Монголын улс төрд популизм маш сайн “монголчлогдоод” нутагшчихсан юм. Манай “поп”-ууд бүр өөр өөрийн гэсэн арга замтай, сэдэвтэй. Мэргэшчихсэн. 

Тэгээд нөгөө л утаа, түгжрэл, уул уурхай, сургууль цэцэрлэгийн хүртээмж, хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмж зэрэг нийгмийн эмзэг сэдвүүдээр “поп”-рч, оноо цуглуулдаг. Хамгийн сайн “поп”-рсон нь нэр хүндтэй улстөрчөөр өргөмжлөгддөг. Эмгэнэл нь энэ л дээ. Гэхдээ чуулган дээр бол гишүүд “поп”-роод байж болох талтай. Харин сайд нар болдоггүй аж. Учир нь гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаа бодитой байх учиртай.

 

 

Сар гаруйн өмнө томилогдсон Хөдөлмөрийн сайд уржигдар яамныхаа ажлаар мэдээлэл хийлээ. Тэгэх үедээ маш ноцтой зүйл ярьчихав. Тэрбээр “...Манай яамныхан ядуу айлуудыг “Ул”-ныхан гэдэг” хэмээв. Үүнд Монгол даяараа дургүйцлээ. Нэгдүгээрт, хүний эрхийн мэдрэмж тал дээр яалт ч үгүй маш том алдаа хийчихэж байгаа юм. Мушгих юм бол Хөдөлмөрийн сайдынх нь энэ үгийг Засгийн газрын байр суурь гэж ойлгосон ч болно. Ядахад бид сүүлийн хэдэн жилийг тун хүнд үдэж байна. Мэдээж, үүнд дэлхий нийтийг хамарсан ковид, дайн нөлөөлж байна. Байсгээд л бензиний үнэ нэмэгдэнэ. Эсвэл тасарчихна. Энэ өвөл тогтой байх уу, үгүй гээд яригдаж байна.

 

 

Ам.долларын ханш талийсан. Дагаад импортын бүтээгдэхүүнүүд нэмэгдчихлээ. Өөрсдөө хийгээд байгаа цементийн үнэ ч даахааргүй өслөө. Үнэндээ л уур унтуу хүргэж, бухимдал төрүүлсэн өдөр хоногууд өнгөрч байна. Аль эрт, ковидын эхний үеэс л хүнсний дэлгүүрүүд талхыг таллаж, ургамлын тосыг граммлаж худалддаг болсон. Дэлгүүрүүдийн өрийн дэвтрүүд ч зузаарсаар байгаа аж. Ийм байдалд манай улс төрийн популистуудын хувь нэмэр ч багагүй оролцоотой. Тэгтэл Хөдөлмөрийн сайд нь иргэдээ “Ул”-ныхан хэмээх анги давхаргад хуваарилчихаж байгаа нь шууд утгаараа нийгмийг цочоосон явдал болов. Тиймээс өчигдөр иргэд энд тэнд цуглаж, бослого тэмцэл ч гарч магадгүй нөхцөл үүссэн юм. Харин Японд яваа Ерөнхий сайд яаралтай захирамж гаргаж, Хөдөлмөрийн сайдыг чөлөөллөө. Хэвлэлийн албанаас нь “...Хөдөлмөрийн сайдад ёс зүйн хариуцлага хүлээлгэж, үүрэгт ажлаас нь чөлөөллөө” хэмээв. Ер нь бол Хөдөлмөрийн сайдын энэ явдал зарим сайд нарт “хамар доорх хагархай”-гаа захирч явах сануулгыг өгч байна. Иймэрхүү амаа мэдэхгүй бурдаг сайд энэ Засгийн газарт нэгээр тогтохгүй байдаг. Саяхан Түгжрэл хариуцсан сайдын албан тушаал бий болсон. Энэ албан тушаалд УИХ-д нэг бус удаа сонгогдож, улс төрд олон жил явж байгаа нэг нөхөр томилогдлоо. Ажлаа аваад хэдхэн хоноод л “...Буяны цуваа түгжрэл үүсгэж байна” гэчсэн мэдэгдлийг цахим сүлжээгээр хийчихэж байгаа юм. Өөрийнх нь тайлбарласнаар энэ нь “...Түгжрэлийн сайдын шийдэл ярьж байсан ярианы нэг л хэсэг” гэсэн. Гэхдээ шийдэл гэхээсээ шал тэнэг “жиргээ” байсан л даа. Тийм л учраас олон нийт Түгжрэлийн сайдад ихэд дургүйцсэн.

