Кино урлагийн шилдгүүдийг тодруулах “Academy awards Mongolia 2014” наадам тун удахгүй болох гэж буй. Уг наадмын зохион байгуулагчид “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Энэ жилийн кино урлагийн шилдгүүдийг тодруулах “Academy awards Mongolia” наадамд 2013 оны зургадугаар сараас 2014 оны зургадугаар сарын 8-ны хооронд нээлтээ хийсэн шинэ уран бүтээлүүд өрсөлдөх бөгөөд одоогийн байдлаар өрсөлдөх бүтээлүүдийн бүртгэл үргэлжилж байгаа ажээ.   

Хэвлэлийн хуралд Урлагийн гавьяат зүтгэлтэн Х.Дамдин, Монголын үндэсний кино урлагийн академийн тэргүүн, найруулагч Б.Цогтбаяр болон тус академийн удирдах зөвлөлийн гишүүн, жүжигчин Н.Отгонтогос нар оролцлоо.  

Монголын үндэсний кино урлагийн академ нь 2008 онд байгуулагдсан бөгөөд шинээр дэлгэцнээ гарсан бүтээлүүдыг олонд түгээх, сурталчилах, уран сайхны, баримтат, богино хэмжээний киног кино архивт бүртгэж, шилдэг уран бүтээлчдийг тодруулж алдаршуулах зорилготой юм. “Academy awards Mongolia 2014” наадам зургадугаар сарын 13-нд “Монгол шилтгээ”-нд болох бөгөөд 10, 11-нд наадамд өрсөлдөж буй бүтээлийн үзлэг болох юм байна. Энэ удаагийн наадам нь дараах 18 номинацид шилдгийг тодруулна.

    Шилдэг кино Best picture
    Шилдэг эрэгтэй дүр
    Шилдэг туслах эрэгтэй дүр
    Шилдэг эмэгтэй дүр
    Шилдэг туслэх эмэгтэй дүр
    Шилдэг найруулагч
    Шилдэг зураглаач
    Шилдэг зураач
    Шилдэг хөгжим
    Шилдэг дуу
    Шилдэг монтаж
    Шилдэг дууны найруулагч
    Шилдэг зохиол
    Шилдэг дүрсний эффект
    Шилдэг нүүр будалт
    Шилдэг баримтат кино
    Шилдэг хөрөнгө оруулагч
    Шилдэг богино хэмжээний кино

Хэвлэлийн бага хурлын үеэр найруулагч Б.Цогтбаяр сэтгэгдлээ хуваалцлаа.

-Энэ удаагийн наадамд олон бүтээлүүд ирж байна. Нэг зүйлийг онцлоход их орлого олсон кино сайн бүтээл болоод, мөнгө бага олсон нь муу кино болчихож байгаа юм биш л дээ. Нууцгүй хэлэхэд, хүмүүс нийгмийн шинжтэй киног их үзэж байна. Монгол сэтгэлгээ, түүх харуулсан бүтээл хийхэд үзэгчид кино театрт ирж үзэхгүй байгаа дүр зураг харагддаг.  Үзэгчдийн 90-95 хувь нь хотын амьдралд дасч чадаагүй хөдөөний хүмүүс байгаа. Би доромжилж байгаа юм биш шүү. Өнөөдрийн байдлаар үнэн байдал тийм л байна. Тэгэхээр өрсөлдөж байгаа кинонуудын хувьд янз бүрийн төрөл жанрын, янз бүрийн сэдэвтэй кинонууд байна. Зарим нь үзэгчдэд хүрсэн, зарим нь төдийлөн сайн хүрээгүй бүтээлүүд ч байна. Сүүлийн үед уран бүтээлчид маань гадагшаа чиглэсэн уран бүтээл хийж байна. Миний харж байгаагаар бидэнд реклам л дутуу байгаад байгаа юм. Олон улсын форум, кино фестивалиудад кино урлагаа авч очих хэрэгтэй.