Ховд аймгийн Засаг даргаар Э.Болормааг сонголоо
2022/08/29
Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын найм дахь удаагийн хуралдаан 2022 оны наймдугаар сарын 26-ны өдрөөс эхэлж, өнөөдөр /2022.08.29/ үргэлжиллээ.
Тус хуралдаанаар Ховд аймгийн Засаг даргыг нэр дэвшүүлж, өргөн мэдүүлэх асуудлыг хэлэлцэв. Ховд аймгийн Засаг даргад тус аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормаа нэр дэвшсэн. Нэр дэвшигч Т.Дэлгэрсайхан нэрээ татсан тул төлөөлөгчид ил санал хурааж, Э.Болормааг 73.1 хувийн саналаар дэмжлээ.
Монгол Улс 1931 онд засаг захиргааны өөрчлөлт хийж, орчин үеийн аймгуудыг байгуулсан. Гэвч 91 жилийн хугацаанд нэг ч удаа эмэгтэй хүн аймгийн Засаг даргаар томилогдож байгаагүй түүхтэй. Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргаар сонгож, тэрбээр анхны эмэгтэй аймгийн Засаг даргаар ажиллахаар болж байна.
Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн барьж батлуулсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг боловсруулах ажлын хэсгийг Ерөнхий сайдын ахлах зөвлөхийн хувьд ахлан ажилласан. Харин одоо тус бодлогын чухал хэсэг болох “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын төсөл болон бусад стратегийн чухал ач холбогдолтой төслүүдийн хэрэгжилтийг хангах үүрэг хүлээж байна.
Э.Болормаа нь АНУ-ын Колумбын их сургуулийг хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай.
Хуулийн дагуу ИТХ-ын шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилна. Ерөнхий сайд ИТХ-ын шийдвэрийг хүлээн авсан тохиолдолд захирамж гарган Засаг даргаар батламжлах юм.