УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын нээлттэй сонсголыг арванхоёрдугаар сарын 21-ний 10:00 цагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Ерөнхий хяналтын сонсголыг

  • “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй офтэйк болон төлбөрийг урьдчилан авсан, ашигласан гэрээнүүдийн талаар
     
  • 2020-2022 онд улсын хэмжээнд ямар ямар аж ахуйн нэгж хэр хэмжээний коксжих нүүрс олборлосон, ямар аж ахуйн нэгж коксжих нүүрс тээвэрлэсэн, тэдгээр нь ямар хэмжээний орлого олсон
     
  • Монгол Улсын нийт боомтоор экспортолсон коксжих нүүрсний хэмжээ
     
  • Коксжих нүүрсний олон улсын зах зээл дээрх болон БНХАУ-ын үнэ болон Монгол Улсын экспортлох өртөг хоорондын хэт их зөрүүний учир шалтгааныг тодорхой сонсож, энэхүү зөрүү мөнгө нь хоёр улсын тодорхой этгээдүүдийн авлига, татвараас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлдэг эсэх
     
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд ямар хэлбэрээр ямар хэмжээний санхүүжилт гарган оролцсон, эдгээр төмөр замуудын 1 км тутмыг ямар хэмжээний өртгөөр барьж байгуулсан тухай зэрэг асуудлын хүрээнд зохион байгуулах нь зүйтэй гэж үзжээ.

Нүүрсний тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн С.Чинзориг даргалан явуулахаар болжээ.