 

 

Бас Байгаль орчны сайд гэдэг нөхөр юу ярилаа даа. “...Самарт явсан хүмүүсийн 80 хувь нь газар дээрээ шууд нас бардаг” гэчихэж байгаа юм. Дараа нь баахан тайлбар хийгээд л байсан. Зүй нь ярихдаа л толгойгоо жаахан ажиллуулчих байсан юм. Мань сайд сүүлийн үед Хотын даргатай эрх булаалдаад л гүйгээд байгаа дуулдах болсон. Илтэд эрх ашгийн зөрчил үнэртүүлдэг аж. Түүнд ядаж, ажил нь хаана, эрх нь хаахна байгааг Засгийн газар нь сануулмаар болсон байгаа юм. Гэтэл байгаль орчны салбарт хийх ажил зөндөө. Яамаа андуурсан сайд нь ийш тийш үсчиж байгаад Хөдөлмөрийн сайд шиг хариуцлага хүлээхдээ тулах вий.

 

 

Түүнчлэн Сангийн яамнаас НӨАТ-ын баримтын сугалааны тохирлоор урамшуулал олгох хөтөлбөр шинэчлэгдэж байгаагаа олон нийтэд ойлгуулахаар шторк хийж цацжээ. Түүн дээр нь хоёр бүсгүй нэгнийгээ төлбөрийн баримт уншуулах гэхэд "...Битгий ийм өлөн байгаач" гэчихээд хажуудаа байсан ТҮК-ийн ажилтанд баримтуудаа өгч байгааг үзүүлж байх юм. Сангийн яамныхны санаагаар "...ТҮК-ийн ажилтан "өлөн" учраас баримт уншуулдаг" гэсэн логик гарч ирж байх жишээтэй. Энэ бүхнээс төр, яам, тамгын газрынхан амьдралаас тасарч, вакумжсан, хамгийн гол нь хүний эрхийн мэдрэмжгүй үйл ажиллагааг ээлж дараалан гаргаж байна.

 

 

Энэ мэтчилэн сайдын ажлыг хэмжээгүй эрх мэдэл хэмээн эндүүрч, иргэдийг хүссэнээрээ даапаалж суудаг хүмүүс энэ засагт бий. Тэд цаашид болгоомжтой байх хэрэгтэй. Амаа мэдэж, үгээ цэгнэх ёстой. Яагаад гэвэл, 2019 оны өвөл Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимынхаа сайд нарыг халж, сэлгэхдээ бие даасан шийдвэр гаргадаг болсон.

 

 

Сайдыг чөлөөлсөн, томилсон захирамжаа УИХ-д танилцуулаад л болчихно. Өчигдөр л гэхэд Японд ажиллаж байсан Ерөнхий сайд Хөдөлмөрийн сайдыг чөлөөлөх захирамж гаргаад, түүнийг нь ЗГХЭГ-ын дарга мэдээлээд л болчихож байна. Түүнээс биш, сайдын суудалдаа үлдэхийн тулд хэн нэгний халамж нөмөр хүлээгээд, УИХ дээр хор найруулах боломжгүй болсон байна. Тэгэхээр зарим сайд ядаж амаа мэдэж явахгүй бол суудлаасаа салах чинь хэдхэн секундын л ажил болсон байна шүү. “Поп” сайд нар үүнийг анхаарна уу.

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин