Xэрцгийгээр хүний амь хөнөөсөн 11 настай хүүг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ
2022/11/25
Бага насны хүүхэд /11 настай/ Б нь 7 настай эрэгтэй Э-г олон удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн 13 настай эмэгтэй Э-г олон удаа хутгалж, биед олон тооны шарх үүсгэн онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт тус тус холбогдсон билээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх уг эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Б-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хутга хэрэглэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.
Эрүүгийн хуульд, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарыг “гэмт хэрэг үйлдэх үедээ 16 насанд хүрсэн” гэж заасан бөгөөд “Хүнийг алах” болон “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг”-ийн хувьд үйлдсэн этгээд нь 14 насанд хүрсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг.
Иймд, шүүхээс 11 настай байхдаа хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн Б-г “Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах насанд хүрээгүй” үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
Түүнчлэн, энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг шүүхийн шийдвэрт дурдаж, уг асуудлыг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
DR. PRADHAN · 2022/11/25
DR. PRADHAN · 2022/11/25
Иргэн · 2022/11/25
Эцэг эх асран хамгаалагч нь хариуцах ёстой
Санаатай хүн алсан хүн зүгээр л явж байна айн. · 2022/11/25
Яацан хууль шүүхтэй улс орон гэхээрээ ийм байдаг байна аа. Төрийн албаны гарууд нь том багагүй хулгайч нар бас зүгээр л яваад байх жишээтэй. Хүн санаатайгаар алсан хүн нь бас зүгээр л яваад л байдаг дампуу улс орон минь яандаа ..................