“Нүүрсний” гэх хэргүүдийг шалгах тагнуул, цагдаа, авлигатай тэмцэх байгууллагын ажлын хэсгийнхэн өчигдөр орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК, “Тавантолгой транс” зэрэг компанийн хамаарал бүхий 10 гаруй оффист өчигдөр нэгэн зэрэг нэгжлэг хийж, шаардлагатай бичиг баримтууд хураан авсан юм.

Баттай эх сурвалжуудын мэдээлснээр хоосон машин хилээр гаргасан, нүүрсний хулгайн гэх хэрэгт прокурорын зөвшөөрөл, хяналтын дор нийслэлд 16, орон нутагт тав гээд нийт 21 объектод хууль сахиулах байгууллагынхан нэгжлэг хийж өчигдөр нэлээд орой дууссан гэнэ. Энэ ажиллагааны хүрээнд хэрэгт ач холбогдолтой 1000 гаруй хавтас, 60 000 хуудас санхүүгийн баримтыг хураан авсан байна.

Түүгээр ч зогсохгүй энэ ажиллагааны хүрээнд мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд улс хот хоорондын ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн Xu Tongsheng гэх хүний нэр дээр бүртгэлтэй Виржинийн арлуудын оффшор бүсэд байгуулсан компанийнх нь хамаарал бүхий “Монпорт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Г.Мөнхдөл, улс хоорондын ачаа тээвэр, ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, гадаад худалдааны чиглэлээрх, эцсийн өмчлөгч нь Hao Bin гэх хүний нэр дээр бүртгэлтэй “Зунмен” ХХК-ийн захирал Qi Xiaohua, “Ажнай корпорац” компанийн хөрөнгө оруулалттай “Тавантолгой транс” ХХК-ийн захирал Д.Дагвадорж нарыг шүүхийн зөвшөөрөлгүйгээр 48 цагийн хугацаатай саатуулжээ.