Сүүлийн жилүүдэд зочид буудал нэртэй гэмт хэргийн үүр уурхайнууд олноор байгуулагдаж, тоо толгой нь өссөөр л байна. Зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй эдгээр буудлууд нийтийн эзэмшлийн орон сууцны орц хонгилд ч үйл ажиллагаа явуулдаг.

Ариун цэвэр, тохижилтын стандартын наад захын шаардлага хангаагаагүй зуу зуун буудлууд нийслэлд архидалт, завхаaрал, гэмт хэргийн үүр уурхай болж оршсоор байгаа. Мөн арай томхон буудлуудыг нь ихэвчлэн гадаадын иргэд эзэмшдэг нь элдэв янзын гэмт хэргийн өнгөлөн далдлалт, болгон ашигласаар ирсэн.

 


 

Улаанбаатар хотод л гэхэд 467 том жижиг зочид буудал үйл ажиллагаа явуулдаг. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас эдгээр буудлуудад аттестатчилал явуулж, стандартын шаардлага хангаагүйд нь үйлчилгээгээ сайжруулах зөвлөмж, шаардах хуудас өгчээ.

 

Гэвч зөвлөмж, шаардлагыг үл тоож ариун цэвэр, эрүүл ахуй, аюулгүй байдлын энгийн нөхцөлийг бүрдүүлээгүй тул 99 зочид буудал, дэн буудалд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоогүй байна. Тиймээс үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй 99 зочид буудал, дэн буудалд зохих журмын дагуу арга хэмжээ авахаар нийслэлийн Засаг дарга захирамж гаргажээ.

Энэхүү мэдээлэл хэвлэлүүдээр цацагдсаны дараа иргэд уншигчид үнэхээр нүдээ олсон ажил хийлээ хэмээн ихэд ам сайтай байгаа.

Зочид буудалд үйлдэгдсэн ноцтой гэмт хэргүүдийн зах зухаас эргэн сануулая.

- 2013 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод “Орхон” зочид буудалд долоон залуу 24 настай бүсгүйг гурван хоногийн турш буудал хүчиндсэн хэрэг гарсан. Энэ буудалд өмнө нь ч хүчингийн хэрэг гарсан байжээ. 

- 2011 оны есдүгээр сард Баянгол дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “Хангай” зочид буудлын өрөөнөөс нялх хүүхдийн цогцос олдсон.

- 2012 оны аравдугаар сард Баянгол дүүргийн, гурав, дөрөвдүгээр хорооллын эцэст байрлах “Хангай” зочид буудлын өрөөнд хэрэглээний газ үнэрлэж, улмаар газ нь дэлбэрч зургаан залуу хүнд, хөнгөн түлэгдсэн.

- Булган аймгийн Булган сумын “Болор” зочид буудлын 3 тоот өрөөнд 22 настай эмэгтэй О-г Орхон сумын харьяат 22 настай эрэгтэй Б хутгалж амь насыг нь хөнөөсөн. Тэрээр хэрэг үйлдэхдээ согтууруулах ундаа ихээр хэрэглэсэн байжээ.

- 2013 оны нэгдүгээр сард Баянгол дүүргийн XII хороонд байрлах “High class” зочид буудлын зургаан давхрын цонхоор 34 настай эмэгтэй унаж амиа алдсан хэрэг гарчээ. Талийгаач эмэгтэй тухайн үед “High class” зочид буудлаар гурван найзын хамт үйлчлүүлж байсан.

- 2010 оны наймдугаар сард Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Ашид-Эрдэнэ” зочид буудалд байрласан оршин суух хаяг, эрхэлсэн ажил нь тодорхгүй 33 настай, эрэгтэй С, 00-ийн өрөөний хаалганаас өөрийгөө боомилж нас барсан байхыг буудлын үйлчлэгч эмэгтэй харан Цагдаагийн хэлтэст мэдэгдсэн.

- 2013 оны аравдугаар сард СБД-ийн "Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн" хажуу талд байрлах "Кибер" компьютер худалдааны төвийн дээд давхарт үйл ажиллагаа явуулдаг буудлын цонхноос эмэгтэй хүн унаж нас баржээ.

- 2013 оны арванхоёрдугаар сард Баянгол дүүргийн XII хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мэрди” зочид буудалд угтагч ажилтай 24 настай эмэгтэй бусдын гарт амиа алдсан.

- Мөн оны наймдугаар сард Солонгос эзэдтэй "Michelle" зочид буудлын цонхноос монгол залуу бүсгүйг шидэж амь насыг нь хөнөөсөн ноцтой хэрэг гарч байв.