"Нүүрсний хулгай руу ямар нэг нөлөөгүй хүмүүсийг түлхчхэв үү гэж хардаж байна. Хойно нь байгаа том хулгайч нарыг үлдээж болохгүй"
2022/12/15
Нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийлээ.
"Ямар нэг нөлөөгүй хүмүүсийг түлхчхэв үү гэсэн хардлага надад байгаа"
Тэрбээр “Монгол Улсын УИХ-ын чуулган өмнө нь байгаагүйгээрээ их тод чанга дугараад эхэллээ. Парламент ийм байх ёстой. Гадаа 10 гаруй хоног жагсаж байгаа иргэд, залуучуудын жагсаалын үр дүнд парламент ингэж амь орж байна.
Хоёрдугаарт, шийдэгддэггүй асуудлууд ч шийдэгдэж эхэлж байна. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон нөхдөд маш өгөөмөр байдлаар өмнө нь ханддаг байсан. Тиймээс ч төрийн ордон руу орвол хулгайгаа үргэлжлүүлээд хийгээд яваад байж болох юм шиг гинжин урвал өнөөдөр ингээд зогсож байгаа нь маш сайн зүйл болж байна. ХҮН-ын УИХ-ын гишүүний хувьд үүнийг дэмжиж байгаа. Хэрэв иргэд гудамжинд гарч, жагсаагүй бол ийм зүйл болохгүй байсан.
Түүнээс гадна өнөөдөр маш том хулгайнууд ил болж байна. Тодруулбал, улсын нууцад оруулаад хийчихсэн хулгай ил болж байна. Гэхдээ ямар нэг нөлөө байхгүй хүмүүсийг үүн рүү түлхчхэв үү гэсэн хардлага надад байгаа. Зарласан нэрс дунд дөнгөж шинээр гишүүн болсон хүмүүс ч харагдаж байна. Гэтэл авлига, албан тушаалын хэрэг, нүүрсний хулгай чинь өөрөө хамгийн эрх мэдэлтэй хүмүүсийг тойрч бий болсон нь тодорхой.
Үүгээрээ би нэр дурдсандсан таван гишүүнийг өмөөрч байгаа юм биш. Өмнө нь би бас Ж.Батзанданг шоронд ороход нь дуугарч л байсан. Хулгай бол шийдвэр гаргах түвшинд л байгаа. Одоо тэд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байна.
Миний хувьд, 40 их наядын талаар шүгэл үлээж, иргэдийг талбай дээр гарч ирэх бас нэг нөхцөл нь болсондоо хариуцлагаа хүлээнэ. Гэхдээ Монгол Улсад тогтолцооны маш том өөрчлөлтийг бид хамт бодитойгоор авчирч байна.
АТГ-аас нэрийг нь зарласан УИХ-ын таван гишүүн илүү тодорхой чанга яриасай гэж хүсэж байна. Нийтээрээ үүнийг дэмжих хэрэгтэй. Яг ард талд нь жинхэнэ ямар хүмүүс байгааг хамгийн их мэдэж байгаа хүмүүс нь эрх баригчдын дунд байгаа УИХ-ын таван гишүүн. Тиймээс тэдний ярих эрх чөлөөг нь өгөх ёстой" гэв.
"Урдаа жараахайнуудаа зогсоочхоод хойноо үлдэж байгаа том хулгайч нарыг тоохгүй үлдээж болохгүй"
Үргэлжлүүлэн "Энэ хэрэгт жараахайнуудаа ил гаргаад л цаана нь акуулууд нь үлдчих гээд байна. Нийтийн анхаарал тэнд төвлөрөхгүй байна. Тухайлбал, хамгийн том хулгайч нь офтэйк гэрээ дээр байгаа. Энэ гэрээний цаана хамгийн их хөнгөлөлттэй нөхцөл авсан, дэлхийд байхгүй гэрээ хийсэн компани бол Бодь интернэшнл.
Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсөж байхад буюу COVID-19 цар тахлын үед энэ төмөр замыг барьсан нь үнэн. Ингэж барихдаа нөгөө төмөр замуудаасаа 3-4 дахин үнэтэй барьсан нь батлагдчихсан. Түүнчлэн нүүрсний үнэ нэг тонн тутамд дэлхийн зах дээл дээр сүүлийн гурван жил 190 ам.доллар байхад 60 ам.доллароор хийсэн байна.
Монгол Улсын сүүлийн 15 жилийн түүхэнд Ерөнхийлөгч дээр томоохон бизнесмэн нь очиж мөргөөд төслөө танилцуулаад тохиролцвол шууд улсын нууцад оруулчихдаг. Түүнийг нь Засгийн газар, Ерөнхий сайд нь ч мэддэггүйгээр явж ирсэн нь үнэн.
Шулуухан хэлэхэд, Ц.Элбэгдоржийн үед ийм гэрээг Г.Эрдэнэбилэг хийдэг байсан. Тэр үед Н.Алтанхуяг харагдах байдал нь л Ерөнхий сайд мөртлөө юу ч хийж чадахгүй, аргаа ядахдаа Чингис бонд, Самурай бонд гэж босгоод түүнийгээ ууж идээд явчихсан нь үнэн. Гэтэл ард нь ийм том асуудал нь нууцад үлдсэн.
Дараа нь Х.Баттулга Ерөнхийлөгч байхад Голомтын Д.Баясгалан гэдэг хүн гүйж очоод, хамгийн том хулгайг нь хийчихсэн нь үнэн байхад яагаад ярихгүй байна вэ. Яагаад энэ хүмүүсийн асуудал одоог хүртэл хуулийн байгууллагад шалгагдахгүй, нэр нь зарлагдахгүй байгаа вэ. Тэгсэн мөртлөө эрх мэдэл байхгүй, шинээр сонгогдсон гишүүдээрээ болон Ардчилсан Намын хэдэн гишүүнээр л туг тахиад явах нь шударга ёс биш. Үүнийг ХҮН нам үүнийг хүлээж авахгүй.
Ганцхан жишээ хэлэхэд, Түр хорооны ажлын хэсгийн хурал дээр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хүртэл 25 жил ажиллахдаа ийм гэрээ үзээгүй гээд тодорхой хэлж байсан. Би ч Сангийн яаманд 15 жил ажиллахдаа тийм гэрээ үзээгүй. Тийм гэрээ дэлхий дээр байхгүй.
Тухайлбал, тус гэрээнд ханшийн эрсдэлийг "Эрдэнэс Тавантолгой" ХХК хариуцна. Мөн нэг өдөр нүүрснийхээ төлбөрийг хийхгүй бол өмнө нь нийлүүлсэн нийт нүүрсний 20 хувьд нь алданги тооцно гэж тусгасан байна.
Өөрөөр хэлбэл, захиалагч гүйцэтгэгчийнх нь байр солигдчихсон. Мэдэж байгаа гуравхан субъект нь "Эрдэнэс Тавантолгой", "Бодь интернэшнл", хяналт тавих үүрэгтэй "Тавантолгой Төмөр зам" юм. Энэ гэрээг Засгийн газар, УИХ-ын гишүүн гээд хэн ч мэддэггүй. Ийм байдлаар хулгай бүр их хэмжээгээр хийгдсэн байна.
Бидний тооцоогоор хэрэв 60 ам.доллар бус зах зээлийнх нь үнээр тооцсон бол 190 ам.доллар байх байсан. Үүнээс зардлаа хасвал тонн тутмаас 90-100 ам.доллар халаасалсан байна. 40 их наяд гэдэг тоо цаашдаа ч өсөөд явах нь тодорхой. Энэ тухай би маргааш 12:00-14:00 цагийн хооронд өгнө.
