"Эрдэнэс Монгол" ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.  

Тэрбээр "2022 оны сүүлийн ажлын өдрийн мэндийг хүргэе. Ерөнхий сайдын зүгээс төрийн захиргааны байгууллагын түвшинд хариуцлагын тогтолцоог бодитой болгох хариуцдаг эзэнтэй байлгах чиглэлд тодорхой үүрэг чиглэл өгөгдсөн.

Энэ хүрээнд ЗГХЭГ-ын дэргэд Засгийн газрын дотоод хяналтыг хэрэгжүүлдэг газар байгуулагдаж, нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа явуулж эхлэхээр болсон. Үндсэн үйл ажиллагааны 70 хувь нь урьдчилсан тандалт судалгаа хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, иргэн төрийн хооронд үүсдэг асуудлуудын учир шалтгааныг судалгаа шинжилгээний орчинд тодорхойлох юм. Энэ ажлын бодит үр дүн богино хугацаанд гарна гэдэгт Засгийн газар эргэлзэхгүй байгаа.

Монгол Улсын төрд бүх шатаар дамжиж жилдээ давхардсан тоогоор 1.1 сая орчим гомдол санал хүсэлт ирдэг. Эдгээрийг өнөөдрийг байдлаар шийдвэрлэхдээ хариулт өгсөн өгөөгүй гэдэг байдлаар дүгнэж явж ирсэн бол цаашид ард иргэдийнхээ гаргасан санал хүсэлтэд өгсөн хариуны чанарын үзүүлэлтийг харгалзан үздэг болно. Мөн байгууллагуудын үр дүнд бодит үнэлэлт дүгнэлт өгдөг болно.

Монголын Хөрөнгийн Биржийн 34 хувийг олон нийтийн хяналтад шилжүүлэх үйл ажиллагаа эхэлсэн ба амжилттай явагдаж байна. Иргэд, зарим ААН-үүдийн зүгээс тус үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа. Хөрөнгийн бирж 30 гаруй жилийн дараа либералчлах үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлж чадлаа. Монголын Хөрөнгийн Биржийн үйл ажиллагаа цаашид идэвхтэй явж чадсанаар Монголын төрийн өмчүүдийг олон нийтийн хяналтад аваачих үйл ажиллагаа ганц төрийн зохион байгуулалтаар бус олон нийтийн хяналтад шилжсэн Хөрөнгийн биржийн үйл ажиллагаагаар зохион байгуулагдахаар болж байгааг хэлье" гэв. 

ВИДЕО: 

эрбээр, Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр гадаадад болон дотооддоо сурч, мэргэшсэн залуучууд сонгон шалгаруулалтад идэвхтэй оролцохыг уриалж байна. Монголдоо төрийн өмчит компаниуд дундаа хамгийн өндөр цалинтай байгууллага байх юм. Цалинг 4 үе шаттай олгоно.

  • Ахлах менежер буюу хуучнаар газрын дарга- 9-12 сая төгрөг 
  • Менежер- 6.5-8.5 сая төгрөг
  • Ахлах мэргэжилтэн- 4-6 сая төгрөг
  • Мэргэжилтэн- 2-4 сая төгрөгийн цалинтай байх ТУЗ-ийн шийдвэр гарсан. Багийн системээр үйл ажиллгаа явуулна. 

Ажлын байрны сонгон шалгаруулалтын бүртгэлийг 2023 оны 1-р сарын 2-16-нд явуулна. 20-21-нд тестийн шалгалт авна. 23-28-нд нүүр тулсан ярилцлага зохион байгуулж, 2-р сарын 1-нээс багаа бүрдүүлэн шинэ менежментээр үйл ажиллагаа явуулж эхэлнэ.  

Ажлын байрны нийтлэг шаардлага:

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй  
  • Ахлах менежер улсад 8-аас дээш жил ажилласан байх
  • Менежер нь улсад 5-аас дээш жил ажилласан байх
  • Мэргэжилтэнд ажилласан жилийн шалгуур тавихгүй
  • Хууль эрхзүй, хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудлаар тестийн шалгалт авна. Шалгалтыг ТАЗ-ийн шалгалтын системд суурилж явуулна гэв. 

“Эрдэнэс Монгол” ХК-д одоо 55 хүн ажиллаж байна. Үүнээс 14 хүний ажлын байр байхгүй болсон учир ажлаас чөлөөлөгдөх мэдэгдэл өгсөн. Гэхдээ эдгээр 55 хүн бүгд сонгон шалгаруулалтад оролцох эрх нь нээлттэй.