Эрх баригч дүү нар эмээ өвөө нарт эрдүү бөгөөд бярдуу байх юм аа
2022/10/07
МАН-ын залуучууд засгийн эрх барьж байна. Энэ улс орныг бүхэлд нь захирч байна. Хүн бүхэн тэдэнд бөхөлзөж байгаа биз. Ийм байхад намынхаа эмээ өвөө нарт яасан ч эрдүү, бярдуу байх юм бэ. Наад Ц.Нямдорж, Д.Сарангэрэл, Д.Хаянхярваа, Х.Бадамсүрэн... бүгдээрээ ажил амьдрал туулсан, ач зээгээ үзсэн, төр засгийн ачааны хүндээс үүрэлцсэн хүмүүс шүү дээ. Ийм хүмүүс МАН-д олон бий.
Сая ажлын танилцуулга дээрээ ХНХ-ын сайд Д.Сарангэрэл яамныхаа мэргэжилтэн, газар хэлтсийн дарга нарын бэлдсэн илтгэлийг уншлаа. Түүн дотор нь “Улны айл өрх” гэсэн үг явж байж. Тэр яамныхан иргэдийг тэгж нэрлэдэг юм байна. Хаалганы цаана төрийнхөн ард түмнээ ямар дорд үздэгийн тод жишээ. Далд хэлдэг ярьдаг, доромжилдог тэр үг хэллэгийг нь Д.Сарангэрэл сайд ил болгосон нь тэр. Харин тэр үгэн дээр нь МАН-ын дүү нар ямар айхавтар тоглолт хийв ээ. Ард түмэн ч үнэндээ тэр үгийг анзаарах сэхээгүй, амьдрахын төлөө зүтгэж явна. Харин тэдэн рүү, масс руу гар утсаар нь дамжуулан хүчээр хүргэдэг технологио МАН-ын эрх баригч дүү нар ганган хэрэгжүүллээ. Ач зээгээ үзсэн, ажил амьдрал туулсан Д.Сарангэрэл авхайд эрэлхүү, бяралхуу л хандлаа. Хэзээ байтлаа хэлсэн ганц үгийнх нь төлөө сайдыг ХЭГ-ын дарга үсэрч гарч ирээд 24 цагийн дотор огцруулсан мэдэгдэл хийж байлаа. Монголын төр засгийн түүхэнд гайхамшигтай хурдан огцруулалт боллоо. Эмээ гэж хэлсэнд Д.Сарангэрэл сайд эмзэглэж байгаа бол уучлаарай. Гэхдээ эмээ болчихсон бүсгүй таныг намын залуус чинь дээрэлхэж байна гэж би харж байна. Эр бяраа гаргалаа гэж үзэж байна. Д.Сарангэрэлийн оронд П.Анужин сайд байсан бол ингэж эрдүү, бярдуу хандах уу. Их аятайхан хандах байх. Ядаж эр хүний нүдээр ширтэж, эргэж мэдэгдлээ хянах байх. Ер нь бол МАН-ын эрх баригч дүү нар эмээ нарыг хүн гэж үзэхээ байгаад хоёр дахь сонгууль дээрээ явж байна. Өмнөх УИХ-д гишүүн байсан М.Билэгт, Ц.Гарамжав, Б.Ундармаа, А.Ундраа, Н.Оюундарь... бүх эмээ нараа тэд жийсэн. Бүр сонгуульд нэр дэвшүүлэх саналыг нь ч асуулгүйгээр эрдүү бярдуу хандсан. Сүүлчийн үлдэгдэл эмээ болох Д.Сарангэрэлд осолдохгүй НАМЭХ-ны Ерөнхийлөгчийнх нь хувьд ХНХ-ын сайдаар томилсон ч, нэр зүүж 10 хонуулаад хусдаг байна шүү. Тэгэхээр өнөөдрийн Их хурлын гишүүн энэ хэдэн эмэгтэйд хандаж хэлэхэд их улс төрд хэдэн жил оршин тогтноё гэвэл эмээ болохгүй байхыг хичээгээрэй гэж хэлэх ёстой юм уу, хаашаа юм. Эмээ л болчих юм бол эрдүү бярдуу зангаа намын залуус чинь харинчиг нэг үзүүлэх нь. Тэдэнд хэрэггүй хүмүүс боллоо гэсэн үг. Ганц Их хурлын гишүүний тухайд ч биш юм. Сая Орос 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзонг хэрхэн дээрэлхэж байгааг харав уу. Тэр бүсгүйн 55 нас хүрсэн нь, МАН-ын дүү нарын чадалд хүрэхгүй нь түүний буруу юм уу. Цагтаа эдгээр эмэгтэйчүүд нь та нар шигийг байтугай Их хурлын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарын хүндлэлийг хүлээж явсан юм.
