Х.Баттулга: Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах ажлыг би өөрөө хариуцвал босгож чадна
2023/02/08
“Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголоор Хөгжлийн банкнаас зээл авсан “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ТӨХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаа болон санхүүгийн зөрчлийн талаар хэлэлцэж байна.
Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтад Хөгжлийн банкнаас 2014 оны жилийн эцсийн байдлаар 8.1 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Үүнээс:
- Судалгаа шинжилгээний ажилд- 6 297.2 сая төгрөг буюу 6.3 тэрбум орчим төгрөг
- Хуулийн зөвлөх үйлчилгээнд- 604.8 сая төгрөг зарцуулсан нь нийт зээлийн 87.1 хувийг эзэлж байна.
Гэвч хяналт шалгалтын явцад Хөгжлийн банкны данснаас 1.8 тэрбум төгрөгийн зарцуулалт нь тодорхойгүй чекээр авсан зэрэг зөрчил байна. Хөгжлийн банкнаас олгосон санхүүжилтийн 28 хувийг Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтад зарцуулсан байх магадлалтай гэж тус төслийн санхүүжилтэд хяналт шалгалт хийсэн шинжээч дүгнэлтээ танилцуулав.
Тухайн үед ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга сонсголд оролцож, өөр байр сууриа хэллээ.
Тэрбээр, Энэ яг юу нь болохгүй байгаа юм бэ? Би ер ойлгохгүй байна. Засгийн газрын бодлогын хүрээнд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах ажлыг эхлүүлсэн.
Энэ ажилд 5 тэрбум орчим долларын хөрөнгө оруулах ёстой. Монгол Улсын Засгийн газар 34 хувийг санхүүжүүлнэ. Үлдсэнийг гадны хөрөнгө оруулалтаар шийдэхээр төлөвлөсөн.
35 мянган га газарт байгаль орчны үнэлгээ хийсэн. Энэ бол тийм амар ажил биш. Дэд бүтэц буюу логистик, авто зам, төмөр замаа барьсан. Усаа олсон. Юун татан буулгах асуудлыг яриад байна вэ?
Энэ ажлыг би өөрөө хариуцаад ажиллавал босгож чадна. Би Монгол Улсад аж үйлдвэрийн парк байгуулах ёстой гэсэн итгэл үнэмшилтэй хэвээр байдаг. Энэ ажлыг жадлан эсэргүүцдэг хүн бол Ч.Хүрэлбаатар.
Монголчууд Эрдэнэт үйлдвэрээс хойш анх удаа үйлдвэр байгуулах гэж ажилласан оролдлого шүү. Алдаа оноо байсныг үгүйсгэхгүй.
2015 оноос хойш энэ төслийг АТГ-аас шалгаад олон хүнийг шоронд хийсэн. Тэр үед ажиллаж байсан бүх хөрөнгө оруулагчийг бутаргаад явуулсан. Одоо тэгээд яах вэ? Ажлын байрыг массаар нь бий болгодог зүйл бол аж үйлдвэр шүү! Уулзаад ярья л даа, хэдхэн монголчууд асуудлаа ойлголцоод ажлаа явуулж болдоггүй юм уу? гэв.
Зочин · 2023/02/08
Энэ Хүрэлбаатар гэж буруу гарын хачин хүн шигээ. Мэргэшсэн хулгайчаараа дуудагддаг бүр нотлох баримтаар шүү, гэтэл одоо задлан эсэгүүцдэгээрээ дуудагддаг боллоо