БШУЯ: Сурагчдыг цахимаар хичээллүүлэх хэмжээнд хүрээгүй байна
2022/11/25
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол улсын сайд Ж.Сүхбаатар цаг агаарын ноцтой үзэгдлийн үед сургууль, цэцэрлэгийг цахимаар болон нөхөн хичээллэх бололцоотойгоор зохион байгуулах арга хэмжээ авч ажиллах тухай албан бичгийг нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн.
ЭМЯ-аас өгч байгаа мэдээллээр улирлын шинжтэй томуу, томуу төст өвчлөл олон жилийн дунджаас гоц өндөр хэмжээг даваагүй, хөл хорио тогтоож, сургалтын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах шаардлагагүй байна.
Тодруулбал, Цаг агаарын ноцтой үзэгдлийн үед сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар болон нөхөн хичээллэх бололцоотойгоор зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгожээ.
Энэ асуудлаар ямар байр суурьтай байгааг нь Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалангаас сэтгүүлчид тодруулав. Тэрбээр "Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын хувьд хичээл, сургуулийг нэг ч өдөр хаамааргүй байна. Учир нь КОВИД-19-өөс шалтгаалж хоёр жил хичээл хаагдсанаас ихээхэн хоцрогдолтой байгаа. Хоцрогдлыг нөхөх гурван жилийн хөтөлбөр хэрэгжиж байна. Арванхоёрдугаар сарын 16-нд өвлийн амралт эхэлнэ.
Сургуулийг хаахаар түгжрэл багасдаг гэж ойлгож болохгүй. Түгжрэл ихсэнгүүт сургууль хаадаг, КОВИД-19 эхлэнгүүт сургууль хаадаг, карантин гэхээр сургууль хаадаг нь хуучинсаг сэтгэлгээ гэж харж байна" гэсэн юм.
Мөн цаг агаарын байдал, томуу, томуу төст өвчний нөхцөл байдал сурагчдын амралт эхлэх хүртэл хугацаанд ямар хүндрэл учруулж болох талаар нийслэлийн Боловсролын газраас хийж буйг тэрбээр хэлсэн юм.
Бид энэ талаар БШУЯ-ы Ерөнхий боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Б.Гантулгаас тодрууллаа.
Тэрбээр “Боловсролын тухай хуульд зааснаар ямар нэгэн цаг агаарын гамшигт үзэгдэл, цар тахал, цаашлаад ДЭМБ болон ЭМЯ-наас гаргасан хэмжээнд хүрэх хөл хорио тогтоох нөхцөл байдал үүсээгүй л бол боловсролын сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдах учиртай. Одоо ЭМЯ-аас өгч байгаа мэдээллээр улирлын шинжтэй томуу, томуу төст өвчлөл олон жилийн дунджаас гоц өндөр хэмжээг даваагүй, хөл хорио тогтоож, сургалтын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах шаардлагагүй байна. Өөрөөр хэлбэл сурагчдын амралт 12-р сарын 16-наас эхэлнэ. Тэр хүртэлх хугацаанд ямар өөрчлөлт гарахыг таамаглах боломжгүй ч одоогоор БШУЯ-аас хүүхдүүдийг цахимаар болон нөхөн хичээллэх өөрчлөлтийн шийдвэр гаргаагүй байна” гэлээ.
Боловсрол, шинжлэх ухааны яам 2022-2023 оны хичээлийн жилийн амралтын хуваарийг баталсан.
- I улирал- 2022.09.01- 2022.12.16 /Өвлийн амралт 2022.12.19-2023.01.27/
- II улирал- 2023.01.30-2023.03.24 /Амралт 2023.03.27-2023.03.31/
- III улирал- 2023.04.03- 2023.06.09-нийг хүртэл хичээллэнэ.
Зочин · 2022/11/26
Цахимаар хичээллүүлэх гэдэг бол шал худлаа чухамдаа боломжийн айлын хүүхэд сур борчуудын хүүхэд гэртээ зүгээр суу гэсэнтэй адил шийдвэр шүү эрхмүүд минь
DR. PRADHAN · 2022/11/25