Ш.Раднаасэд: ₮40 их наядын хулгайг гудамжнаас хийж чадахгүй. Ордон дотроос л зохион байгуулна

Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон 17 хүний нэрийг өчигдөр Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас зарласан. Үүнтэй холбоотойгоор нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын таван гишүүн мэдээлэл хийж байна. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Гэм зэмгүй, дарга нарыг дагаж далжганадаггүй, таныг дэмжиж байна гэж илүү дутуу юм ярьж өрөө тасалгаагаар нь орж явдаггүй. Номхон тэмээг ноолоход амар гэдэг шиг бидний нэрийг зарлаж байна. Миний авсан мэдээллээр прокурор болон хуулийн байгууллагаас нэр гараагүй. Энэ бол намаас өгсөн нэр юм байна. Үүний учир байдлыг нэр зарласан хүмүүсээс нь бид орж шалгая, ямар учиртай зүйл болоод байгааг нь асууя. Бодит үнэнийг шалгах гэж байгаа бол шалга. Харин шалгаж чадахгүй бол АТГ өөрөө татан буугдах ёстой.

Талбай дээр 8, 9 хоног зогсож байгаа ард иргэдийн уурыг намжааж, жагсаалыг тараахын тулд нэр зарласан болж байгаа бол эндүүрч байна. Өмнө нь олон удаа ийм юм болсон. Энэ бол танил сценар. Хөөн хэлэлцэх хугацаа, өмд гутал, ЖДҮ гэх мэт. Би үүнтэй холбоогүй. Тэр болгонд дуугүй байсан. Цаг хугацаа үнэнийг харуулах болов уу гэж бодож явдаг байсан. Одоо бол хэтэрч байна. Аливаа юманд хязгаар гэж байдаг. Тиймээс энэ байдлыг тодруулъя гэж АТГ-т бид ирж байгаа.

Ямар нэгэн байдлаар биднээс мэдүүлэг авч байж яллагдагч, сэжигтнээр татах ёстой. Өнөөдөр тийм үйлдэл нэг ч хийгээгүй. АТГ-аас нэг ч дуудаагүй. Энэ байгууллага битгий хэл үүнтэй холбоотой асуудлаар хэн ч хэзээ ч бидэнтэй ярьж байгаагүй" гэлээ. 

Мөн тэрбээр "Эрдэнэс Тавантолгойн Б.Ганхуяг гэдэг хүнийг би зүс мэднэ. Гэхдээ тэр хүнтэй уулзаж, учирч ярьж явсан тохиолдол надад нэг ширхэг ч байхгүй. Шинэчлэлийн хороо нэрээр явж байхад нь нэг уулзаж байсан. Яг үнэндээ Т.Аюурсайханы л хүн, түүнтэй нийлж явсан. Одоо Т.Аюурсайханы туслах зөвлөхүүд нь бүгд баригдсан байгаа биз дээ. Яг энэ жинхэнэ хулгайчдаа зарлахгүй байгаа юм. Тавантолгойн хөрс хуулалт, тээвэр нүүрснээс эхлүүлээд олон багц асуудал дээр хулгайч нарыг бүгдийг нь зарлах ёстой. Тэрийг нь хэн бэ гэдгийг ч мэдэж байгаа.

Ер нь 40 их наяд төгрөгийн хулгайг хийвэл гудамжнаас хийж чадахгүй. Тэр ордон дотор хийнэ. Ордон дотроос энэ хулгайг зохион байгуулна. Тийм учраас ордон дотроос хулгайг хайх хэрэгтэй" гэв. 

Н.Наранбаатар: Хулгайч нарыг далдлахын тулд өмнө нь бид нарыг гаргаж хаяж байгаа юмуу учрыг сайн олохгүй байна

Нүүрсний хэрэгт нэр холбогдон нэр нь зарлагдсан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Би өнгөрсөн дөрвөн жил Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Өмнөговь аймагт Тавантолгойн уурхай үйл ажиллагаагаа явуулдаг, Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт байдаг болохоор намайг холбоотой байж магадгүй гэж нэр оруулсан байх. Би эдгээртэй ямар ч холбоо байхгүй.

Ганболд гишүүнээр ахлуулсан Түр хорооны хаалттай хуралдаанд ороод гараад ирсэн миний нэрийг зарласан байна лээ. Бодвол төв талбай дээр жагсаж байгаа иргэдийг нэр гаргаж ир гэхээр хаяж байгаа байлгүй гэж харж байгаа. Дуудаж, асуусан, холбогдсон юм байхгүй. Одоо АТГ руу орж асууя.

Миний хөрөнгө, орлого өссөн юм байхгүй.

Хулгайч нарыг далдлахын тулд өмнө нь бид нарыг гаргаж хаяж байгаа юмуу учрыг сайн олохгүй байна. Үндэслэлийг нь мэдэх юм алга.

Эрхэт монгол группийг үүсгэн байгуулагч Х.Мандахбаярыг мэдэхгүй, нэр нь орчихсон байсан.

Өмнөговь аймгийн бүх дарга, гишүүдийг жагсаалтад оруулсан байсан. Нүүрсний хулгай, офтэйк гэрээ нь намайг ажиллаж байх үед хийгдсэн, цаг хугацааны хувьд тэгж таарч байгаа юм байна лээ.

Том Тавантолгойд хийгдсэн офтэйк гэрээ Өмнөговь аймагтай ямар ч хамаагүй, тус компанийн оффис нь Улаанбаатарт байдаг, 100% төрийнх. Захирал нь Өмнөговьд суудаггүй, ТУЗ нь дээрээсээ томилогддог, захирал, дарга нар нь дээрээ байдаг. Офтэйк гэрээ нь дээрээ л хийгддэг" хэмээн ярилаа.

 

Ц.Анандбазар: Нүүрсний хулгайн мөнгөөр иргэдийн ипотекийн зээлийг төлүүлнэ

Нүүрсний хэрэгт холбогдсон асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Монголын ард түмэн ядуу амьдралтай байхад ийм том хулгай байж болохгүй. Цаашид удаан үргэлжлэх байх. Бид тав нэр төрөө сэргээлгэж авъя гэж бодож байгаа. Ард түмэнтэйгээ нийлнэ. Тэгээд нүүрсний хулгайч нарыг бүгдийг нь илрүүлнэ. Нүүрсний хулгайн мөнгөөр иргэдийн ипотекийн зээлийг төлүүлнэ. Ийм хуулийн төслийг ирэх жил өргөн барина. Нүүрсний хэрэгтэй огт хамаагүй гишүүдийн нэрийг зарласан нь их авьяас байх гэж бодож байна. 

Бид тав дотор нүүрстэй холбоотой хүн байхгүй. Долдугаар ангиасаа хойш нүүрсний талаар мэдэхгүй гэж хэлснийг зарим хүн инээдэм болгож байна. Бизнес эрхэлдэг хүнд эрхэмлэдэг зан чанар, нандин зүйл гэж бий. Би өөрөө бурхны шашинтай. Хулгай гэдэг зүйлийг үнэхээр үзэн яддаг. Тиймээс ард түмэнтэйгээ нийлээд нүүрсний хулгайг илрүүлэх бүлэг байгуулна. 

Ард түмэнтэйгээ хамтарч тэмцээд жинхэнэ хулгайчийг гаргаж ирнэ. Ард түмний амьдрал хэцүү байгааг эхнээсээ би ярьсан. Ингээд л намайг Сүнээ гээд янз бүрийн хүмүүстэй холбосон. Энэ бол цаанаасаа захиалгатай. Жинхэнэ хулгайчийг олох гэсэн ард түмний итгэлийг мухардуулж байгаа зүйл. Ингэлээ гээд бууж өгөхгүй.

Алдсан боломжийг ард түмэндээ авчрахын төлөө тэмцэнэ. Унтаж байгаа баавгайг сэрээсэн хулгайч нар өөрсдөө гомдох цаг ирнэ. Унтаж байгаа баавгайг сэрээх нь үүрээ эвдүүлэх аюултай гэсэн Орос ардын үг байдаг.

Нүүрсний хулгайтай тэмцэх ажлын хэсэг байгуулагдангуут энэ асуудал гарч эхэлсэн. Энэ ажлын хэсгийг үр дүнтэй ажиллуулах нь чухал. Шударга хөдөлмөрлөдөг хүн Монголд хэд байна вэ? Нүүрсний хулгайн хэрэг дээр зөв тэмцэх ёстой. Илрүүлэхгүй бол бүгдээрээ хохирно. Та бүхэн бас мөнгө төгрөгт битгий автаарай.

Хэдэн арван их наядаар нь хулгайлсан хүн хэнийг ч худалдаж авч болно. УИХ-ын хамгийн нэр цэвэр таван гишүүний нэрийг яагаад цохож байгааг гайхаж байна. Энэ бол зориулалттай жүжиг.

Магадгүй УИХ-ын сонгууль эхэлсэн байх гэж ярьж байна. Жишээ нь Булганд Д.Сарангэрэл гишүүн тухайн аймагт дэвшинэ гээд сайд болонгуут аравхан хоногийн дотор намнаж байна. Б.Болор-Эрдэнэ дэд сайдыг бас унагасан. Булганд их хүчтэй гар бидний эсрэг явж байна. Ямар хүн байгааг гайхаж байгаа.

Булганд нэг ч нүүрсний уурхай байхгүй. Миний хувьд нүүрсний уурхайг огт сонирхдоггүй. Нэг ч лиценз, нэг ч компанийн хувьцаа эзэмшдэггүй. Уул уурхай хийхгүй гэж амлаж гарч ирсэн хүн. Тиймээс энэ хулгайч нарыг олж, ард түмнийхээ ипотекийн зээлийг төлүүлнэ" гэлээ. 

Б.Баттөмөр: Үнэндээ жинхэнэ хулгайчид "Тавантолгой" ХК-ийн захирлуудаас эхлээд цаана нь байж байгаа

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Би нам дотроосоо хамгийн анх авлигал гэдэг зүйлийг ярьж, гаргаж тавьж байгаа хүн. Авлигал хаана их байна, тэнд хөгжил сул байдаг. Монголын авлигал ардчилагдсан буюу ил тод болчихсон гэдгийг би анх хэлсэн.

Мөн миний ярьдаг нэг зүйл бол далд эдийн засаг. Монгол Улсын эдийн засагтай тэмцэх хэмжээний далд эдийн засаг урд хил дээр байна гэж Ерөнхий сайд ч хэлсэн. Энэ бол үнэн. Ийм далд эдийн засаг дотор нүүрсний хулгай байгааг ил болго гэж би байнга ярьдаг. Гэтэл надад үүний төлөө сануулга өгөх гэж байгаа юм уу гэмээр энэ асуудалд миний нэрийг холбож байна.

Би Тавантолгой гэдэг газрыг хаана байдгийг ч мэдэхгүй. Хэрвээ очихоор бол хүнээр л заалгаж очно. Тэр хулгай нүүрлэчихсэн Эрдэнэс Тавантолгойн оффис хаана байдгийг ч мэдэхгүй. Захирал Б.Ганхуяг гэж хүнийг нь зүгээр л зүс танина. Түүнээс биш уулзаж байгаагүй. Надад хийсэн гэрээ байхгүй, би машин явуулдаггүй. Яагаад би үүнд холбогдчихсоныг мэдэхгүй байна.

Хүний нэр төрд ингэж халдаж байгаа бол асуух хэрэгтэй. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тэмдэглэсэн компанийн эзэмшилд Өмнөговийн Цогтцэцийд 2-3 шатахуун түгээх станц байдаг. Тухайн станцаас тэнд төмөр зам тавьдаг компаниас эхлээд хүмүүс автомашинууддаа гэрээгээ хийгээд мөнгөө шилжүүлээд шатахуун авдаг. Энэ бол зүгээр л өдөр тутамд байдаг бизнесийн харилцаа. Өөр надад юу ч байхгүй. Хэрвээ би тэнд машин явуулдаг, хулгай хийсэн асуудал байвал шууд хариуцлага хүлээнэ. УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзэнэ" гэв.

"Зүгээр гудамжны хөдөлгөөнийг дарж, амыг нь хаахын тулд хэдэн хүний нэр гаргаж байна"

Үргэлжлүүлэн "Хулгайг илрүүлэхийн төлөө хэлж ярьсан болохоор амыг нь хаахаар эсвэл 2024 оныхоо сонгуультай холбоотой ингэж байна уу. Ийм зүйлтэй хатуу тэмцэнэ. Хулгай хийсэн гэж үзэж байгаа бол ямар хулгай хийснийг нэр дурдагдсан хүмүүст нь хэлэх хэрэгтэй. Үнэндээ жинхэнэ хулгайчид "Тавантолгой" ХК-ийн захирлуудаас эхлээд цаана нь байж байгаа.

Казахстанд орон сууцны хороолол барина гэж байгаа нь ч ойлгомжтой. Нүүрсээ цаашаа гаргаад тэр мөнгөөрөө барилгын материал аваад Казахстанд орон сууцны хороолол барьж байна гэж бичээд л байна.

Дахин хэлэхэд, би Б.Ганхуяг гэдэг хүнтэй нэг ч удаа уулзаж байгаагүй. Зүгээр ийм хүн байдаг гэж зүс л мэднэ. Бас тэр Б.Ганхуяг гэдэг хүн бидний нэрийг нэрлээгүй байх гэж бодож байна. Зүгээр гудамжны хөдөлгөөнийг дарж, амыг нь хаахын тулд хэдэн хүний нэр гаргаж байна" гэлээ.

 

Ц.Сэргэлэн: 2012 онд байгуулагдсан УИХ-аас Хилийн тагнуулын байгууллага болон Хилийн шалган нэвтрүүлэх албыг татан буулгасан

Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон 17 хүний нэрийг өчигдөр Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас зарласантай холбогдуулан УИХ-ын таван гишүүн мэдээлэл хийж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн “Хил хамгаалах ерөнхий газрын харьяанд Хилийн тагнуулын байгууллага байсан. Үүнийг 2012 онд байгуулагдсан УИХ-аас Хилийн тагнуулын байгууллага болон Хилийн шалган нэвтрүүлэх албыг татан буулгасан.

Миний бие ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй. Энэ асуудлын үнэн зөвийг хуулийн байгууллага тогтооно. Нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана.

Нэр төрд халдсан энэ хэргийг үнэлүүлж, мөнгөн дүнгээр тойргийнхоо зарим иргэнд гэр авч өгнө.

Үргэлжлүүлэн тэрбээр “2012 онд УИХ-ын сонгуулийн үеэр байгуулагдсан Засгийн газар Төрийн тусгай албадын дарга нарыг өөрчлөхөд би ажлаа өгсөн. Гомдоллоод байдаггүй. 2016 оны наймдугаар сар хүртэл ажилгүй байсан.

Үүний дараа үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, “Импайргаз Монголиа” ХХК-д ажилласан юм.

Тус компанийн хувьд байгалийн хий, газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулдаг. Нүүрстэй ямар ч холбоогүй. Намайг харлуулах зорилгоор мэдээ бэлтгэж, хэвлэлээр цацсан хүнийг би мэдэж байгаа. Цаг нь болохоор хэн болохыг хэлнэ. Тэр хүнд хандаж “Зүгээр байхад зүүгээр хатгаад байвал, зөрүүлээд тэвнээр хатгана" гэж хэлсэн.

Ямар хэргээр, ямар шалтгааны улмаас нүүрсний хэрэгт холбогдсоноо тодруулах зорилгоор АТГ-т ирээд байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа мөрдөгчид надаас нэг ч удаа мэдүүлэг аваагүй” гэсэн мэдээлэл өглөө.