйгээр үлдэн хоцорсон юм. Гэхдээ тэд эцэг эх шигээ улаан коммунист болж хараахан амжаагүй, бас улайрсан либерал болоогүй, үндэснээсээ зууран зууран амь голтой үлдсэн алдагдсан үеийнхэн. Далаад оныхноос хойш ах нар нь хэний мөнгөөр, хэний баялгаар хэн болсныг сануулах хүнгүй болно. Бидний үе өнгөрч, сая АХ НАР, ДҮҮ НАР хүлээн зөвшөөрөгдөх болно. Гэхдээ бид дөнгөж л тавь шүргэж байна, ид нас!…

 

Цүнх баригчдын арми өнөөдөр Монголын төрд байна. Та нар тэднээс юу хүлээгээв? Тэднийг юуг шинэчилж хийнэ гэж бодоов? Тэд авлигач АХ НАРтаа хариуцлага тооцож шоронд хийнэ гэж горьдоо юу?! Тэд тэжээгчдээ, ивээн тэтгэгчдээ гаргуунд нь хаяна гэж хүлээгээ юу? Санасны чинь гарз! Тэд чинь дор хаяж л эцэгтээ хязгааргүй хайртай удам залгах хөвгүүд нь шүү дээ…

 

Харин одоо ДҮҮ НАРыг үлгэр дуурайллаа болгосон цүнх баригчдын дараагийн үеийн дүү нар хэдийн төрөн гарсан. Үр могой мэт тэднийг, алдаагүй хүрдний араа шиг залгамжлан эргэлдэх тэднийг, энэ системийг хэрхэн гацаах юм бэ? Монголыг зүхэн дайжих амиа хоохойлогч либералууд уу? Гартаа юу ч үгүй пролетари мэт үлдсэн хоосон Завсрын үеийнхэн үү?!

 

Зуун жилийн ганцаардал шиг бие биеэсээ урган гарсан энэ зовлонт нийгмийг ДҮҮ НАР бий болгоогүй, тэд буруутан нь биш! Гэхдээ залгамжилж байна! Гайхалтай найдвартайгаар залгамжилж байна. АХ НАРын улстөр дуусаагүй, ДҮҮ НАРаар дамжин үргэлжилсээр…

 

Товчхондоо ийм загвартай систем ингэж ажиллаж байна. Гэхдээ үүнийг зогсоох арга байх ёстой. Хүчирхийллийн биш эвлэрлийн, ойлголцлын аргаар нийгмийн энэ эрс тэс хуваагдал, том ангалыг битүүлэхсэн, эрх ашгаа нэгэн зүгт харж чадаж байвал ядаж улсаа хувааж идээгүй хэсэг нь нийлээд цаашаа явахсан гэж арга чарга хайж сууна. Хэрэв болдог бол шүү дээ

 

Гантөмөрийн Уянга