Үүнийг ил болгохоор маш олон хүн бие биеэ барьж идэх гэж байгаа нь эрүүл. Үүний үр дүнд парламентын дархлаа унаж, Засгийн газар ганхахгүй. Ингэж нэг удаа сэгсэрч байж Монгол Улс хулгайнхаа ард гарч, хэрэгтэй хуулийн төслүүд УИХ-д орж ирж байна. Тиймээс бид буруу зүйл хийгээгүй. Гол нь урдаа жараахайнуудаа зогсоочхоод хойноо үлдэж байгаа том хулгайч нарыг тоохгүй үлдээж болохгүй.
Мөн хамгийн том бизнес хийгээд мундаг хүмүүс гээд алга ташаад байсан хүмүүс нь хулгай хийгээд байна. Тиймээс энэ бизнесүүдэд хариуцлага тооцох асуудлыг чангатгах хэрэгтэй. Гол нь ингэхдээ шударгаар бизнес хийгээд явж байгаа ААН-ийг нийтээр нь харлуулж болохгүй.
Бид ийм том хулгайг зогсоохын тулд ҮАБЗ дээр ямар аж ахуйн шинж чанартай, уул уурхайн салбартай холбоотой эсвэл дэд бүтцийн том төслүүдийг оруулаад улсын нууцад хамааруулж, тэнд шийддэг асуудлыг ор үндсээр нь зогсоох ёстой.
Мөн авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хүнийг амьдралд нь дахиж төрийн алба руу оруулж болохгүй гэдгийг одоо шийдэх ёстой.
Монгол Улс тогтолцооны өөрчлөлт хийхгүй бол хулгай зогсохгүй. Бурхан шиг очоод дараа нь чөтгөр болдог, мөнгө хараад хувирдаг ийм тогтолцоог өөрчлөхийн тулд бид сонгуулийн тогтолцоог өөрчлөх, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх, сонгодог парламент рүү орох зүйл өнөөдөр зайлшгүй чухал.
Монгол Улс хулгайгаасаа салъя гэвэл бид илүү судалгаатай, мэдлэгтэй, цаашдын алсыг харсан байдлаар тогтолцоогоо өөрчлөх зүг рүү хамтдаа явмаар байна. Тиймээс ХҮН-ын зүгээс жагсаж байгаа иргэддээ тодорхой мэдээлэл өгөх болно" гэлээ.
"Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад MCS-ийн Ж.Оджаргал хаан байсан гэдэг яриа ортой байх магадлалтай"
Мөн тэрбээр “ХҮН бол хүний эрх чөлөөг дэмждэг, баруун төвийн нам. Тиймээс бид бизнесүүд рүүгээ халдсан аливаа улс төржилтийг хөөсрүүлээд явах нь буруу гэсэн бодолтой байна.
Түүнчлэн Г.Эрдэнэбилэг Эрдэнэтийн 49 хувийг авахдаа өөрөө банктай байгаад бүх шилжүүлгээ тэр банкаараа дамжуулж явж байсан. Түүн шиг Эрдэнэт Тавантолгойн бүх гүйлгээ ганцхан банкаар дамжсан байгаа нь өөрөө эрсдэл.
Яагаад Х.Баттулга Хаан банк руу дайраад байсан бэ гэхээр санхүүгийн платформ хэрэгтэй байсантай холбоотой. Үүний цаана томоохон бизнес эрхлэгчид байна гэж бодож байна.
Мөн Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад MCS-ийг үүсгэн байгуулагч Ж.Оджаргал гэдэг хүн хаан байсан гэж бизнес эрхлэгчид ярьдаг байсан. Олны яриа ортой байх магадлалтай. Шалгах хэрэгтэй. Гол нь үндэслэлгүйгээр томорсон бизнесүүдийг тодорхой түвшинд хянаж, хариуцлага тооцох нь зөв" хэмээн сэтгүүлчийн асуултад хариулав.