Х.Нямбаатар: Гэмт хэрэгт шалгагдаж байгаад АНУ-д очоод эргэж ирээгүй хүмүүс бий. Тэдний гадаад паспортыг хүчингүй болгоно
2023/02/08
Эх орондоо гэмт хэрэгт шалгагдаж байгаад АНУ-д очоод эргэж ирээгүй тодорхой тооны хүн бий. Эдгээр хүнийг авч ирэх шувуу ажиллагааг явуулна хэмээн Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдлээ.
Энэ талаар тэрбээр "Монгол Улс дэлхийн 23 улстай 36 төрлийн эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээ байгуулсан байдаг. Эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээ нь эрүүгийн болон иргэний хэрэгт харилцан туслалцах, ялтан шилжүүлэх, шүүх, арбитрын шийдвэрийг харилцан хүлээн зөвшөөрөх зэрэг төрөлтэй.
Манай улс авлигын эсрэг олон улсын конвенцод нэгдсэн, интерполын гишүүн. Энэ хүрээнд эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээ байгуулж амжаагүй улс орнуудтай тухайн улсад орогнож байгаа, эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа оргон зайлсан хүмүүсийг шилжүүлэн авч ирэхэд хамтран ажиллах бүх талын арга хэмжээг эхлүүлсэн гэдгийг хэлье.
Өчигдөр АНУ-ын Төрийн департаментын Төрийн нарийн бичгийн даргын орлогч, хатагтай Узра Зэяатай уулзаж энэ чиглэлээр харилцан яриа өрнүүлсэн. Гэмт хэрэгт шалгагдаж байгаад АНУ-д очоод эргэж ирээгүй тодорхой тооны хүн бий. Эдгээр хүний дипломат болон энгийн паспортыг хүчингүй болгох, харилцан мэдээллүүдийг IACA-гийн гишүүн орнуудад хүргүүлэх ажлыг зохион байгуулна.
Интерполын гишүүн орны хувьд харилцан хүлээсэн үүргийнхээ хүрээнд оргон зугтсан хүмүүсийг шилжүүлэн авах хүсэлтийг өгнө. Энэ нь авлигын эсрэг шувуу ажиллагаа" гэв.