Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн пүрэв гарагт 2023 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан билээ. Тэрбээр “Дэлхий даяар хүнс, эрчим хүчний үнийн огцом өсөлт, нийлүүлэлтийн доголдлоос шалтгаалж сүүлийн 20-40 жил байгаагүй үнийн савлалт үүсэж байна.

Гэхдээ бид нэгдмэл бодлоготой байвал олон улсын геополитикийн нөхцөл байдлаас үүдэлтэй энэ сорилтыг даван туулна.

 

2023 оны улсын төсвийг өргөн барьсан хувилбараар баталвал эдийн засгийн өсөлт таван хувьд хүрч, инфляц нэг оронтой  тоо руу буурах боломжтой. Мөн экспортын биет хэмжээ 2019 оны түвшинд хүрч, төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал буураад зогсохгүй, валютын ханш тогтворжино гэдэгт Засгийн газар бүрэн итгэлтэй байна” гэсэн юм. Ирэх оны улсын төсөвт тусгаснаар хавтгайрсан халамжийг үе шаттай хязгаарлан хөдөлмөрийн бүтээмжид суурилсан төрийн албаны цалингийн тогтолцоог нэвтрүүлэх юм. Түүнчлэн 160 гаруй салангид шатлалыг 20 болгон бууруулж, олон улсын жишигт нийцүүлэх аж.

 

ОРОН НУТАГТ ЧАДВАРЛАГ ХҮНИЙ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

 

Хотын хэт төвлөрлийг багасгах нь орон нутгийн хөгжилтэй салшгүй холбоотой. Тэгвэл Хөшигийн хөндийн дагуул хотын бүтээн байгуулалтын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр тусгажээ. Тухайлбал, орон нутгийг орон сууцжуулах ажлыг шийдвэрлэж, ипотекийн зээлийн хүүг гурван хувьд хүргэхээр тусгав. Чадварлаг хүний нөөцийн орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлж, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд төрийн албан хаагчийн цалинг 20-100 хувь гүйцэтгэлд тулгуурлан нэмэх ажлыг зохион байгуулахаар боллоо. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд дулаан, цахилгаан үйлдвэрлэх шинэ төслийг орлого олж эхэлсэн эхний гурван жилд 90, дараагийн гурван жилд 50 хувиар татвар хөнгөлнө. Мөн нийслэлээс орон нутаг руу үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлэх аж. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдрийн байдлаар 21 аймгаас Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон аймаг улсын төсөвт орлого төвлөрүүлж, бусад нь татаас авч байна. Цаашид аймаг бүр төсвийн орлогоо бүрдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг Засгийн газар бодлогоор дэмжинэ” гэдгээ онцолсон юм. Төсвийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын зарим гишүүний илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.

 

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЧИНБҮРЭН: Д ВИРУСТАЙ 40 МЯНГАН ИРГЭНИЙ АМЬ НАС ЭРСДЭХ МАГАДЛАЛТАЙ

 

-Инфляц, ам.долларын ханшийн өөрчлөлт их байгаагаас эрүүл мэндийн бүтээгдэхүүний үнэ 40-60 хувиар өссөн. Эрүүл мэндийн асуудлыг төсөвт тусгахгүй бол даатгалын сангаас эмнэлгүүдэд квот тогтооно. Квот бий болбол эмнэлгүүд үйлчлүүлэгчдээ үзэж, оношлох цагаа хойшлуулна. Улмаар иргэдийн дараалал ихсэж, нөхцөл байдал улам хүндрэлтэй болно. “Элэг бүтэн Монгол” аянаа үргэлжлүүлэх ёстой. Тухайлбал, элэгний Д вирустай 100 мянган иргэн Монгол Улсад  вирусын эсрэг эм ирэхийг хүлээж буй. Ийм өвчтэй 40 мянга гаруй иргэн эмчилгээ зайлшгүй хийлгэхгүй бол амь нас нь эрсдэх магадлалтай. Тиймээс 2023 оны төсөвт эрүүл мэндийн санхүүжилтэд онцгой анхаарах хэрэгтэй.

 

УИХ-ЫН ГИШҮҮН, ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Г.ТЭМҮҮЛЭН: ТӨСВИЙГ ЗӨВ ТӨЛӨВЛӨХ АЖИЛД ОЛОН НИЙТИЙН САНАЛ АВДАГ ТОГТОЛЦООНД ШИЛЖИНЭ

 

-Энэ оны төсөв цар тахлын хүндрэлийг даван туулж, эрсдэлийг бууруулах байсан бол ирэх оны төсөвт эдийн засгийг тогтворжуулах шинэчлэлүүдийг өргөн барьсан гэж үзэж байна.Төсвийн ил тод байдал, хяналтыг сайжруулахаар тодорхой шинэчлэлийг хийх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэ дүгнэлтэд тулгуурлан энэ сарын 19-нд “Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг хийнэ. УИХ төсвийн асуудлаар анх удаа олон нийтийн хяналттай хэлэлцүүлгийг хийх гэж байна. Өнгөрсөн жилүүдэд төсвийн төслийг Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн барьж байсан. “Төсөв-2023” хэлэлцүүлгийн хүрээнд төсвийн төслийг УИХ-аар  хэлэлцэн батлах явцад биш, төсвийг анхнаас нь зөв төлөвлөх ажилд олон нийтийн санал авдаг тогтолцоонд шилжинэ. Төсвийн төсөлд өгөх олон нийтийн саналыг энэ сарын 7-17-ныг дуустал авна. Иргэд саналаа гар утасны d.parliament аппликейшн ашиглан өгнө.

 

ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР:36.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛНО ГЭЖ ТУСГАСАН

 

-Ирэх онд нүүрсний борлуулалтаас бий болох гадаад валютыг Монголд авчирах асуудлаар Засгийн газрын тогтоол гарсан. 2023 оны төсөвт 36.5 сая тонн нүүрс экспортолно гэж тусгасан нь цар тахлын өмнөх хэмжээнд хүргэх зорилт юм. Энэ сарын 5-нд гарсан Засгийн газрын тогтоолоор ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс бүх гэрээ цахим болно. Гэрээний дагуу нүүрс хилээр гарах учраас гэрээ хийгээгүй тохиолдолд нүүрс экспортлохгүй.

 

 

Б.Дарьсүрэн

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин