Шатахууны үнэ тогтвортой байнаШатахууны импортын хэрэгцээний 70 хувиа ОХУ-ын дан ганц “Роснефть” компаниас хангадаг байсан үе өнгөрч энэ хувь хэмжээ 40 хүртлээ багассан.

Ямартай ч олон эх үүсвэртэй болсон учраас цаашдаа шатахууны хомсдол, үнийн савлагаа үүсэхгүй гэж албаны эх сурвалж үзэж байна. 

ОХУ-ын “Роснефть” компани Монголд нийлүүлэх шатахууны хилийн үнээ шинэчлэх асуудал өнгөрсөн сард яригдсан бөгөөд энэ сард мөрдөх үнийн саналаа ирүүлсэн байна.

Тодруулбал, энэ зургадугаар сарын хувьд, дизель түлш тонн тутамд 959 ам.доллар, АИ-92 автобензин 1036 ам.доллар, А-80 1007 ам.доллараар “Наушк” боомт дээр Монголын шатахуун импортлогч компаниудад нийлүүлэх ажээ. Өмнөх оны мөн үед дизель түлшийн хилийн үнэ гэхэд тонн тутамдаа 1360 ам.доллар байсан бол ийнхүү 400 орчим ам.доллараар буураад байна.

Энэ үнийн шинэ томъёоллыг ОХУ-ын Санкт-Петербург хотод өнгөрсөн сарын 22-24-ний өдрүүдэд болсон Эдийн засгийн чуулганы үеэр  шийдвэрлэсэн  юм. Тодруулбал, уг арга хэмжээнд Монголоос Газрын тосны хэрэг эрхлэх газрын удирдлагууд  төлөөлж ОХУ-ын “Роснефть” компанитай “Түлш-эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай протокол”-д гарын үсэг зурсан байна. Уг протокол энэ сараас хэрэгжиж эхэлж, шатахууны хилийн хямдарсан үнийг мөрдөхөөр боллоо. Гэсэн хэдий боловч “Роснефть” компанийн нийлүүлэх шатахууны хилийн үнийн хямдрал жижиглэнгийн үнэд нөлөөлөх болов уу гэдэг нь чухал. Энэ асуудалд Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Г.Өлзийбүрэн “Роснефтийн шатахууны хилийн үнэ буух нь манай жижиглэнгийн шатахууны үнийг буулгах нөхцөл бүрдүүлсэн ч ам.доллараар худалдан авалт хийдэг учир одоо төгрөгтэй харьцах ам.долларын ханш чангарсан үед үнэ төдийлөн буухгүй болчихоод байна” гэж тайлбарлаж байсан юм.

Сануулахад, шатахууны хилийн үнэ буух асуудал Монголд шатахуун нийлүүлж буй бүх компани, улсуудын хувьд хэрэгжихгүй, зөвхөн “Роснефть” компанийн хүрээнд яригдана. Монголын шатахууны импортын хэрэгцээний хувьд ОХУ-ын дан ганц “Роснефть” компаниас гэхэд 70 хувийн хамааралтай байсан бол одоо энэ хувь хэмжээ багасч, 40 хувь болсон байна.  Шатахуун  импортоор одоо ОХУ-ын  Роснефть компаниас 40 хувь, ОХУ-ын Дитэко компаниас 20 хувь,Беларусь улсаас 15 хувь, БНХАУ,БНСУ-аастусбүр 6 хувийг, үлдсэн шатахууныг Япон, Сингапур, Латви, улсуудаас авч байгаа ажээ. Ямартай ч олон эх үүсвэртэй болсон учраасцаашдаа шатахууны хомсдол, үнийн савлагаа үүсэхгүй гэж үзэж байна.