Залуу уран бүтээлч Наоминтой танилц
2014/06/02
Номин буюу Наомин хэмээх тайзны нэртэй залуу уран бүтээлчийг уншигчиддаа танилцуулан, шинэ дууных нь клипийг хүргэе. Тэрээр Хөгжим Бүжгийн Коллежийг мэргэжлийн дуулаачаар төгссөн бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн Италийн Милан хотод мэргэжлийн дуурийн дуулаачаар суралцаж байгаа юм байна.
Мэдлэг боловсролдоо анхаарч, мэргэжлийн уран бүтээлч болохоор зорьж яваа тэрээр сургуулийнхаа амралт, чөлөөгөөр эх орондоо уран бүтээлээ эхлүүлж амжжээ. Наомин нь поп арт, этник чиглэлээр уран бүтээлээ туурвиж буй бөгөөд хөгжмийн мэдрэмжийг өндрөөр үнэлж, таашаадаг үзэгч, сонсогчдод өөрийн дуу хөгжмөө зориулан туурвиж байгаа гэсэн.
Тэрээр хөгжмийн зохиолч, продюсер Окигийн “Нэгүн” студитэй хамтран ажиллаж байгаа бол өнөөдөр анхны уран бүтээлээ танилцуулж байна. “Мөнх” хэмээх дуу нь эхийн тухай дуу бөгөөд бидний үргэлж сонсож ирсэн ээжийн дуунуудаас хэлбэр, хийцийн хувьд ондоо ч аялгууны хувьд, Монгол аялгуу, хөгжимд хандан бүтээгджээ. Тэр ч утгаараа, тус дуунд симфони оркестр, ардын хөгжмийг орчин үеийн дуугаралттай хослуулан бүтээж, хөгжмийн дуугаралт, найруулгыг шинэлэг хэлбэрээр бүтээснээрээ онцлог, хэвшмэл дуунуудаас өөр болж чаджээ.
Харин дууны хөгжмийг Оки зохиож, шүлгийг нь ZZ бичсэн бол клипийг “2B” студийнхэн хийж гүйцэтгэжээ.
Хөгжмийн боловсролтой, урлагийн төрх, зөв хандлагатай энэ бүтээлч өөрөө урлагийн гэр бүлээс гаралтай. Тодруулбал, Австралийн Кино Зураглаачдын холбооны монгол дахь албан ёсны гишүүн, монголын чадварлаг кино зураглаачдын нэг Д.Ангарагын дүү гэсэн шүү.
Монголын хөгжмийн урлагт тэр бүр сонсогддоггүй шинэ төрөл жанр, хэв маягаар чанартай уран бүтээл туурвих зорилго өвөрлөсөн түүнд амжилт хүсье. Харин шинэ уран бүтээлээ дуучин Наомин Монголынхоо сарангоо ээжүүддээ ийнхүү зориуллаа.