"Ичихгүй" автобусанд суусан нь...
2022/10/12
Фельетон
Алхах гэхээр хол, таксидах гэхээр мөнгө. Аргаа бараад эргэлзэж, эргэлзэж автуусны буудал дээр ирлээ. Ичих нүүрээ элгэндээ наасан олон Монголчууд автуусны буудал дээр батгана шиг шавааралдаж байлаа. Ичдэггүй хүмүүсийг "саарал ордонд" л байдаг гэж бодож явсан, эндүүрчээ. Sorry.
Монголчууд "ичих булчирхай"-гүй болжээ. Ээ чааваас. Ийм олноороо багшралдаад ичих ч үгүй автуус хүлээгээд зогсож байхыг анх удаа хараад өөрөөсөө ч бас ичлээ.
Ичиж зовохгүй автуусанд сууж явсан оюутан насаа дурслаа. Автуусны үнэ "Сүхбаатар"-аас "Чингис" болсон байна. "Хөөрхөн ааштай" аниа нар алга болж, дундуураа бус урдуураа ордог болж.
Урьд нь ичиж зовох юмгүй чихэлдээд, уралцаад, алалцаад ордог байсан автуусандаа одоо орох гэсэн нэг л биш ээ. Бишүүрхээд ч байгаа юм шиг, ичээд ч байгаа юм шиг, тэртээх насны краштайгаа таарчих гээд ч байгаа юм шиг, анх удаа хадмындаа орох гээд ч байгаа юм шиг, таксины мөнгөгүй "улны баагий" болох гээд ч байгаа ч юм шиг эсвэл оюутан, ахмад настан, тахир дутуу хүн болчих гээд ч байгаа юм шиг...
-Хөөш чи орох юмуу, яахын.
-Аахаан (...дүүрсэн хэрэг. Танидаг хүн бүү таараасай. Ум мани бад ми хум)
Бие биенээсээ ичсэн цэвэр ичимтгий Монгол хүнээр дүүрсэн автуус. Бие биенээ танихгүй мөртлөө бие биенээсээ нэг л ичицгээнэ.
Уул нь би таксидаж болно л доо. Даанч таксины үнэ өссөн. Би ч автуусанд суух зиндааны хүн биш л дээ, яараад л. Би ч муу ч үгүй дарга л даа, ард түмнийхээ амьдралыг судлаж явна.
Би ч уул нь "од" хүн л дээ, өнөөдөр дугаар явахгүй. Би ч эгэл хүн шүү гээд сэлфи хийнэ.
Би ч, би ч, би ч...
Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ байсан бол "Би улны биш Улсын Ерөнхий сайд л даа. Бэрхээс ирээд сууж л байлаа. Наад "кантнээрт" чинь...одоо л Ерөнхий сайд болчихсоноос биш." гэх байсан биз.
Сууна аа, үхсэн баас. Ичимхий ард түмнээ чихсэн навсархай автуус өөрөө ард түмнээсээ ичнэ...
Жуковын автуусны буудал дээр театр орох нь уу гэлтэй ганган Орос авгай зогсоно. Автуус ирсээр, явсаар. Гэтэл нэгэн тарлээбуус иртэл тэр авгай үсрэн суулаа...
Ч.Явуухүү
sonin.mn
Зочин · 2022/10/20
Цаад хэлэх гэсэн санаа нь таалагдлаа,
Зочин · 2022/10/12
Автобусанд суух ичих зүйл мөн үү харина энэ зуунд 1 хүн оногдох өрөөрөө тэргүүлж байгаа нь харина ичих зүйл бус уу