Н.Энхбаяр: Н.Багабанди гуай "Оюутолгой"-д ажиллаж байхаар УИХ-д зөвлөөд сууж байгаасай...
2023/01/27
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч Н.Энхбаяртай товч ярилцлаа.
1992 онд батлагдсан Үндсэн хуулийн эцэг нь Б.Чимид гуай гэдэг шиг энэхүү шинэчилэн найруулсан, 5 дахь гэгдээд байгаа Үндсэн хуулийн эхийг баригч нь та мөн үү?
Үгүй. Үүний эхийг баригч нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болоосой. Одоогийн намуудын дарга нар болоосой. Нэг хүн бус нийтээрээ энэ хуулийг оюун ухаанаа шавхаж, уралдуулж, заавал хэрэлдэж бус хамт сууж хийгээсэй гээд ШИНЭ нам,МҮАН, ИЗНН, МУНН гэсэн намууд харин үлгэр үзүүлж байгаа байхгүй юу. Заавал нэг, нэгээрээ нуруу, нуруугаа хараад явдаггүй юм байна. Хамтарч болдог юм байна гэдгийн үлгэр үзүүлж, бусдыгаа уриалан дуудах маягаар, нээлттэйгээр энэ Үндсэн хуулийг бүгдээрээ бүтээе гэж ажиллаж байна.
Би яахав туршлагатай, юм уншсан, бас тодорхой хэмжээнд энэ тал дээр олон жил судлан ажилласан хүний хувьд туслаж, дэмжиж, зоригжуулж, зөвлөх гэж ажиллаж байгаа юм.
1992 оны Үндсэн хуулийг сайн хууль. Харамсалтай нь бид энэ хуулиа ягштал мөрдөж, хэрэгжүүлж чадахгүй байгаагаас биш шинэчлэх шаардлага байхгүй гэж дүгнэдэг хүмүүс байна. Тэдэнд хандан та юу гэж хариулах вэ?
1992 оны Үндсэн хууль үүргээ биелүүлсэн. Тэр утгаараа бид энэ Үндсэн хуулийг тухайн үед яаруу дааруу, маш богино хугацаанд боловсруулж, хэлэлцэн, баталсан тэр хүмүүст байнга талархаж, баярлалаа гэж хэлэх ёстой. Энэ завшааныг ашиглаад би баярлалаа гэж хэлье. Нөгөө талаараа бол яг энэ Үндсэн хууль хэрэгжсэний улмаас л Монгол өнөөдөр ийм байдалтай байгаа хэрэг. УИХ төрийн эрх барих дээд байгууллага гээд биччихсэн учраас УИХ хэний ч хяналт үгүй байна. УИХ төрийн эрх барих дээд байгууллага юм чинь шүүхийнхээ, Засгийн Газрынхаа, орон нутгийнхаа гээд бүх юмныхаа дээр байгаад байна. Тиймээс УИХ өөрөө хяналтгүй болчихсон байна. Тэгэхээр харамсалтай нь харин ч Үндсэн хууль хэрэгжээд байгаа байхгүй юу. Тиймээс өнөөдөр бид энэ хэрэгжилтээс гарч байгаа муу үр дүнг засах ёстой.
Хоёр намын системийг хална гэж байна. МАН, АН-ыг тараана гэж ойлгож болох уу?
Үгүй, үгүй. Мэдээж шинэ Үндсэн хууль хэлэлцэгдээд ард түмэн батлах юм бол үүнийг дагаад Улс төрийн намуудын тухай хууль гарах байх л даа. Бүртгэл, гишүүнчлэл гээд олон асуудал яригдах байх. Намууд ч өөрсдөө хөгжих нь хөгжөөд, татан буугдах нь буугдаад, өөрсдийнхөө амьдралын жам ёсоор явах байх. Энд өнөөдөр харамсалтай нь ерөөсөө энэ хоёрхон намд үйлчилдэг тогтолцооноос болоод УИХ-д олонхи болсон нам нь хараа хяналтаас гарчихаад байгаа учраас зөвхөн хоёр нам ээлжилдэг, УИХ нь хараа хяналтгүй байдаг тогтолцоог өөрчилж олон намыг парламентад оруулья, олон намыг оруулж эвслийн Засгийн Газар байгуулья, хамтран ажиллая, улс төрийн намууд үзэл баримтлалаараа ялгараад хоёр том блок болоод бие биентэйгээ эрүүл саруулаар өрсөлдөж, бие биенээ хяная гэсэн л санаа. Ажил хэрэгч санаа.
Аймаг, орон нутгийг намаас ангид байлгая гэж байгаа нь намуудын орон нутаг дахь салбаруудыг хаана гэсэн үг үү?
Заавал тийм биш. Орон нутагт өөрөө удирдах ёсыг хөгжүүлэх юм бол энэ нь өөрийн эрхгүй намуудыг шахах байх. Яагаад гэвэл тэнд иргэд заавал намын үгэнд орохгүй, манай дүүрэг, сум, баг, хороонд ийм юм хэрэгтэй байна гэдгээ ярих байх. Мэдээжийн хэрэг үзэл баримтлал ойрхон улсууд бол хоорондоо холбогдоод тодорхой хэмжээний холбоо ч юмуу эсвэл эвсэл, эвлэл, нэгдэл байгуулаад ажиллах л байх л даа. Гэхдээ хүссэн хүсээгүй орон нутгийн өөрөө удирдах ёсыг жинхэнэ ёсоор нь гаргаж ирэхэд тэр орон нутгийн намын байгууллагуудын үүрэг, оролцоо багасна. Намын байгууллагууд бодлогоороо, үзэл баримтлалаараа, үнэт зүйлээрээ өрсөлддөг, мөн намынхаа сахилгыг хатуу барьдаг, ард түмэндээ амласан зүйлээ хэрэгжүүлдэг, амласан зүйл нь намынх нь үзэл баримтлалтай нягт холбоотой байх нөхцөл бүрдэнэ гэж бодож байгаа.