МАН-ын өвөө нарт тэдний хандлага бас буруу байна. Цаст уулын цагаан арслан цагаа болохоор талын шоргоолжинд бариулна гэдэг үг Ц.Нямдорж, Д.Хаянхярваа, Х.Бадамсүрэн... гээд өнөөдөр төрд зүтгэж байх бүх ахмадуудад, өвөө нарт таарах үг болж. Улс төрд үхэхээс бусдыг үзсэн Ц.Нямдоржийг МАН-ын дүү нар ийм хүнд цаг үед халуун тогоо бариулан ашиглалаа. Тэгээд “Одоо чиний хэрэггүй” гэсэн шиг хөөж явуулав. Монголын улс төр, нийгэм эдийн засгийн амьдралын сүүлийн 30 жилийн түүхэн гэрч, оролцогч, хамгийн том дата бааз болсон Ц.Нямдорж яагаад та нарын дунд байж болдоггүй юм. Эрдүү бярдуу, эрэлхүү дээрэлхүү байхад чинь саад болоод байна уу. Эмээ өвөө нараа хамгаалаад байна уу. Яг үнэндээ Ц.Нямдорж шиг хууль мэддэг, хууль хүчнийхнийг хазаарладаг улстөрч өнөөдөртөө байхгүй шүү.
Д.Хаянхярвааг хүнийх нь хувьд ямар төвөгтэй байдалд МАН-ын дүү нар оруулав. Миеэгийн хүн гэдгээр нь хөөсөн байх. Гэхдээ зүгээр л “Та одоо яв” гэхэд Хаян эрхбиш ойлгох, мэдрээд явчих байсан байлгүй дээ. Ингээд явуулчих хүнийг гүйцэтгэх ажиллагааны “бай” болгож, үр хүүхдээр нь оролдож, цахилгаан гавтай сар жилээр нь шаналган зовоож, бах таваа хангах шаардлага юу байсан юм бэ. Д.Хаянхярваад дэндүү эрдүү бөгөөд бярдуу хандлаа. Намынх нь нэгэн залуу том дарга өглөө утасдаж “Та орой гэхэд нэг нөхрийн гадаадад сурах сургуулийнх нь урьдчилгаа болох 10 мянган доллар бэлэн болгоотох” гэдэг. Өнөө болдоггүй бор өвгөн Д.Хаянхярваа нь юун ч гэнэн юм, улс төрд өчнөөн удсаны хэрэггүй, хуурай дүү рүүгээ залгаад гялс аваад ир гэжээ. Үүнийг нь анаж байсан гүйцэтгэх ажилтнууд авчирч, өгч байгаа үйлдэл дээр нь камертай орчих жишээтэй. Тэр бичлэг, зургаа гэрлийн хурдаар нийгэмд цацчихаж байгаа юм. Ингээд хөөрхий өвөө “Хүүхдүүдийг минь зүгээр орхичих, би авлига авсан гэж хүлээе” л болсон. Иймэрхүү юм нүдэн дээр л болох юм байна шүү дээ. Тэр болгоныг ярьж хөөрч, бичиж нийтлэхээс залхаж байна шүү дээ. Ингээд л УИХ дахь МАН-ын бүлгийн дарга байсан, намдаа басчиг нөлөөтэй өвгөнийг намынхаа 30 дугаар Их хурлын өмнө, Миеэгийн фракцийг босгох нь гэдэг хардлагаар будаа болгож, ажил ч үгүй болгон, намынхаа бусад өвөө нарт сургамж болголоо. МАН-ын хамгийн том санхүүжүүлэгчдийн нэг болох Х.Бадамсүрэнг бас буланд шахлаа. Түүнийг Эрдэнэтээс хөөж гаргангуутаа хамгийн хүнд нөхцөлтэй яамны Төрийн нарийн бичгийн даргаар шахаж, настай хүнийг дооёолдог нь өөдгүй хэрэг. 60-тай хүн байтугай 50-тай хэд нь сөхрөх шахдаг хүнд ажил бол Төрийн нарийнууд шүү дээ. Энэ мэтээр өвөө нараа МАН-ын залуус зүгээр суулгахгүй байна. Эрдүү бярдуу хандаж, төр рүү хошуу дүрэх гэсэн бүгдийг алах нь. Шууд гэрийн мухар руу нь цөлж байна. Ийм нас тэдэнд ирэхгүй юм шиг харгис байна.
