НӨАТ-ын сугалааг ирэх сараас эхлүүлнэ
2022/09/14
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа.
Сангийн сайд Б.Жавхлан: НӨАТ-ын сугалааг аравдугаар сараас эхлүүлнэ. Уншуулсан, уншуулаагүй бүх сериал дугаарыг сугалаанд хамруулдаг байсан. Тэгвэл аравдугаар сараас зөвхөн уншуулсан, идэвхжүүлсэн НӨАТ-ын баримтыг сугалаанд оруулна.
Иргэд ухаалаг утаснаасаа өөрийнхөө бүртгүүлсэн баримтыг сугалаанд бүртгэгдсэн эсэхийг хянах боломжтой болно. Азтан шалгаруулах үйл явцыг хянана гэсэн үг. Сонирхолтой, сайжруулсан байдлаар сугалааг зохион байгуулна.
Тавдугаар сараас НӨАТ-ын сугалааг зогсоосноор баримт бүртгүүлэх тоо 50 хувиар буурсан. Энэ нь НӨАТ-ын орлогод сөргөөр нөлөөлөх эрсдэл болж байгаа юм. Цаашлаад энэ нь далд эдийн засгийг дэмжих сөрөг нөлөөтэй гэлээ.