Арван мянган хүн нийлж, гарын үсэг цуглуулаад хууль санаачилж болно гэдэг заалт оржээ. Тэгвэл Оюу-Толгой, MSC зэрэг олон мянган ажилчидтай компаниуд өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлсэн хууль санаачлаад батлуулах гэж зүтгэвэл яах вэ?
Тийм муухай гэдэг ч юмуу, тийм сонин үзэгдэл гарч магадгүй. Тэгвэл тэр УИХ яах гэж байгаа юм. Санаачилсан болгоныг батлах албагүй шүү дээ. Нэг компанид зориулсан хууль байна, бид нар хэлэлцэхгүй. Бид үүнийг зөвшөөрөхгүй гээд шийдчихгүй юу. Харин энэ санааны цаана ямар нэгэн компани тэгж ажиллана гэдэгт би бол итгэхгүй байна. Харин зүгээр арван мянган жирийн малчид, тэтгэврийн хүмүүс, эмэгтэйчүүд, залуучууд, инженерүүд ч юмуу янз бүрийн хүмүүс арван мянгуулаа гарын үсэг зураад “татварын хуулийг өөрчилье, энэ арай дэндэж байна”, “ипотекийн хуулийг өөрчилье, энэ арай дэндэж байна”, “эрүүл мэндийн хуулийг өөрчилье” гэх мэтээр санал орж ирэх магадлал өндөр. Тэгэхээр тэд нарт хууль санаачлах эрх өгөхгүйгээр зөвхөн Ерөнхийлөгч, Засгийн Газар, УИХ-ын гишүүн санаачлана гээд өнөөдрийнх шиг хууль санаачлах асуудлыг зөвхөн 78 субъектэд өгчихөөд байгаа учраас хууль ерөөсөө амьдралаас ургаж гарахгүй байна, ард түмний шаардлагаар гарахгүй байна. Хууль явцуу эрх ашигт үйлчилсэн байдлаар гарч байна гэсэн шүүмжлэл байгаа.
Бид үүнийг эвдэж ард түмэн өөрсдөө арван мянган гарын үсэг цуглуулаад, хамтарч суугаад, төслөө боловсруулаад шууд хууль санаачлах эрхийг эдлээч ээ гэсэн үүд хаалгыг гаргаж өгч байгаа юм.
Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс хэрвээ өөрсдөө зөвшөөрвөл парламентад орж болно гэж байна. Энэхүү шинэчилсэн Үндсэн хууль батлагдчихлаа гэж бодоод танд ийм санал ирвэл та хүлээн зөвшөөрөх үү?
Би тийм амархан зөвшөөрөхгүй. Мэдээж хэрэг шууд зөвшөөрнө, зөвшөөрөхгүй гэж хэлж чадахгүй. Нөхцөл байдлаас шалтгаална шүү дээ. Амьд байх ч юмуу. Тийм үү? Тийм учраас өнөөдөр заавал миний амыг авах гээд л, би яг тэгээд зорьчихсон хүн шиг эсвэл үгүй гэж хэлээд л, буруу юм хийчихсэн юм шиг мэлзээд байх хэрэг байхгүй. Би бол харин П.Очирбат гуай орж ажиллаасай, Н.Багабанди гуай орж ажилаасай гэж бодож байна. Н.Багабанди гуай "ОюуТолгойн ТУЗ"-д ажиллаж байхын оронд УИХ-д ороод, зөвлөгөө өгөөд сууж байгаасай. Д.Бямбасүрэн, Д.Содном гуай нар орж ажиллаасай гэж бодож байна. Тэгэхгүй бол тэд маань хөөрхий өнөөдөр саналаа хэлдэг. Тэр нь маш гоё, зөв санал байдаг. Түүнийг нь зүгээр л радио, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага болгоод гаргадаг. Төрийн бодлогод ерөөсөө очиж хүрдэггүй. Гэтэл түүний цаана ямар их туршлага, алдаа оноо, хөлс нулимс, нойр хоолоо хассан сар өдрүүд, он жилүүд байгаа вэ гэдгийг хүмүүс мэдэхгүй байна шүү дээ.
Жагсаал цуглааны үеэр хүмүүс байнга ярьдаг даа. Эрдэмтэн, мэргэдээ түлхүү УИХ-даа оруулья гэж. Гэвч тэдгээр хүмүүс нь сонгогдож чаддаггүй. Тэдэнд боломж гаргаж өгч байна уу?
Тийм шүү дээ. Яг үнэн. Жинхэнэ гадна үлдсэн байгаа. Гэхдээ хэлэх юмтай, хийсэн юмтай, толгой нь ажилладаг, эх оронч сэтгэл нь зүрхэнд нь тэсэрч дэлбэрэх гээд цохилж байгаа хүмүүсийг УИХ-д оруулах сайхан гарц энэ хуулийн төсөлд байгаа.
Ярилцсан Ч.Явуухүү
Зочин · 2023/01/28
тэртээ тэргүй Багабандийн хэдэн гөлөг л төр барьж байна
zochin · 2023/01/27
schunalt Enchbayr amaa tat !!!