Ямар ч цаг үед Монголын төрд ахмад, дунд, залуу гурван үеийн хэлхээ явж ирсэн. Хэзээ ч Монголын төрөөс яваагүй, явбал төр засаг дэнжигнэх тийм алтан хэлхээс. 1937 оны их хэлмэгдүүлэлтээс эхлээд 1940-1950 он хүртэлх Оросын шахалт, дарамт дор Монголын төрд Г.Бумцэнд гэж өвгөн партизан УБХ-ын Тэргүүлэгчдийн даргын албанд хадаастай юм шиг сууж төрийн тамгыг сахисан. 1960 оноос Ж.Самбуу гэж өвгөн АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Өнөөдөр тэгвэл хэн гэгч өвгөн Монголын төрд овойгоод сууж байна вэ. Өнөөдөр Тэргүүн шадар сайдын албыг бий болгож УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл гуайг томилж яагаад болохгүй гэж. Г.Бумцэнд, Ж.Самбуу гуай нар бол тухайн үеийн залуухан удирдагч нартаа юу хийхийг нь биш, харин юу хийж болохгүйг нь хэлж, сануулаад сууж байдаг байсан юм билээ.
Ийм Монгол төрийн мэргэн өвөө нар өнөөдөр байхгүй байгаа учраас эрх баригч МАН-ын дүү нар заримдаа айл гэр болон тоглочих гээд байх шиг харагдах юм. Амьдрал үзсэн, ажлын ард гарч сурсан, сайн мууг их сонссон, тэвчээр хатуужлын туйлууд МАН-д уг нь олон бий дээ. Тэд өнөөдрийн улс төрд оролцоотой байсан бол валютынхаа нөөцийг шавхтал долларын хяналтаа алдах байсан уу, Хятадын хил гааль хаагдах байсан уу, Таван толгойн орд арай эрт эрүүл эдийн засаг болох байсан уу... гээд харамсах зүйлс байна. Өвөө нар мөнгө босгож чадахгүй байж болно. Харин үнэн үгийг бол та нарт яг л хэлнэ. Үнэн үг хэлж байгаа хүн шиг үнэ цэнэтэй хүн амьдралд байдаггүй юм даа. Эцэст нь эрх баригч МАН-ын дүү нартаа хэлэхэд, та нарын зүгээс болж бүтэж байгаа юм шиг ганц л зүйл байна. Тэр бол та нарын пиар л юм даа, пиарыг л айхавтар хийх юм даа...
