Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны аравдугаар сарын 19-нд боллоо.

Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах хууль тогтоомжийн давхардал, зөрчлийг арилгана

Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны захирамжаар байгуулагдсан “Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлаар санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд төрийн үйлчилгээ авах, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж буй асуудлаар тус ажлын хэсгээс гаргасан дүгнэлтэд,
-Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох (Хөрөнгө оруулалтын босго үнэ өндөр, Гадаадын хөрөнгө оруулалтай хуулийн этгээдийн эцсийн өмчлөлийг тогтоож бүртгэхэд хүндрэлтэй, нотлох баримтын үнэн зөвийг шалгах боломжгүй байдаг)
-Шийдвэр, тогтоол бусад бичиг баримт нь гадаад улсаас баталгаажиж ирэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан 15 хоногийн хугацаа хэтэрсэн байдаг
-“Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үнэлэх, тооцох, тусгай зөвшөөрөл шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах аргачлал” ойлгомжгүй
-Гомдол, маргаан шийдвэрлэлт удаашралтай, хугацаандаа шийдвэрлэгддэггүй, тодорхой хариу өгдөггүй
-Иргэний эрх зүйн маргаан эрүүгийн хэрэг болох тохиолдол нэмэгдсэн
-Цагдаа прокурорын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хөрөнгө оруулагчийн баталгаа хангадаггүй, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зохицуулалт хангалтгүй         
-Арбитраар шийдэгдсэн маргаантай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэл удаан байдаг гэхчлэн гарчээ.
Ажлын хэсгийн дүгнэлт, саналтай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журамд гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн бүртгэлийн нарийвчилсан зохицуулалтыг бий болгох, хууль тогтоомжийн давхардал хийдэл, зөрчлийг арилгахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгалаа.
Мөн хилээр нэвтэрсэн болон улсын бүртгэл, нийгмийн даатгал, татварын байгууллагад бүртгэгдсэн гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдтэй холбоотой дундын мэдээллийн сантай болох ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.
 
Допингийн эсрэг үндэсний дүрмийг баталлаа
 
Допингийн эсрэг үндэсний дүрмийг баталж, тус дүрмийг үйл ажиллагаандаа мөрдүүлж ажиллахыг спортын байгууллагуудад зөвлөлөө.
Дүрэм батлагдсанаар үндэсний хэмжээнд тэмцээний болон тэмцээний бус үеийн допингийн хяналт явуулах, спортын байгууллагууд допингийн эсрэг хяналтын нэгдсэн дүрэм мөрдөж, үр дагаврыг тооцох, улмаар маргаан үүсэхгүй байх боломж бүрдэнэ. Мөн оролцогч талуудын чиг үүрэг, хэрэгжүүлэх ажил, салбар байгууллагын уялдааг хангах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна. 

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “"Өргөө" амаржих газрын асуудал олон нийтийн дунд ил болж, захирал ажилчдын хоорондын зөрчил, салбарын асуудлыг хөндөх үндсэн шалтгаан болж гарч ирснийг хэлэх нь зүйтэй.

"Өргөө" амаржих газарт болсон үйл явдалтай холбоотойгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж эхэлсэн. Уг гарсан асуудал нь үйлдвэрчний эвлэл, ажилчид, удирдах баг бүрэлдэхүүний хооронд гарсан зөрчлийн улмаас үүдэлтэй гэж урьдчилсан байдлаар ойлголт авч ажиллаж байна.

Засгийн газраас энэ асуудлыг салбарын хэмжээнд харах нь зүйтэй гэж үзсэн. Тэр дундаа эх, хүүхдийн эрүүл мэндийн эмчилгээ, сувилгааны чиглэлээр ажилладаг эмнэлгүүдэд түлхүү анхаарал хандуулна. Мөн салбарын хэмжээнд хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулна.

Эмнэлгийн эмч, ажилчдын хувийн эмнэлэг буюу сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлуудыг шалгаж нэг мөр болгох асуудлаар миний бие АТГ-т хүсэлт тавьсан" гэлээ. 

2022 оны есдүгээр сарын 1-31-ний өдрүүдэд 11-11 төвөөр дамжин эрүүл мэндийн салбартай холбоотой гомдол, санал нийт 331 иргэнээсирсэн. 278 иргэний гомдлыг зарчмын дагуу шийдвэрлэжээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "МХЕГ 20 жилийн хугацаанд өөрийн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлсээр ирсэн ч цаашид өөрчлөн шинэчлэх шаардлагатай байгаа гэж үзэн холбогдох хуулийн төслүүдийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн. 83 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, нэг хуулийн төслийг шинээр бичиж, 2023 оны төсвийг дагалдуулан өргөн барьсан. 

Мэргэжлийн хяналтын байгууллага нь 26 чиглэлийн хяналтыг хийдэг, 1,600 гаруй албан хаагчтайгаас гадна мэргэжлийн яамдад давхардсан тоогоор 1,400 байцаагч мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг явуулж байгаа нь бодитой болсон. Энэ нь хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн зүгээс төр давхардсан хяналт шалгалтаар бидний үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна гэх гомдлын үндэслэл гэж үзсэн" гэлээ. 

МХЕГ-ыг татан буулгаснаар салбарын хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор 800 гаруй албан хаагч яамдад хуваарилагдаж ажиллах юм байна. Ингэснээр 300 орчим ажлын байрыг хэмнэнэ гэв.

Түүнчлэн ЗГХЭГ-ын дэргэд Засгийн газрын дотоод хяналтын агентлаг байгуулагдана. 

Засгийн газрын гишүүд мэдээлэл хийх үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Хөтөлийн цемент шохойн үйлдвэртэй холбоотой мэдээлэл өглөө.

Тэрбээр "Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг төр Хөгжлийн Банкны асуудалтай холбогдуулан хурааж авах, байгуулсан гэрээгээ цуцлах, цаашдаа цемент буюу стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүний үнийг барих чиглэлд анхаарал хандуулж байгаа. Одоо богино хугацаанд хэвийн байдалд оруулахаар ажиллаж байна.

Бид хувийн үйлдвэрүүдтэй тэмцээд байгаа хэрэг биш. Хувийн үйлдвэрүүд хүлээсэн үүргээ биелүүлж олон нийтийн өмнө үнийн тогтвортой байдлыг хангаж байх чиглэлийг барьж ажиллаж байгаа.

Засгийн газрын зүгээс Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр, Эрдэнэт үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэрэг томоохон стратегийн ач холбогдолтой компаниудыг зөв голдиролд оруулах, цаашлаад олон нийтийн компани болгох чиглэлээр ажиллана" гэв.