Р.Амаржаргал: Ипотекийг хойшлуулах нь зах зээлийн зарчмаас ухарч буй хэрэг
2022/10/19
Ирэх оны төсвийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд асан, Глобал эдийн засгийн хүрээлэнгийн Ерөнхий захирал Р.Амаржаргалын байр суурийг хүргэж байна.
-Ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Та төслийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Шинэ содон зүйлгүй, байдаг л төсөл болсон. Танилцуулсан баримт бичиг дээрээ энэ бол тогтворжуулалтын төсөв гэж хэлсэн байна лээ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг тогтворжуулах төсөв баталж, амжилттай болбол 2019 оны түвшинд хүргэх зорилготойг Сангийн яам мэдээлсэн.
-Эдийн засагчид төсвийг хатуу эсвэл өөдрөг болсон гэж хоёр талаас тайлбарлаж байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу нэг их наяд төгрөг хэмнэж, инфляцыг 10-аас доош хувьд хүргэнэ гэж тусгасан. Энэ нь бодит байдалтай нийцэх үү?
-Төсөв бол төрийн эдийн засгийн бодлогыг тоогоор илэрхийлсэн байх учиртай. Төсвийг хараад тулгамдсан асуудлаа хэрхэн эрэмбэлж, ач холбогдол өгч буй нь ил харагдах ёстой.
Хоёрдугаарт, би өөрөө макро асуудлыг сонирхдог учраас төсвийн тооцооллын хавсралтууд, нэгдсэн төсвийн орлого зарлагын үр дүнгийн үзүүлэлтийг хардаг. Хэдийгээр ДНБ-д тухайн үзүүлэлтийн эзлэх хувийг эдгээр хавсралтад тусгасан байдаг ч динамик буюу өөрчлөлтүүдийн хувь хэмжээг судлаачид тооцож байж л хаашаа чиглээд байгааг дүгнэх бололцоо гарч ирнэ. Иймэрхүү ажлыг сайд, дарга, эрхэм гишүүд хийхгүй нь ойлгомжтой. Тиймээс төсөв хэлэлцэж, баталж буй нь хэлбэр төдий болсон.
Гуравдугаарт, төсвийн сахилга гэж бий. Ард түмний мөнгийг л төрөл бүрийн хэлбэрээр татан төвлөрүүлж, дахин хуваарилах ажлыг төр хийдэг. Тиймээс төр мөнгийг зөв, үр ашигтай зарцуулах ёстой. Үр ашигтай зарцуулж буйг төсвөөр дамжуулан хянах л арга байдаг. Төгрөг тутмыг юунд зарцуулж буйг илэрхийлсэн нарийн задаргаа байх ёстой. Дараа нь ард түмний мөнгийг шамшигдуулсан бол хариуцлага тооцох эрх зүйн орчин нь хууль болон батлагдаж буй төсөв мөн.
Товчхондоо, миний тавьж буй шаардлагыг хангахгүй байгаа учраас төсөв хууль биш гууль болоод удаж байна. Энэ нөхцөлд “хатуу, өөдрөг, бодит байдалд нийцсэн” зэргийг ярих нь илүүц байх. Дараагийн чухал асуудал нь Сангийн болон мөнгөний бодлого уялдаж байх ёстойг бүгд мэдэж байгаа. Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчөөс эхлээд, амтай болгон энэ тухай тунхагладаг. Бодит байдлыг ирэх оны улсын төсөв, мөнгөний бодлогоос тод харж болно. Сүүлийн саруудад Монголбанк бодлогын хүүг өсгөсөөр байгаа. Үүнийг инфляцын өсөлтийг бууруулах үүрэгтэй хэмээн тайлбарлаж буй. Харин Засгийн газар зардлаа ДНБ-ий 36 хувьд хүргэхээр нэмж оруулсан байна.
-Монголын эдийн засгийг уул уурхайн салбаргүйгээр төсөөлөшгүй. Гэтэл энэ салбараас төсөвт төвлөрүүлэх орлогыг нэмсэн нь хэр зүйтэй алхам бэ?
-Хэрээс хэтэрсэн зардлаа санхүүжүүлэх эх үүсвэр өөр хаанаас олох вэ дээ. Гэхдээ асуудал нь уул уурхайгаас төвлөрүүлэх мөнгөний хэмжээ чухал биш. Миний ойлгож буйгаар төр засаг тун сул байгаагийн илрэл юм. Татвар цуглуулах хамгийн амар арга нь хил гааль. Орж гарч буй барааг хянах нь чирэгдэл багатай, авлига авахад ч амар. Хэрвээ манай төсвийн орлогын бүтцийг харвал маш болхи. ХХОАТ хэдэн хувийг эзэлж буйг сонирхоод, бусад хөгжиж буй улсын төсөвтэй харьцуулах нь зүйтэй. Мөн дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийг хэлбэл, дотоод ложистикийн боломж зэргийг дутуу тооцдог нь энэ жилийн төсвөөс илт байна.
-Төслийг хэлэлцэх үеэр ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, Засгийн газарт шилжүүлэх асуудал яригдсан. Хэрвээ биелэвэл хэр оновчтой шийдвэр вэ?
-Нэгдүгээрт, ипотекийн зээлийн талаар нийтээрээ дутуу ойлголттой байдаг. Ялангуяа, макро эдийн засгийн зохицуулалтын хүрээнд ямар үүрэг гүйцэтгэдгийг ойлгох хэрэгтэй. МИК үйл ажиллагаа явуулаад 16 жил өнгөрсөн. Энэ хугацаанд орон сууцны зээлийн цоо шинэ зах зээлийг гаргаж ирсэн. Үүнээс гадна монгол төгрөгийн насыг уртасгасан явдал.
Өнөөдөр монгол төгрөг 1-2 жилийн настай байна. Ийм богино настай мөнгөөр урт хугацааны, 5-20 жилийн төслийг хэрэгжүүлэх боломжгүй. Тэгэхээр ипотекийн зээл нь төгрөгийн насыг уртасгах өндөр ач холбогдолтой.
Зөвхөн цоо шинэ зах зээл үүсгэсэн, төгрөгийн насыг өсгөх ажлыг хэрэгжүүлж эхэлсэнд нь МИК-д талархах ёстой. Гэтэл энэ зээлийг зогсоох, эргэн төлөлтийг хойшлуулах буюу зах зээлийн зарчмаас нь ухраах тухай бодож байгаа нь тун харамсалтай. Монголбанк макро эдийн засгийг удирдах хүчирхэг институт болохоос биш буяны байгууллага биш. Анх МИК-ийг санаачлан хөл дээр нь босгосон. Цаашид Засгийн газар хариуцах ёстой.
Б.Дарьсүрэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Иргэн · 2022/10/19
За энэ нэг нөхөр сонгууль болохоор л гарч үзэгддэг...арай эрт үү аан...