"Төлгөн коммунист"-ын тэмцэл...
2022/12/19
Гэгээ тасарчээ. Д.Сүхбаатарын талбай эрээн мяраан үзэгдэвч цаанаа л нэг эл хуль. Хүйтэн жавар хайрч, жихүүн салхи үлээнэ. "Хөрөнгийг нь хураа" гэсэн хөлдүү лоозон гунигтай харагдана. Чингисийн хөшөөний өмнө хөөсөнцөрөөр зассан нааран дээр дах, дэгтийгээр дулаалсан хэдэн хүн эгнэн сууна. Сөөсөн хоолойгоор хааяа нэг "Монголчуудаа нэгдээрэй..." гэх бөгөөд тойрч зогссон хэдэн хүн дор, дороо даган хэлнэ. Ажлын цаг таржээ. Гэр лүүгээ яарсан хүмүүс түргэн, түргэн алхалж, түгжирсэн машинууд хурдан, хурдан чагнаалдана. "Нүүрсний хулгайчдыг илчил" жагсаалын 13 дах шөнө эхэллээ. Халуун хоол дамжилсан хэдэн хүн ирэв. Морьтны хишиг явганд гэгчээр явуулын нэг нь гэдэс гараад зогссонгүй кимчи "сураглаж" байгаа дуулдана.
Ордны өмнөх хаалга онгойж өсгөгч барьсан хүн гарч ирэхэд жагсагчид сэргээд ирэв.
- Манайхаан, гарч ирэх нь...
Сайд гарч ирж жагсагчдад "ордны мэдээлэл" өгөв. Учирлав, тайлбарлав, загнав, хэрэлдэв...
Жагсагчид өөрсдийн байр сууриа илэрхийлэв. Бухимдав, шуугилдав, шүгэлдэв, шаардав...
- За жагсагчдын төлөөлөл болгож 5 хүний асуултанд хариулья.
Бухимдсан иргэд дор бүрнээ асуултаа "шидэцгээв".
Ямартай ч төр, иргэн хоёр тав, гурван үг солилцоод авав.
Хэдхэн хоногийн өмнөх Сүхийн талбайд хувьсгалын гал дүрэлзэх нь үү гэлтэй байлаа. Одоо тэнд ард түмнээ төлөөлсөн "аргалын цог" л уугиж байна. Үзэл бодолдоо хөтлөгдсөн "өнчин ботго" л буйлж байна. Толгодын цаанаас ингэ буйлхыг хүлээж төв талбай дээрээ одод тоолон хэвтэж байна.
Нүүрсний хулгайчдыг үзэн ядаж байсан тэр олон хүмүүс хаачив. Ард түмнээрээ овоглох дуртай "аав" маань хаачив. "Хамтдаа шүү" гэж хашгирч байсан "ээж" хаачив. Хоёрхон жилийн өмнө хошного долоож явсан 76 хаачив.
76-н дарга оочин сахалт хаачив. Хөлдүү талбайн "эзэн" хүчит аварга хаачив. Байгаагаас ЕС-ийн шүгэлдсэн нохдод хормойгоо уруулж яваа хуулийн сайд, хэзээ харихаа мэдэхгүй хүйтэн пилтаан дээр хэвтээ хэдэн залуус л байна.
Энэ жагсаал ер нь юу болов. Юу болж байна. Юу болох бол...
17 хүний нэр зарлалаа. Цаана нь хэд үлдэв? Зарим гэрээнүүдийг нууцаас гаргалаа. Бусдыг нь яах юм бэ? Авлига, албан тушаалын хуулийг чангаллаа. 20 жилээр яллаж чадах прокурор байна уу? Хойноо хаалгагүй, алхаа тогших шүүгч байна уу?
Эцсийн эцэст энэ тэмцлийн сүүлчийн ангид төр төлөөлж "төлгөн коммунист", ардыг төлөөлж арван хүн л үлдэв. Түүнд талбай дээр хонож буй арван хүнээс өөр "балиашиг" алга. Тэдэнд Х.Нямбаатараас өөр гартаа барих "бороохой" алга. Бусад нь бүгд ёолконд орцгоосон...
Ч.Явуухүү
sonin.mn