ТӨСӨВ-2023: Нийтийн тээврийн шинэ автобусыг 2024 он хүртэл импорт, гаалийн татвар болон НӨАТ-аас чөлөөлнө
2022/10/19
“Төсөв-2023” олон нийтийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. Ирэх оноос хэрэгжих татварын дэмжлэг, зарим шинэчлэлийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж байгаа юм.
Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг бууруулах хүрээнд зорчигч тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобусыг 2024 он хүртэл импортын, гаалийн татвар болон НӨАТ-аас чөлөөлөх нь. Мөн нийтийн тээврийн хэрэглээг ААН-үүдэд хөнгөлөлт үзүүлэх замаар дэмжих шийдлийг санал болгож байгааг тэрбээр хэллээ.
Түгжрэлийг бууруулах хүрээнд Нийслэлийн төсөвт 420 тэрбум төгрөгийг үлдээж байгаа бөгөөд үүнээс гаднах нэмэлт орлогуудыг УИХ-аар шийдэх юм байна. Зөвхөн нийтийн тээврийг сайжруулах, парк шинэчлэл, паркийн бүтээн байгуулалтад 340 тэрбум төгрөгийн төсвийг 2023 онд тусгасан байна. Энэ мөнгийг Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар сайдын багцад оруулж өгсөн. Сайд өөрөө салбар дундын зохицуулалтыг бүрэн хэрэгжүүлж, Улаанбаатар хот болон улсын төсөв хооронд энэ менежментийг гүйцэтгэх ёстой гэдгийг мөн хэлэв.
Түүнээс гадна хүнсний аюулгүй байдлыг хангах бодлогын хүрээнд импортоор оруулж буй хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн шинэ тоног төхөөрөмжийг Гаалийн албан татвараас 2027 он хүртэл 100% хөнгөлөх бодлогыг төсөвт тусгажээ.
Хэдийгээр мөнгөний бодлогоо хатууруулаад, төсвөө хумьж байгаа ч татварын бодлогоороо эдийн засгийн тодорхой салбаруудын өсөлтийг дэмжих бодлогыг огтхон ч орхиогүй. Төсвөө хэт их хумивал дараа нь эдийн засгаа тогтворжуулж өсгөхөд илүү их үнэтэй болж ирэх учраас тодорхой хэмжээний татварын бодлогоор салбаруудын өсөлтийг дэмжих бодлого авч орж байгаа" хэмээн тайлбарлалаа.
Татварын дараах таван хөнгөлөлтийг хөрөнгийн зах зээлд чиглүүлснээр шууд хөрөнгө оруулалтуудыг дэмжих тодорхой ахиц гарна гэж харж байгаагаа Сангийн сайд Б.Жавхлан хэллээ. Үүнд:
- 1. Нээлттэй компаниудын хувьцааны ногдол ашгийг бууруулна. Уг татвар дотоодод 10%, гадаадад 20% байдгийг жигд 5% болгон бууруулахаар тусгасан. Өмнө нь энэ бодлого УИХ-д орж ирээд унаж байсан. Учир нь уул уурхайн салбарын улмаас хардагддаг байсан. Тиймээс одоо оруулж байгаа саналд уул уурхайн компаниуд хамаарахгүй байх юм.
- 2. Хөрөнгө оруулалтын сангуудын үйл ажиллагааны орлогыг татвараас чөлөөлнө. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдаад 10-аад жил болсон. 4-5 хөрөнгө оруулалтын сан зөвшөөрөл авч, үйл ажиллагаа эхлүүлсэн боловч энэ сувгаар эдийн засагт бодит дэмжлэг болох үр дүн гарахгүй байгаа. Тиймээс ХОС-ийн үйл ажиллагааны орлогыг цаашдаа татвараас тодорхой хугацаанд бүрэн чөлөөлье гэж байгаа. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлогын татвар 10-25% гэсэн интервалтай байдгийг 0% болгох томоохон өөрчлөлтийг санал болгож байна.
- 3. IPO хийхтэй холбоотой гарсан зардлыг 20% нэмэгдүүлж тооцох боломж бүрдүүлнэ.
- 4. IT компаниудын хувьд гадаадад шилжүүлэх буюу гадна талд байгаа томоохон технологийн шинэчлэлд хөрөнгө оруулж, нутагшуулсан бол үүнийг татвараас чөлөөлөх зардлыг 4 дахин бууруулж тооцно. Өөрөөр хэлбэл, гадаад руу шилжүүлэх гүйлгээний суутган татвар 20% байсныг 5% болгож байгаа. Энэ бол олон улсын практикт туршигдсан, үр дүнгээ сайн өгсөн жишиг. Урд хөршид 10 гаруй жил маш сайн үр дүнгээ өгсөн. Манайд ч үр дүн өгнө гэж харж байгаа.
- 5. Гарааны компаниудын орлогод ногдох албан татварыг байгуулагдсанаас хойш 5 жилийн хугацаанд бүрэн хөнгөлнө. Энэ хугацаа 3 жил байсныг 5 жил болгон нэмэгдүүлж байна гэлээ.
Зочин · 2022/10/20
Одоо удахгүй болох 24 оны ИХ-ын сонгуульд намуудын мөрийн хөтөлбөрийг үнэлэхдээ ОУ-д өр тавихгүй энэ өрөөс төлж эхлэх улс төрийн намыг түүний гүшүүдийг сонгоцгоое ард түмээн бидний ирээдүй эх орноо алдаж болно