Ddavaa · 2022/10/10
Tetgever ee tsartsaalgahiig zuvsheersen Eree uvee nariig ajilluulj boloh yum shigee
Уншигч · 2022/10/09
Яадгийн бид улны хүмүүс эд хөрөнгөнд шунаагүй
Зочин · 2022/10/09
анод н хэрэг ил өолно нямка
Зочин · 2022/10/09
Мэдлэг туршлагатай Ц.НЯМДОРЖ мэтийн хүмүүсийг бүү явуул наад толгой чинь монгол төрд хэрэгтэй толгой зүгээр мэдлэгтэй толгой хэзээ ч хөгширдөггүй юм. Нямдоржийг ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДАРГААР ТАВИХ НЬ МАШ ЗӨВ ШҮҮ
Зочин · 2022/10/09
энэ хүмүүс болсон бузаар булаййг нь бид нар дийлэхээ байлаа явж далддар
Зочин · 2022/10/08
Ц.НЯМДОРЖИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ОРУУЛЪЯААА
Зочин · 2022/10/08
Ц.НЯМДОРЖ БОЛ ҮНЭН ХАЙРАН ХҮН ШҮҮ ЖИНХЭНЭ ТӨРИЙН ХАР ХҮН ДЭЭ ЗАЛУУЧУУДАД ҮХЭН ҮХТЭЛ ЭЭ ТҮШИГ БОЛОХ ХҮН УЧИР ХАЙРАН ШҮҮ ЯДАХНАА ЗӨВЛӨХӨӨР Ч БОЛОВ ТӨРД ОЙР БАЙЛГАААСАЙ ХАЙРАН ХҮН БОЛ ХАМГИЙН ХАЙРАН БАЙДАГ ЮМ ШҮҮ. ЯГ ЭЦЭГ ,ЭХ, ЭНЭ БИЕ ШИГ ХЭРЭГТЭЙ
Dan ganchhan zaluusaar dyyrgene gebel ter ergyytel suu!!!! · 2022/10/07
Delhiin bair syyriaas bol emee ebee nar ikhe hyral zasagiin gazar ni syyj l baih yum manaih bolohoor tedniigee heej tyygaad baina,er ni Mongolchyyd chini ahmadaan hyndlej tedniihee ygiig sonsoj irsen ardyyd syy!!!!ter ebgedyyd chini mas ynetei ygiig helj zaluusiin dansnaas hasagdsan ygiig cheejindee hadaglasan yabaa!!!tiimees ebee emee nar ene Mongoliin zasagt ikhe hyrald heregtei!!!!
иргэн · 2022/10/07
эмээ овоо нар байраа тавьж огоо.аль ч торийн байгуулагын тэтгэврийн насны эмээ овоо нарыг тэтгэвэрт нь гаргаа.залуучуудад байраа тавьж огох нь зов.сургууль цэцэрлэгт хийж гавьсан юмгуй хор найруулаад суудаг жмээ овоо зондоо. тэднийг гаргах нь зов
Зочин · 2022/10/07
хөгшчүүл дийлэхгүй дээ харин зөвлөхөөр ганц хоёр жил явббал яасан юм вэ
Zochin · 2022/10/07
HULGAICHUUDAD "EMEE, UVUU" Ch goyodono.UHVEL TAARNA.MONHOLCHUUDAD "GAI" Bolsnoos "GAVIYA" BOLOOGUI. UHDELUUD.
Иргэн · 2022/10/07
Энэ бичигч юу хэлэх гээд байна аа. Энэ хэдэн улс төрийн өвөө эмээ нарыг насаар нь төрд байлгах гээ юу. Харин залгамж үеэ бэлтгээгүй энэ өвөө эмээ нарыг маш хурдан төрөөс зайлуулах хэрэгтэй.
Зочин · 2022/10/07
авсандаа ортолоо идэцгээхүү тэгээд ааан
Зочин · 2022/10/07
Идээ бээр шунаалын тулаам болсон өвөө эмээ нарыг зайлуулсан нь дээр тэд нар төрөөс төсвөөс хангалттай авсан
Зочин · 2022/10/07
Бид хөрөнгөлөг бүлэгтэй болсон тэгэхлээр татвар төлөгчдийн хяналтын хүчтэй хуультай болж төсвийн эзний хяналт хэрэгтэй боллоо энэ хууль санаачилсан эрхмийн хөшөөг ард түмэн алтаар босгох болно