Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяа: Жагсагчдын хүсэл тэмүүлэл, зорилгыг хүндэтгэж байна. Тайван байгаарай
2022/12/05
Нүүрсний хулгайн асуудлаар иргэд бухимдлаа илэрхийлж, хариуцлага тооцохыг шаардан хоёр дахь өдрөө Төв талбайд жагсаж байгаа билээ.
Тэгвэл жагсагчдын шаардлагыг Ерөнхий сайдын ажлын албаны дарга, ахлах зөвлөх А.Ариунзаяа хүлээн авав.
Тус шаардлагад "Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүд, албан тушаалтны бүрэн эрхийг түдгэлзүүлэх, ёс зүйн хариуцлага хүлээлгэх, учруулсан мөнгөн хохирлыг барагдуулж, хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна. Уг шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд УИХ-ыг тараах хүртэл арга хэмжээ авна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт тус шаардлагыг хүргүүлнэ. Шаардлагын хариуг авч, ямар нэгэн шийдэлд хүрмээр байна. Ингэхгүй бол эмх замбараагүй байдал үүсэх нь. Зарим нэг газар ашиг сонирхлын зөрчилтэй асуудал үүсэж болзошгүй байна.
Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийг ил тод зарламаар юм. Цагдаагийн алба хаагчид иргэдэд битгий хүч хэрэглээсэй гэж хүсэж байна.
Түүнчлэн жагсагчид тус шаардлагад хариу өгөхгүй бол Төв талбайгаас явахгүй" гэсэн байна.
А.Ариунзаяа шаардлагыг хүлээн авсныхаа дараа "Жагсагчдын хүсэл тэмүүлэл, зорилгыг хүндэтгэж байгаа. Иймээс маш тайван зохион байгуулалттайгаар энэхүү үйл ажиллагааг явуулах хэрэгтэй. Саяхан гацуур шатааж, эмх замбараагүй байдал үүсгэх гээд байна. Тиймээс аль аль талаа хүндэтгээд нэгнийхээ үгийг сонссон, эмх замбараатай үйл ажиллагаа зохион байгуулахгүй бол хяналтаас гарах эрсдэлтэй. Тайван байгаарай.
Та бүхний шаардлагыг хүлээн авлаа. Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын Дарга Д.Амарбаясгалан та бүхэнтэй уулзана" гэлээ.